| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00822/и |
| Дугаар | 151/ШШ2017/00876 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00876
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00876 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж 2 гудамж 15 тоотод оршин суух Гэрүүд овогт Эрдэнэмөнхийн Батсүх /ИЗ74112318/-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг Лүн сум, төвийн 3 дугаар баг, Төв хөх даваа гудамж 5-1 тоотод оршин суух Боржигин овогт Дэлгэрсайханы Алтангэрэл /НО88093074/-д холбогдох,
Гэм хорын хохирол 999,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 18 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Төв аймгийн Лүн сумаас Дашинчилэн рүү салдаг уулзвар дээр 6 сарын 8-нд гол замаар явж байхад туслах замаас мотоциколтой согтуу хоёр хүн унаж явсан 32-77 УВС дугаартай карина машины баруун талын хоёр хаалга багана, хормойг мөргөж сэвтүүлсэн тул хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Алтангэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие Алтангэрэл Батсүхийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 950 000 төгрөгийг 2017 оны 9 сарын 15-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Батсүх нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-Миний бие Батсүх нь Алтангэрэлийн тайлбартай танилцаад нэхэмжилсэн 999 999 төгрөгөөс 49 999 төгрөг хасч 950 000 төгрөг 2017 оны 9 сарын 15-ны дотор төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Батсүх нь, хариуцагч Д.Алтангэрэлээс гэм хорын хохирол 999 999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 49 999 төгрөгөөр багасагаж хариуцагч Д.Алтангэрэлээс 950 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Алтангэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 950 000 төгрөгийг төлбөрийг 2017 оны 9 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 526 төгрөгийн 50 хувь болох 14 263 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 14 263 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтангэрэлээс 950 000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 27 350 төгрөгийн 50 хувь буюу 13 675 төгрөгийг гаргуулж нийт 27 938 төгрөгийг нэхэмжлэгч Э.Батсүхэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Э.Батсүхийн нэхэмжилсэн 950 000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл нь 2017 оны 9 сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 526 төгрөгийн 50 хувь болох 14 263 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 14 263 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтангэрэлээс 950 000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 27 350 төгрөгийн 50 хувь буюу 13 675 төгрөгийг гаргуулж нийт 27 938 төгрөгийг нэхэмжлэгч Э.Батсүхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ