| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/0651/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/660 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 1906 0168 50765 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэсти” цайны газарт иргэн С.Х “Самсунг Нөте9” загварын гар утсыг “яриад өгье” гэж худал хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 1.375.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...12 цагийн үед согтуу гарч такси бариад Хасчулууны ажил дээр ирсэн. Х ажлаа хийж байсан. Уг нь С.Х мөнгө зээлэх гэж очсон боловч ээж нь байсан учир чадаагүй. Тэгээд Хасчулууны утсыг ашиглан хүнээс мөнгө зээлэхээр бодсон. Улмаар ээжийнх нь хажууд согтуу болон хүнээс мөнгө зээлэх талаар ярьж чадаагүй. Иймд үүдэнд хүлээж байсан таксинд сууж ярихаар шийдсэн, ярьж байтал таксины жолооч хурдлахыг шаардсан. Энэ үед явдал дундаа ярих бодол төрж цааш хөдөлсөн. Таксины жолоочийн хажууд сууж явсан жолоочийн найз нь “Тэди” төв орохоор яараад байсан юм. Тэгээд “Тэди” ороод “Ноте 9” маркийн утсыг 400.000 төгрөгөөр зарсан. Мөн дээрээс нь “Iphone x max” маркийн утсыг нэмж авсан. Надад багын найз Хасчулууны утсыг зарж ашиг хонжоо олох санаа байгаагүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. “Тэди” төв дээр очиж 400.000 төгрөгөөр зарсан. Ер нь архи, согтууруулах ундаа болон буудалд л мөнгийг үрсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11, 18 дугаар тал/
Хохирогч Х.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Их Засаг” Их сургуулийн баруун талд байдаг “Тэсти” нэртэй цайны газар ажил дээрээ байж байтал манай оюутан ангийн найз Г Б нь орж ирээд гар утсаараа яриулаач гэж хэлэн миний “Самсунг нөте 9” маркийн гар утсыг аваад гарсан, би араас нь гартал миний гар утсыг аваад зугтаагаад явсан. Би гайхаад түүний Сансарын түнелийн ойролцоо байдаг 12 давхрын байранд нь очсон. Тэгэхэд ээж нь байж байсан, ээжийнх нь нэрийг мэдэхгүй байна. Ээж нь “манай хүү гэртээ ирээгүй, 20 гаран хонож байна” гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. ...Г.Б манай оюутаны ангийн Бархас гэдэг залуугийн 10 жилийн найз тул би 10 жилийн өмнөөс найзалж эхэлсэн. Гар утсаа 2018 оны 12 сард 1.500.000 төгрөгөөр авч байсан. Алдсан гар утсаа олж авмаар байна. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Боргилын учруулсан хохирлын мөнгийг ээж Алтанцэцэгээс 1.700.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6, 8 дугаар тал/
“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 52-53 дугаар тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 26 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэсти” цайны газарт иргэн С.Х урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Самсунг Нөте9” загварын гар утсыг “яриад өгье” гэж худал хэлж авч 1.375.000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...12 цагийн үед согтуу гарч такси бариад Хасчулууны ажил дээр ирсэн. Х ажлаа хийж байсан. Уг нь С.Х мөнгө зээлэх гэж очсон боловч ээж нь байсан учир чадаагүй. Тэгээд Хасчулууны утсыг ашиглан хүнээс мөнгө зээлэхээр бодсон. Улмаар ээжийнх нь хажууд согтуу болон хүнээс мөнгө зээлэх талаар ярьж чадаагүй. Иймд үүдэнд хүлээж байсан таксинд сууж ярихаар шийдсэн, ярьж байтал таксины жолооч хурдлахыг шаардсан. Энэ үед явдал дундаа ярих бодол төрж цааш хөдөлсөн. Таксины жолоочийн хажууд сууж явсан жолоочийн найз нь “Тэди” төв орохоор яараад байсан юм. Тэгээд “Тэди” ороод “Ноте9” маркийн утсыг 400.000 төгрөгөөр зарсан. Мөн дээрээс нь “Iphone x max” маркийн утсыг нэмж авсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. “Тэди” төв дээр очиж 400.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-11,18/,
хохирогч Х.Х мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “Их Засаг” Их сургуулийн баруун талд байдаг “Тэсти” нэртэй цайны газар ажил дээрээ байж байтал манай оюутан ангийн найз Г Б нь орж ирээд гар утсаараа яриулаач гэж хэлэн миний “Самсунг нөте 9” маркийн гар утсыг аваад гарсан, би араас нь гартал миний гар утсыг аваад зугтаагаад явсан. ...Гар утсаа 2018 оны 12 сард 1.500.000 төгрөгөөр авч байсан. Боргилын учруулсан хохирлын мөнгийг ээж Алтанцэцэгээс 1.700.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-6,8/-үүд, хавтаст хэрэгт цугларсан “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-53/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Х.Х нь мөрдөн байцаалтад гар утасны үнийг нэхэмжилсэн, шүүгдэгч Г.Б-ын ар гэрээс гар утасны үнэд 1.700.000 төгрөгийг төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт /хх56,59/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Б-д оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ