Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар   2020/ШЦТ/944

 

 

 

 

2020        11          05                                     2020/ШЦТ/944

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ;

            хохирогч: С.Сүх;

            шүүгдэгч: Н.О, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.О-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1951 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын технологи инженер мэргэжилтэй,  , ам бүл 2, охины хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.О

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Н.О нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн цайны газрын баруун талын замд “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1-т “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т “1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч С.Сүхийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 1.153.000 төгрөг төлсөн. Хохирогчийн цаашид гарах бүх зардлыг төлнө. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Сүх мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээ хүүгээ эмнэлэгт үзүүлэх гэж явж байгаад осолд орсон. Миний зүүн хөлийн шагай мултарч хугарсан. Шүүгдэгч нь миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Одоо намайг сахиж байсан хүүхдийнхээ цалинг нэхэмжилж байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирол барагдуулсан баримт /хх-ийн 18-27/, хохирогч С.Сүх /хх-ийн 28-29/, С.Оюундарь /хх-ийн 31/, гэрч О.Лхагвадорж /хх-ийн 32/, гэрч О.Булга /хх-ийн 33/, гэрч Д.Доржготов /хх-ийн 34/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 49-50, 52-53/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-61/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 62-63/, С.Сүхийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 70-78/, Н.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/, Н.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-38, 39-47/,   зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 40 минутын үед “Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1-т “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т “1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Дөлгөөн” цайны газрын баруун талын замд зам тээврийн осол гарган явган зорчигч С.Сүхийг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч С.Сүхийн /хх-ийн 28-29/: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өглөөний 10 цаг 40 минутын орчим ...Дөлгөөн цайны газрын баруун талын замын хажуугаар явган хүний замаар зээ хүү Түвшинжаргалын хамт хойноосоо урагшаа чиглэлд явж байтал замын хажууд хүмүүс газар шорооны ажил хийж байсан. Тэгэхээр нь хүмүүсийн ажилд саад болоод яахав гээд зам уруу хальт орсон. Мөн зам дээр тогтсон усыг тойрох гэсэн. Энэ үед ар талаас хүчтэй цохисон. Цохиулаад газар унасан. ...хэсэг шоконд орсон. Шокноос гараад харсан чинь автомашины доор орсон байсан. Надад автомашины урд талын гупер харагдаж байсан. Тэнд байсан хүмүүс “хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Удаагүй автомашин хойшоо ухарч намайг гаргасан...”  гэх мэдүүлгээр,

 

С.Сүхийн биед “...зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, зүүн өвдөгний шарх, баруун өвдөг, хэвлий, зүүн гуя, баруун, зүүн сарвуу, нурууны цус хуралт, зулгаралт” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10663 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 52-53/,

 

гэрч О.Лхагвадоржийн /хх-ийн 32/: “...Хамт ажилладаг Н.Отой түүний “Тоёота Рав-4” маркийн 4794 УНК дугаартай автомашинтай ...Дөлгөөн нуурын гэрлэн дохиотой уулзвараар урдаасаа хойшоо нэвт гараад хойшоо чиглэлд явж байгаад зүүн гар тийш эргэсэн. Эргэх үйлдэл хийх үедээ Н.О хойноосоо урагшаа явсан зам дээр хүн мөргөсөн. Автомашинд мөргүүлсэн хүн бага насны хүүхэд хөтлөөд явж байсан. Н.О чигээрээ явж байгаад зүүн гар тийшээ эргээд эсрэг урсгалын зам руу орсон. Орох үед нь автомашинуудыг гараараа “орчих уу” гээд гуйж байгаад орсон. ...Н.О байраа бүрэн эзэлж амжаагүй байх үедээ хүн мөргөсөн. Би автомашинуудыг гуйгаад эсрэг урсгал руу оруулж байхдаа урагшаа харсан чинь хүн автомашины урдуур гүйж орж ирээд автомашины урд хэсэгт мөргүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Оюундарийн /хх-ийн 31/: “...Миний хүү Түвшинжаргал 4 настай бөгөөд ...өвөө С.Сүхтэй явж байхад нь эсрэг урсгалаас авомашин орж ирээд аав С.Сүхийг мөргөсөн. Тухайн үед мөргөсөн жолооч нь аавыг Гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан. Би араас нь хүүгээ аваад явсан. Аав С.Сүхийн зүүн талын хөл нь хугарсан байсан. Хүүгийн хувьд гар нь бага зэрэг шалбарсан байсан. Би тухайн ослыг хараагүй. Ослын дараа тухайн газарт очсон...” гэх мэдүүлгээр,

 

Тээврийн цагдаагийн албаны “...“Тоёота Рав-4” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.О нь Монгол Улмын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1-т “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч С.Сүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 171 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар /хх-ийн 62-63/,

 

Н.Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 82-83/: “...Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуурын гэрлэн дохиогоор урдаасаа хойшоо чиглэлд явж байгаад гэрлэн дохиогоор ороод зүүн гар тийш эргэхийг хориглосон байхаар нь чигээрээ хойшоо явсан. Хойшоо чигээрээ явж байгаад зүүн гар тийшээ гудамжны үзүүр дээр эргэсэн. Эргэхдээ үргэлжилсэн цагаан шугам давсан. ...бага насны хүүхдээ хөтөлсөн хөгшин эрэгтэй хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Тухайн хүн гудамжны үзүүрийн замаар хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарах гэж явах үед мөргөсөн. Мөргүүлсэн хүн автомашины урд хэсгийн доогуур орсон байхаар нь ухарч гаргасан...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Н.О нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй,  “...зорчих хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн даруйд тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл, хэмжээ нь бүрэн тогтоогдсон хохирол, гэм хор болох 1.153.200 төгрөгийг шүүгдэгч Н.О нь хохирогч С.Сүхэд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч С.Сүх нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон гэм

хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.О нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч С.Сүх нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ