| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00857/и |
| Дугаар | 151/ШШ2017/00868 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00868
| 2017 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00868 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00857/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 2-р баг, Цогт-Өндөр баянбуурал цогт 7-р гудамжны 3 тоотод оршин суух Хорхой нүдэн овот Гонгорын Лхам /НБ91090903/-ын хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Лхам, үрчлэгч Л.Гонгор, Ж.Баасанцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Лхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-2009 онд Улаанбаатар хотод Үйлдвэр урлалын полинекэд цахилгаан механикийн ангид элсэн суралцсан. Суралцаж байх хугацаандаа Эрдэнэбат гэх хүнтэй хамтран амьдарч байсан бөгөөд 2011 оны 3 сарын 30-ны өдөр хүү Г.Тэнүүнийг төрүүлсэн. Г.Тэнүүн нь багаасаа өвөө Л.Гонгор, эмээ Ж.Баасанцэрэн нарын хамт Төв аймгийн Батсүмбэр суманд өссөн. Тухайн үед би сургуульд суралцаж байсан учраас хүү Г.Тэнүүнийг 2011 оны 4 сарын 27-нд аав Л.Гонгор, Ж.Баасанцэрэн нарт үрчлүүлж, Төв аймгийн Батсүмбэр сумаас үрчлэлтийн гэрчилгээ авсан. Одоо би Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Улаанбаатар төмөр замын харъяа Баянбуурал амралтанд зөөгчөөр ажиллаж байгаа. Миний бие Төв аймгийн Батсүмбэр суманд аав Гонгор, ээж Баасанцэрэн, хүү Тэнүүн, хүү Цэлмэгийн хамт амьдарч байгаа. Хүү Г.Тэнүүнийг өөрийн нэрээр овоглох, үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтэй Төв аймгийн Улсын бүртгэлд хандахад шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлд заасны дагуу хүү Г.Тэнүүний үрчилсэнийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.
Үрчлэгч Л.Гонгор шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “-Манай охин оюутан байхдаа хүүгээ гаргасан. Тэр үед зээ Тэнүүнийг эхнэр бид 2 үрчилж авсан. Одоо охин маань өөрөө ажил төрөлтэй болсон. Төмөр замын 73-р сургууль гэж байдаг түүнд хүүгээ сургах болсон тул үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа” гэжээ.
Үрчлэгч Ж.Баасанцэрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “-Миний бие Ж.Баасанцэрэн нь өөрийн охин болох Г.Лхамын 2011 оны 3 сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.Тэнүүнийг 2011 оны 4 сарын 17-ны өдөр үрчилж авч өсгөж байна. Охин Г.Лхам нь тухайн үед оюутан байсан, хүүхдээ харах боломжгүй байсан учир эцэг, эхдээ үрчлүүлсэн юм. Одоо бид нас өндөр болсон тул зээ хүү Г.Тэнүүнийг сургууль, цэцэрлэгт нь өгч авахаас эхлээд харж хандаж, асарч чадахгүйд хүрээд байна. Иймд Г.Тэнүүнийг Л.Гонгорт үрчлүүлсэн 2011 оны 4 сарын 17-ны өдрийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, эх Г.Лхамын асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, үрчлэгч нарын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.Лхам нь 2011 оны 03 сарын 30-ний өдөр төрсөн хүү Г.Тэнүүнийг 2011 оны 04 сарын 27-ны өдөр өөрийн төрсөн эцэг Хорхой нүдэн овогт Луузангийн Гонгор, эх Хиргэс овогт Жамсрангийн Баасанцэрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэл, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2011 оны 03 сарын 30-нд төрсөн хүү Г.Тэнүүнийг 2011 оны 04 сарын 24-ний өдөр өөрийн эцэг Л.Гонгор, эх Ж.Баасанцэрэн нарт үрчлүүлсэн нь №0004552 тоот үрчлэлтийн дэвтэрийн хуулбарт “Үрчлэхийн өмнө хорхой нүдэн овогт Лхамын Тэнүүн...үрчлэн авсан эцэг Хорхой нүдэн овгт Луузангийн Гонгор, эх Хиргэс овогт Жамсрангийн Баасанцэрэн нарт Тэнүүнийг үрчлэн авсныг 2017 оны 4 сарын 24-ний өдөр хүүхэд үрчлилсэний бүргэлийн 0003-рт бүргэж гэрчилгээ олгов” гэх бичилт /хх-н 7/, үрчлэгч Л.Гонгор, Ж.Баасанцэрэн болон үрчлүүлэгч Г.Лхам нарын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Г.Лхам нь өөрийн төрсөн хүү Г.Тэнүүнийг амьдралын хүнд хэцүү үед тухайлбал оюутан байх үедээ төрүүлж, хүү Г.Тэнүүнийг асран хамгаалах боломжгүй байсан учраас өөрийн эцэг Л.Гонгор, эх Ж.Баасанцэрэн нарт үрчлүүлсэн байх ба одоо Г.Лхам нь сургуулиа төгсөөд амьдрал ахуй нь тогтвортой болж, ажил эрхэлж байгаа, хүү Г.Тэнүүнийг дэргэдээ авч асран хамгаалах боломжтой болсон, мөн үрчлэгч Л.Гонгор, Ж.Баасанцэрэн нар нь дээрхи шалтгаанаар үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Иймд хүсэлт гаргагч Г.Лхамын хүсэлтийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус заасныг баримтлан 2011 оны 03 сарын 30-ний өдөр төрсөн НБ11233011 регистрийн дугаартай Г.Тэнүүнийг Хорхой нүдэн овгт Луузангийн Гонгор, Хиргэс овогт Жамсрангийн Баасанцэрэн нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Г.Тэнүүнийг төрсөн эх Г.Лхамын асрамжинд шилжүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ