Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1016

 

 

 

 

 

 

 

2020          12          14                                    2020/ШЦТ/1016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Э.Х-т холбогдох эрүүгийн 1909040811241 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Х****  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух хаяггүй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ХМШЗ/48 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ХМШЗ/23 дугаартай захирамжаар хүчингүй болгосон, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .../ ... овогт Э.Х- нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр **  тоотод хохирогч Ц.Д-н эзэмшлийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 328.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай гэрийн тооноор хулгайч 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж савхин үстэй өвлийн куртик 1ш, ажлын өвлийн куртик 1 ш, халуун тогоо 1ш, DVD тоглуулагч 1ш, Самсунг гар утасны цэнэглэгч 1ш, арьсан гар цүнх 1ш, өвлийн хагас түрүүтэй арьсан гутал хос 1ш, хар пүүзэн гутал хос 1ш зэрэг алга болсон гэжээ. / хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас /

 

Хохирогч Ц.Д-д 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “хар өнгийн арьсан хагас түрүүтэй хос гутал 1 ширхэг”-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 36 дугаар хуудас /

 

“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 328.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний СБ2-20-019 дугаартай тайлан / хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас /

 

Яллагдагч Э.Х- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сард / өдрийг нь санахгүй байна / би шоронгоос гараад удаагүй байсан. Тэр өдөр өөрийнхөө аавын амьдардаг гэрт нь орой очиход намайг оруулахгүй байсан. Тэгээд хашаанд нь байдаг хажуу айлын гэрийн тооноор нь халуун тогоо, DVD тоглуулагч, куртик, цүнх, савхин куртик, пүүзэн гутал, өвлийн гутал, утасны цэнэглэгч гэх мэт эд зүйлсүүдийг аваад буцаад тооноор нь гараад хашаан дотор байсан усны тэргэн дээр тавиад түрээд явж байхад урдаас 3 залуу ирж байхаар нь авч явсан юмаа гудамжинд орхиод зүгээ өөрчлөөд зугтаад явсан. Тэр айлаас авсан эд зүйлээс өвлийн том гутлыг нь аавын амбарт оруулж тавьсан. Хэд хоногийн дараа аавынд ирэхэд тэнд байсан хүн цагдаа дуудаад намайг барьж өгсөн. Би цагдаад баригдаж очихдоо өвлийн гутлыг нь аваад цагдаад өгөөд эзэнд нь хүлээлгэж өгсөн гэжээ. / хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас /

 

Шүүгдэгч Э.Х-ыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хавтаст хэргийн 4-9, 12-15 дугаар хуудас /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 62 дугаар хуудас / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хорих ангиас суллагдаад аав дээр очиход намайг гэртээ оруулаагүй учир би амбаарт даараад хохирогчийн гэр рүү орж өвлийн савхин куртик, DVD, халуун тогоо, гар утасны цэнэглэгч, гутал, пүүз, цүнх зэрэг эд зүйлсийг нь аваад тооноор гарсан. Тэгээд усны тэрэг дээр эд зүйлээ түрээд гарч байхад хохирогч Дамдинсүрэнтэй таарсан. Усны тэрэгтэй эд зүйлсээ үлдээгээд өөр тийшээ яваад 2 хоногийн дараа аав дээрээ иртэл цагдаад баригдаж хоригдсон. Гутлыг нь аавын амбаарт хийсэн байж байгаад цагдаад баригдахдаа хохирогчид хүлээлгэж өгсөн. Намайг хорих ангиас 10 дугаар сарын 28-ны өдөр дуудаж авчирсан. Хохирогчид хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Э.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 23 тоотод хохирогч Ц.Д-н эзэмшлийн монгол гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 328.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Манай гэрийн тооноор хулгайч 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж савхин үстэй өвлийн куртик 1ш, ажлын өвлийн куртик 1 ш, халуун тогоо 1ш, DVD тоглуулагч 1ш, Самсунг гар утасны цэнэглэгч 1ш, арьсан гар цүнх 1ш, өвлийн хагас түрүүтэй арьсан гутал хос 1ш, хар пүүзэн гутал хос 1ш зэрэг алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Д-н мэдүүлэг / хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас /, ... хохирогч Ц.Д-д 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “хар өнгийн арьсан хагас түрүүтэй хос гутал 1 ширхэг”-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 36 дугаар хуудас /, ... Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан эд зүйлийг 328.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дугаартай тайлан / хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас /, ... Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас /, ... Гэрийн тооноор орж халуун тогоо, DVD тоглуулагч, куртик, цүнх, савхин куртик, пүүзэн гутал, өвлийн гутал, утасны цэнэглэгч гэх мэт эд зүйлсүүдийг аваад буцаад тооноор гарсан. Би цагдаа дээр баригдаж очихдоо өвлийн гутлыг нь аваад цагдаад өгөөд эзэнд нь хүлээлгэж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Х-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Х-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч Э.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд хуульд заасан 2 жилийн хорих ялыг оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ХМШЗ/48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ХМШЗ/23 дугаар захирамжаар хүчингүй болгосон 9 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Х-ын гэм буруут үйлдлийн улмаас нийт 328.000 төгрөгний хохирол / хавтаст хэргийн 57-59 / учирснаас хохирогч Ц.Д-д хар өнгийн арьсан хагас түрүүтэй хос гутал 1 ширхэгийг буцаан өгсөн / хавтаст хэргийн 36 / тул үлдэх 280.000 төгрөгийг шүүгдэгч Э.Х-оос гаргуулж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Х-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Х- нь хохирогчийн эд зүйлүүдийг усны тэргэн дээр түрж яваад хохирогч Ц.Д-тэй тааралдсан учир хаяад зугтаасан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгалтын явцад үл таних 3 залуу ирж явахаар нь авч явсан зүйлээ хаяад зүгээ өөрчлөөд зугтаасан гэж мэдүүлсэн ба хохирогчид гутлаас өөр зүйл хүлээлгэж өгөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Э.Х-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ХМШЗ/48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ХМШЗ/23 дугаар захирамжаар хүчингүй болгосон 9 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 12 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Х-ын цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Х-оос 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Дамдинсүрэнд олгосугай.

 

8. Э.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ