| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0088/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/11 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч Б.И************ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгч Бэсүүд овогт Б************ын И************д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бэсүүд овогт Б************ын И************, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн РГ82061014 дугаартай.
Шүүгдэгч Б.И************ нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд иргэн Д.О************тай маргалдсаны улмаас зодож бие махбодид нь дух зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалга, тохой, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И************ нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд иргэн Д.О************тай маргалдсаны улмаас зодож бие махбодид нь "дух зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалга, тохой, баруун бугалганд цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.О************ын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 04- ний орой гэртээ байж байтал манай хажуу талын хамар хашааны залуу Б.И************ согтуу хашаа давж орж ирсэн. Орж ирээд гэрийн баруун талаад өгсөөд чанга дуугарч Отгоо авгай надтай ярих юм байна уу манай эхнэрийг уруу татаж архинд оруулсан авгай, та нараас болж би эхнэртэйгээ таарахгүй байна, мөн эхнэр бид дунд цохилдуулж илүү төлөг авсан хулгайч гэх мэтээр надруу дайрч доромжилсон. Би уурлаж юу гээд байгаа юм бэ гэрээс гар гэж хөөхөд надруу хүрч ирж намайг боож авч багалзуур шахсан. Мөн үснээс зулгааж толгойруу цохисон. Тэгээд манай нөхөр аргадаж салгаад хэсэг тайвшируулж суулгасан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад орилж хашгираад надруу дайраад байхаар нь цагдаад дуудлага өгч явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч Б.О************ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны 667 дугаартай Д.О************ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Д.О************ын биед дух, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалга, тохой, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.И************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.И************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 3 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Д.О************ нь шүүгдэгч Б.И************тай сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэсүүд овогт Б************ын И************г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.И************д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И************д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР