Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00869

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00869

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сумы дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00880/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1966 оны 03 сарын 25-ны өдөр төрсөн, 51 настай, Төв аймаг, Мөнгөнморьт сум, 1-р баг, Жаргалантад оршин суух Боржигон овогт Дэжидийн Энхтуяагийн /УР66032563/-ын хүсэлттэй, 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь 1981 оны 6 сард илгээлтээр Мөнгөнморьт сумын сургуульд тогоочоор ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Анх ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул 1981 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд тогооч талхчингаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Энхтуяа миний бие улсад ажилласан хугацаа хэргээ тогтоолгохоор шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд энэ тухай шүүх хуралдааныг хийх товыг надад мэдэгдсэн. Гэтэл миний бие даралт ихсэх, зүрхний хэм алдах өвчний улмаас сумын эмнэлэгийн хяналтанд байдаг. Одоогийн байдлаар машин унаанд сууж явах боломж муутай байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй хийж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд 1981 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тогооч, талхчингаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

1. Д.Энхтуяагийн ажиллаж байсан байдал нь дараах  нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 12 сарын 26-ны өдрийн ажилчдад арга хэмжээ авах тухай “...тогооч Энхтуяа нарыг хатуу донгодсугай...” гэх бичилттэй 27 дугаартай тушаал /хх-н 4/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 10 сарын 07-ны өдрийн ажилд шинээр элсүүлэн авах тухай “...Угаагч Оюунцэцэгийг ахлах тогооч Энхтуяа амралтаа авсан учир оронд нь тогоочоор 10 сарын 17-ноос эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй 92 дугаартай тушаал /хх-н 5/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 2 сарын 27-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...ахлах тогооч Энхтуяагийн жирэмсний амралтын чөлөө дууссан учир 1984 оны ээлжийн амралтыг 2 сарын 27-ноос эхлэн 3 сарын 19-нийг дуустал ажлын 18 хоногоор бодож олгосугай...” гэх бичилттэй 105 дугаартай тушаал /хх-н 6/,

-Улаанбаатар нэгдлийн даргын 1986 оны 9 сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгох, ажилд томилох тухай “...талхчин н.Энхтуяад 10 сарын 1-ний өдрөөс тус тус ээлжийн амралт олгосугай...” гэх бичилттэй 86 дугаартай тушаал /хх-н 7/,

-Улаанбаатар нэгдлийн даргын 1987 оны 4 сарын 23-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...н.Энхтуяад 4 сарын 8-аас...тус тус ээлжийн амралт олгосугай...” гэх бичилттэй 23 дугаартай тушаал /хх-н 8/,

-Улаанбаатар нэгдлийн даргын 1988 оны 5 сарын 13-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...талхчин Энхтуяад нарт 5 сарын 15-ны өдрөөс ээлжийн амралт олгосугай...” гэх бичилттэй 30 дугаартай тушаал /хх-н 9/,

-Улаанбаатар нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 25-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...н.Энхтуяад 2 сарын 10-ны өдрөөс тус тус ээлжийн амралт олгосугай...” гэх бичилттэй 09 дугаартай тушаал /хх-н 10/,

-Дэжидийн Энхтуяад 1981 оны 6 сарын 27-ны өдөр олгосон илгээлтийн үнэмлэх /хх-н16/,

-Мөнгөнморьт сумын ХЗЭ-ийн хорооноос Д.Энхтуяад 1983 оны 1 сарын 24-ний өдөр олгосон баярын бичиг /хх-н 17/,

-Гэрч Д.Ганболдын “...Д.Энхтуяа нь 1981 оны 7 сарын сүүлчээс эхлээд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дунд сургуульд туслах тогоочоор 1986 оны 9 сар хүртэл ажиллаж байгаад 1986 оны 9 сараас Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн Талхны цехэд талхчингаар 1990 он хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Боржигон овогт Дэжидийн Энхтуяаг Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуульд 1981 оны 07 сарын 01-нээс 1986 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл  тогоочоор, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн Талхны цехэд 1986 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл талхчингаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дэжидийн Энхтуяагийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуульд 1981 оны 07 сарын 01-нээс 1986 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаанбаатар нэгдлийн Талхны цехэд 1986 оны 09 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл талхчингаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ