| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0646/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/687 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Н.Э-д холбогдох эрүүгийн 1811019810724 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харчин овгийн Н.Э, 1995 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Монкор ХХК-д түр ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 4-54 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТА95040317.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сагс тоглохдоо бохир тоглосон гэх шалтгаанаар О.Ууганбаганы зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө бүгдийг мэдүүлсэн. Одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байрныхаа гадаа найз Түвшинтулга, Наранхүү нартай цуг шийдэн дээр сагс тоглохоор болсон ба тэнд тоглож байсан хүүхдүүд дээр дараачийн баг гээд Түвшинтулга, Наранхүү нартай нэг баг болж тоглосон ба бид нартай үл таних 20 орчим насны 3 эрэгтэй хүүхэд тоглосон. Би саарал хар өнгийн жинстэй цагаан өнгийн 2к15 билүү 2к14 пүүзтэй дээгүүрээ цагаан фудволктой залууг хамгаалж тоглож байсан чинь тэр хүүхэд гэнэт хүрч ирээд яаж хамгаалаад байгаа юм бэ гэнгүүтээ намайг баруун гараа атгаж байгаад зүүн шанаа руу нэг удаа цохсон. Тэр танихгүй хүүхэд намайг цохих үед манай хоёр найз хоёулаа харж байсан бас нөгөө намайг цохидог хүүхдийн багт тоглож байсан хоёр хүүхэд харсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эгчтэй хамт явж үзүүлсэн чинь зүүн талын эрүүний яс хугарсан байна гэж байсан...” гэжээ /хх-9-10х/.
Гэрч Д.Сүхболд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 19 цагийн үед гэрээсээ гараад бөмбөгөрийн замын урд талд байран дунд байрлах сагсны талбай дээр сагс тоглох гэж байхад Э ах ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо тоглож байхад 3 эрэгтэй хүүхэд ирсэн, удалгүй ахиад нэг хүүхэд ирээд тоглоё гээд хамт тоглосон. Гурвуулаа ирсэн хүүхдүүд тоглох явцдаа бохир тоглоод байсан нэг хүүхэд нь намайг тоглож байхдаа түлхэхэд би сагсны самбарын суурь мөргөж унасан. Манай баг илт хожиж байхад нөгөө 3 хүүхэд улам бохир тоглоод тоглохоо болъё суулаа гээд сандал дээр сууж байтал нүдний үзүүрт огцом хөдлөх шиг болоод нэг хүүхэд нь хөөе гэхээр нь би эргээд харахад нэг хүүхэд нь эрүүгээ барьчихсан зогсож байсан. Э ах эргэж очоод тэр хүүхдээс уучлалт гуйгаад гайгүй юу гэхэд нөгөө эрүүгээ бариад зогсож байсан хүүхэд нь гайгүй зүгээр зүгээр гээд сандал дээр суусан ...” гэжээ /хх-12-13х/.
Гэрч С.Түвшинтулга мэдүүлэхдээ:’’...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би гар утас авах гээд хотод Наранхүү найзтайгаа орж ирээд би гар утас авсан. Наранхүү бид хоёр Ууганбаатарын гэрт очсон. Тэгээд бид гурав сагс тоглоё гээд гэрээс нь гараад сагсны талбай дээр очоод Наранхүү, Ууганбаатар бид гурав нэг баг болоод тоглосон. Нэлээн тоглож байгаад Ууганбаатар нэг ахыг хааж тоглож байсан юм нэг харахад тэр хоёр өөд өөдөөсөө тулж зогсоод тэр ах нь Ууганааг яаж хаагаад байгаа юм бэ гэхэд Ууганаа зүгээр л хаасан ш дээ гэж байсан. Тэгээд тэр ах Ууганааг цохисон. Ууганаа цохиулсан газар өвдөөд байна гэхээр нь эмийн сан орж өвчин намдаах эм аваад Ууганаа уух гэсэн чинь зажилж чадахгүй байсан...’’ гэжээ /хх-16х/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8457 дугаар дүгнэлтэд:
“1. О.У-ын биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь 2018.07.04-ний өдөр үүссэн байх боломжтой.” гэжээ /хх-20-21х/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сагс тоглохдоо бохир тоглосон гэх шалтгаанаар О.Ууганбаганы зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч О.У, гэрч Д.Сүхболд, С.Түвшинтулга, шүүгдэгч Н.Э-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Э-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч О.У нь баримтаар 236.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь Н.Э нь Төрийн сангийн 100900005406 тоот дансанд хохирлын төлбөрт 236.000 төгрөгийг байршуулсан байх тул үүнийг гаргуулан хохирогч О.Уд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Н.Эээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овгийн Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь Н.Эээс Төрийн сангийн 100900005406 тоот дансанд нийт 236.000 төгрөгийг хохирлын төлбөрт байршуулсныг гаргуулан хохирогч О.У /РД: УЮ00250814/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Н.Э нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН