Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр                     

     2019/ДШМ/14                                                              Зуунмод

Т.т-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 825 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Т.т-дхолбогдох 173400490009 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч Т.Т нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Зүүн салтгар” гэх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг “Хан Ийст дриллинг” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасан “Аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэний ажиллуулах мөн хуулийн 17.4 дэх хэсэгт заасан “Ажлын байранд зохих сургалт явуулж, ажилтнуудыг хамруулж, шалгалт авч байхыг ажил олгогч хариуцна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дээж авагч Э.Тимүүрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.т-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 825 дугаар шүүгчийн захирамжаар: 

            Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734004900009 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.т-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 Прокурор эсэргүүцэлдээ: “Т.Т  нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Зүүн салтгар" гэх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг "Хан ийст дриллинг" ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж эайхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.3 "аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий ажлын байранд зохих сургалтанд хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулах", мөн хуулийн 17.4 "ажпын байранд зохих сургалт явуулж, ажилтнуудыг хамруулж, шалгалт авч байхыг ажил олгогч хариуцана" гэх заалтуудыг зөрчсөний улмаас 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр "өрмийн машины трубанд гацаасан байсан труба тайлагч нугасан түлхүүр доошоо унаж, дээж авагч Э.Тимүүрийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь нуруун тус газар цохиж, эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан" гэх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан хэлэлцүүлэг явуулж хэргийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, прокурорт буцаасан байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" гэж хуульчилсан ба дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 2 cap 20 хоног өнгөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1, 2-д заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Т.т-дхолбогдох, эрүүгийн 1734004900009 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад "хэргийг прокурорт буцаасан" тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 825 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж хүргүүлэв.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Т.т-дхолбогдох хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн хэрэгт анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 825 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-г зөрчсөн, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан тайлбартаа: Т.т-дхолбогдох хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа: Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байхгүй. Шүүхийн өмнө гарсан магадлал хүчин төгөлдөр байгаа. Улсын яллагчийн ярьж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа гэсэн нь ямар хуулийн заалтыг зөрчиж байгаа нь тодорхойгүй. Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Т.т-дхолбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

 Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1734004900009 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1, 2-д заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан " үндэслэл буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн Т.т-дхолбогдох эрүүгийн 1734004900009 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 825 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан.

 

Хэргийн бодит байдлыг хангалттай, бүрэн хэмжээгээр тогтоосон нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, хохирогчид хохирол, хор уршгийг төлж барагдуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.

Хэргийн бодит байдлыг хангалттай, бүрэн хэмжээгээр тогтоогоогүй байхад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шүүгдэгч Т.т-дхолбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шүүгдэгч Т.Т -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь гэм буруугийн зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.

 

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацааны талаар бус шүүгдэгчид хүлээлгэх гэм буруу, эрүүгийн хариуцлагын тухай байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шүүгдэгч Т.т-дхолбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэхээр буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасантай зөрчилдөхөөр байна.

 

Т.т-дхолбогдох эрүүгийн 1734004900009 дугаартай хэрэг прокурорт очсон хойно хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд “Давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх”, 38.4 дүгээр зүйлд “Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх тухай” хуульчилсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан 825 дугаартай шүүгчийн захирамжинд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр прокурор эсэргүүцэл бичжээ. Прокурорын эсэргүүцлийг оролцогч нарт танилцуулсан баримт нь огноогүй ба эрүүгийн 1734004900009 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх тухай анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тоот 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байна. Хуульд заасан журам, хугацааг баримталсан бол 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан прокурор эсэргүүцлийн хуулбарыг дараагийн ажлын өдөрт буюу 12 сарын 25-ны өдөрт багтаан оролцогчдод хүргүүлж, оролцогч нар эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц 2019 оны 01 дүгээр 04-ний өдөр хавтаст хэрэгт эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсарган давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байжээ. Анхан шатны шүүх хуульд заасан хугацааг хэтрүүлж эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаад цаашид анхаарах шаардлагатай байна.

  

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 825 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.т-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                                           

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ