| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00879/и |
| Дугаар | 151/ШШ2017/00867 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00867
| 2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00867 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00879/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 1-р баг, Жаргалантад оршин суух Боржигон овогт Гомбын Отгонлхагва /НП67081063/-ын бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Отгонлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонлхагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“-Н.Отгонлхагва миний бие нь бага дунд сургууль төгсөөд илгээлтээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн “Үйлдвэр” бригадад 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Анх ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд нотлох баримтыг үндэслэн улсад ажилласан 6 жил 6 сарын хугацааг тогтоож өгнө үү. Мөн 1986 оны 9 сарын 16-ны өдрийн 86 дугаартай тушаалын эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Отгонлхагва нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн “Үйлдвэр” бригадад 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Гомбын Отгонлхагва нь:
1.Улаанбаатар нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай 86 дугаартай тушаал /хх-н 5/-ын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
- Г.Отгонлхагвын иргэний үнэмлэхийн хуулбарт Боржигон овогт Гомбын Отгонлхагва, регистрийн дугаар НП67081063 гэх бичилт /хх-н 4/
- Хүүхдийн нэр Гомбо овогтой Отгонлхагва, эцгийн нэр Балдан овогтой Гомбо, эхийн нэр Должин овогтой Сүрэн, 1967 оны 8 сарын 10-ны өдөр Булаг гэдэг газар төрснийг 1967 оны 09 сарын 10-ны өдөр 59-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 59 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 19/,
-Гэрч Д.Ганболдын “...Г.Отгонлхагвын аавыг бид нар Аав Гомбо гэж хочилж дууддаг байсан. Харин настай хүмүүс нь Ороо Гомбо гэж хочилж нэрлэдэг байсан. Тийм болохоор л О.Отгонлхагва гээд биччихсэн байх. Манай нэгдэлд өөр О.Отгонлхагва гэж хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Гомбын Отгонлхагва нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн “Үйлдвэр” бригадад 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлээс Гомбын Отгонлхагвад 1983 оны 07 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-н 2/
-Улаанбаатар нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай “...О.Отгонлхагвааг 8 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл Жаргалант бригадад суурийн эрхлэгчээр түр томилон ажиллуусугай...” гэх бичилттэй 86 дугаартай тушаал /хх-н 5/
-Улаанбаатар нэгдлийн зөвлөлөөс Г.Отгонлхагвад 1989 оны 02 сарын 15-ны өдөр олгосон Баярын бичгийн хуулбар /хх-н 13/,
-Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Төв хорооноос Гомбо овогтой Отгонлхагвад 1983 оны 6 сарын 27-ны өдөр олгосон илгээлт /хх-н 14/,
-Улаанбаатар нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Г.Отгонлхагвад 1986 оны 7 сарын 12-ны өдөр олгосон Баярын бичгийн хуулбар /хх-н 14/
-Гэрч Д.Ганболдын “...Г.Отгонлхагва нь 1983 оны 6 сарын сүүлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдэлийн Байдлаг бригадад саальчинаар илгээлтээр ирж, 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд 1991 оноос тус нэгдэлийн ахуй үйлчилгээнд ажилд орсон...” гэх мэдүүлэг /хх-н 23/ зэрэг болно.
Иймд Г.Отгонлхагвыг Төв Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдэлд 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар О.Отгонлхагва гэж нэр бичигдсэн Улаанбаатар нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай 86 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Г.Отгонлхагва мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Отгонлхагвын Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдэлд 1983 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ