| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00650/и |
| Дугаар | 151/ШШ2017/00856 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00856
| 2017 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00856 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сумы дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00650/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1962 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн, 55 настай, Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багт оршин суух, Булган овогт Долгорын Батмөнх /РД:НЫ62070865/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“-Д.Батмөнх нь 1965 онд төрсөн. Төв аймгийн Атар сангийн аж ахуйд 1980 оны 2 сарын 12-ны өдрөөс гахайчнаар орж, гахайчнаараа 1988 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад мөн Сангийн аж ахуйн үтрэмийн нормчноор 1988 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 сарын 2-ны өдөр хүртэл ажилласан. Сангийн аж ахуйг хувьчлах үеэр Атар ХК-д шилжин 1992 оны 4 сарын 10-ны өдрөөс малчнаар 1994 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан боловч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж үгүй болсон. Төрийн архиваас тушаал, шийдвэрийн лавлагаа авах гэтэл миний 1980, 1988, 1992, ХК-ийн 1992 онуудын ажилд томилсон, өөрчлөгдсөн тушаалууд гарч, 1994 онд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул улсад ажилласан хугацааг минь шүүхийн жураар тогтоож өгнө үү”” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батмөнх нь Төв аймгийн Баянхангай сумын Атар Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01 өдөр хүртэл гахайчнаар, 1988 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл үтрэмийн нормчиноор, “Атар” ХК-д 1992 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Булган овогт Долгорын Батмөнхийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Төв аймгийн Атар сангийн аж ахуйн даргын 1980 оны 02 сарын 12-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай “...Долгор овогт Батмөнхийг 2 сарын 12-ны өдрөөс эхлэн гахайчнаар томилсугай...” гэх бичилттэй 23 дугаартай тушаал /хх-н 6/, Төв аймгийн Атар сангийн аж ахуйн даргын 1982 оны 08 сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “САА-д ажиллагсадаас 1982 оныхоо ээлжийн амралтыг хүссэн нэр бүхий 19 хүнийг хавсралт ёсоор баталсугай...хасвралтын 9-т Батмөнх, гахайчин...” гэх бичилттэй 181 дугаартай тушаал /хх-н 7/, Төв аймгийн Атар сангийн аж ахуйн даргын 1984 оны 04 сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...Гахайчин ...Батмөнх... нарыг өөрсдийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс гахайчнаар...Батмөнх...нарыг үтрэмд ажилчнаар...” гэх бичилттэй 86 дугаартай тушаал /хх-н 8/, Хөдөө Аж ахуйн яам, Мах бэлтгэлийн нэгдлийн харъяа “Атар” тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 07 сарын 27-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай “...үр тарианы үтрэмийн ажилчин Долгор, Батмөнх нарыг 1985 оны 07 сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн гахайчнаар тус тус томилсугай...” гэх бичилттэй 172 дугаартай тушаал /хх-н 9/, Хөдөө Аж ахуйн яам, Мах бэлтгэлийн нэгдлийн харъяа “Атар” тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 сарын 26-ны өдрийн ажилд түр томилох тухай “...гахайчин Д.Батмөнх нарын жирэмсний амралтын хугацаанд С.Цэнд-Аюуш, Ц.Чогжмаа нарыг 1986 оны 03 сарын 01-ний өдрөөс хоньчноор...” гэх бичилттэй 83 дугаартай тушаал /хх-н 10/, Хөдөө Аж ахуйн яам, Мах бэлтгэлийн нэгдлийн харъяа “Атар” тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 08 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...гахайяин Долгор овогтой Батмөнхийг 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс...тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс Д.Батмөнхийг үтрэмд нормчиноор...тус тус томилсугай...” гэх бичилттэй 202 дугаартай тушаал /хх-н 11/, Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 04 сарын 10-ны өдрийн Атар ТАА-г татан буулгах тухай “...1.БНМАУлсын аж ахуйн нэгжийн тухай хууль “Өмч хувьчлалын тухай хууль”-ийн дагуу Атар ТАА-г 1992 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн татан буулгасугай...тушаалын хавсралтын 262-т Д.Батмөнх...” гэх бичилттэй 12 дугаартай тушаал /хх-н 12-13/, Төв аймгийн Баянхангай сум, Атар хувьцаат компанийн захирлын 1992 оны 04 сарын 10-ны өдрийн “БНМАУлсын аж ахуйн нэгжийн тухай хууль “Өмч хувьчлалын тухай хууль”-ийн дагуу Атар ТАА-г 1992 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн татан буулгаж Атар ХК болгож зохион байгуулсугай...хавсралтын 97-д Д.Батмөнх...” гэх бичилттэй 01 дугаартай тушаал /хх-н 14/, Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1981 оны 02 сарын 20-ны өдөр Долгорын Батмөнхөд олгосон үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийн үнэмлэх /хх-н 21/, гэрч Сандагийн “......” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Булган овогт Долгорын Батмөнхийг Төв аймгийн Баянхангай сумын Атар Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01 өдөр хүртэл гахайчнаар, 1988 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл үтрэмийн нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин Д.Батмөнхийг “Атар” ХК-д 1992 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй бөгөөд дан ганц гэрчийн мэдүүлгээр Атар ХК-д 1992 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна. Дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булган овогт Долгорын Батмөнхийг Төв аймгийн Баянхангай сумын Атар Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 сарын 01 өдөр хүртэл гахайчнаар, 1988 оны 07 сарын 01 өдрөөс 1992 оны 03 сарын 02-ны өдөр хүртэл үтрэмийн нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ