Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00860

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00860

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк цамхагт байрлах Хаан банкны нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг Цант хөдөөд оршин суух Г.Буяннэмэх, Төв аймгийн Баян сум, 1 дүгээр баг, Цант хөдөөд оршин суух Д.Гантуяа нарт холбогдох,

Зээлийн төлбөр 9 097 982.71 төгрөг гаргуулах тухай, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/674 тоот барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч, Г.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Зээлдэгч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нар нь тус банкны Төв салбарын Баян тооцооны төвөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/674 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийн зээлийг сарын 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нарын эзэмшлийн Төв, Баян, 1-р баг, Цант хөдөө хаягт байрлах 5 ханатай гэр 1ш, зурагт /LG/ 32 инч, хөргөгч /Sharp/ 1ш, буйдан /Best/ 1ш, ирээдүйд орж ирэх цалингийн болон түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4 454 591.26 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 455 008.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21 572.88 төгрөг, нийт 4 931 173.07 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөх хугацааг 218 хоног хэтрүүлж банкийг хохироож байна. Иймд банк 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжилж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 7 045 408.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 019 573.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26 500.12 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6 500 төгрөг, нийт 9 097 982.71 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/674 тоот барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээл төлөлтийн мэдэгдэл өгсөн. Хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан. Хариуцагчтай холбогдож чадахгүй Д.Гантуяатай холбогдоход би энэ зээлийг аваагүй, би тусдаа амьдралтай хүн гэдэг хариуг өгч байсан. Сүүлд 2016 оны 08 дугаар сард Нарантуул захын өргөтгөл дээр ажиллаж байхад нь 1.800.000 төгрөгийг төлүүлсэн. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлтөө огт төлөөгүй. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.045.408,74 төгрөг дээр нэмэгдэл хүүг нэмээд 9.097.982,71 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Г.Буяннэмэх нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зээл авсан нь үнэн. Ажлаас хувийн шалтгаанаар гарсан учраас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа. Хугацаа өгвөл зээлээ төлнө. Авсан нь үнэн учраас төлж барагдуулна” гэв.

Хариуцагч Д.Гантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний хүү Г.Буяннэмэх нь  Баян сум дахь Хаан банкнаас Мааньт 0415-р ангид ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. 2016 онд ажлаас чөлөөлөгдөж, зээлээ он сар хэтрүүлсэн. 2017 оны 08 сарын 25-27-ны хооронд сар бүрийд хэтрүүлэхгүй 400 000 хийх болно. Үүнийг минь харгалзан үзэж зээлийн хугацааг сунгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Гантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “-Манай хүү Г.Буяннэмэх нь цалингийн зээл авсан нь үнэн.  Миний бие ажилтай тул энэ шүүх хуралд оролцох боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 491 182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/674 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Хаан банк нь хэрэглээний зориулалтаар цалингийн зээл 11 500 000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлэх, хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нар нь 11 500 000 төгрөгийн зээлийг сарын 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8, 9 дүгээр тал/

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нар нь зээлийн гэрээний үүргийн талаар болон зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алдангийн талаар зохигчид маргаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны үүрэг, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 6 500 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул энэ үүргийн хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн зардал 6 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  зааснаар  хариуцагч  Г.Буяннэмэх, Д.Гантуяа нараас үндсэн зээл өр 7 045 408.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 019 573.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26 500.12 төгрөг, нийт 9 091 482.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Хаан банкинд олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс төлбөр гаргуулах эрхийг хангаж өгөхийг хүссэн шаардлага гаргасан ба зохигчид барьцааны гэрээний хувьд маргаагүй бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шийдвэрийн биелэлтийг хангах болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Гантуяад 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагт шүүх хурал хуралдахыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэжээ. Хариуцагч Д.Гантуяа нь намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа түүний хүсэлтийг зөвшөөрч Д.Гантуяаг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-д зааснаар Д.Гантуяагийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нараас үндсэн зээл өр 7 045 408.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 019 573.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26 500.12 төгрөг, нийт 9 091 482.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Хаан банкинд олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160 517  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч Г.Буяннэмэх, Д.Гантуяа нараас 160 414 төгрөг гаргуулж Хаан банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ