Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/119

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч В.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-д холбогдох эрүүгийн 1938008930112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В.Б.

Шүүгдэгч В.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашааны гаднаас иргэн Д.Д-гийн ...улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг хулгайлж 1.795.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч В.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашааны гаднаас иргэн Д.Д-гийн 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ...улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг автомашинд байсан delico нэртэй 90 амперын 185.000 төгрөгийн аккумулятор, 65.000 төгрөгийн түлхүүрийн ком багаж, 45.000 төгрөгийн дорцовын комыг худалдан борлуулж, хулгайлсан автомашиныг иргэний нэхэмжлэгч Н.М-ад 300.000 төгрөгөөр зарж, хохирогч Д.Д-д нийт 1.795.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би зах дээр явж байтал үл таних залуу машин задаргаанд авах уу гэж орж ирсэн. Би ямар машин юм бэ, хэд гэж байгаа юм бэ уг залуугаас асуутал пажеро маркийн машин, бичиг баримт байхгүй, 300.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж надад хэлсэн. ...Уг залуу иргэний үнэмлэхний лавлагаагаа авчирч өгөөд үлдсэн 100.000 төгрөгөө аваад явсан. Иргэний үнэмлэхний лавлагаан дээр нь одоо овгийг нь санахгүй байна, В.Б- гэсэн нэртэй залуу байсан. ...надад өнөөдөр 17 цагийн үед 300.000 төгрөг шилжүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн найз Х-ын гэр болох Мөрөн сумын ...-р хороо ...-р гудамж, ... тоотоос өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай пажеро маркийн машинаа хулгайд алдсан. ...Оройн 15 цагийн үед сэрж машинаа хартал хашааны үүдэнд байсан миний машин алга болсон байсан. ...Тэгээд М-, Н- хоёроос машинаа асуутал В.Б- унаад явсан гэж надад хэлсэн. Би машинаа энэ оны 1 сард Гэрэлтэй цонхны урд талын хашаанаас цагдаа нартай хамт явж Н.М- гэдэг хүнээс авсан. Би машинаа аваад өнгөрсөн 7 хоногт Улаан-Уул сум руу нэрийг нь мэдэхгүй хүнд 1 сая 300 мянган төгрөгөөр зарсан. ...Би машин хулгайлагдах үед алга болсон 2 дорцовын ком, 2 түлхүүрийн комоо авчихвал ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-24 дүгээр хуудас/,

- Хулгайд алдсан гэх ...улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг 1.500.000 төгрөгөөр, delico нэртэй 90 амперын аккумуляторыг 185.000 төгрөгөөр, 8-24 ширхэгтэй түлхүүрийн ком багажыг 65.000 төгрөгөөр, 8-24 ширхэгтэй дорцовын комыг 45.000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Шүүгдэгч В.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын дундуур ...Мөрөн сумын 10 дугаар хороонд найз Хүрлээгийнд очсон ...тэнд байсан хүмүүстэй 1 шил том пиво ууж дуусгаад ...тэгээд нэг сэрсэн чинь 13 дугаар хороонд Дээгий гэх залуугийн Пажеро маркын ... улсын дугаартай машиныг нь уначихсан явж байсан. ...явган зах дээр явж байтал нэрийг нь мэдэхгүй 40 гаруй насны хүнтэй таараад би машин зарна гэж хэлсэн. ...тэр ах бид хоёр 300.000 төгрөгөөр тохирсон. ...Би хэд хоногийн дараа Дээгий гэх залуутай таараад би чиний автомашиныг 300 мянган төгрөгөөр зарчихсан, би мөнгө олоод машиныг чинь буцаагаад аваад өгье гэж хэлээд ...Дорноговь аймаг руу явсан. ...Дээгий гэх залуу надад машинаа өгч явуулаагүй би согтуудаа унаад явчихсан байсан. ...би машиныг нь унаж явж байгаад нэг сэрэхдээ зараад мөнгө болгочихъё гэхдээ машиныг буцаагаад худалдаад аваад өгнө гэж бодсон. Би машиныг нь зараад архи ууя гэж бодсон. Би нэг архи ууж эхлэхээрээ нэлээд хэд хоног уучихдаг юм. ...Манай ээж Цэрэннадмид надаас машин худалдаж авсан Н.М- гэдэг хүнд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэсэн. Машины эзэн Д.Д- машинаа буцаагаад авчихсан. Харин дотор нь байсан гэх түлхүүр багаж намайг машин унаж явахад байгаагүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч В.Б-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран-Дөш багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-69 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч В.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч В.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашааны гаднаас иргэн Д.Д-гийн 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ...улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг автомашинд байсан delico нэртэй 90 амперын 185.000 төгрөгийн аккумулятор, 65.000 төгрөгийн түлхүүрийн ком багаж, 45.000 төгрөгийн дорцовын комыг худалдан борлуулж, хулгайлсан автомашиныг иргэний нэхэмжлэгч Н.М-ад 300.000 төгрөгөөр зарж, хохирогч Д.Д-д нийт 1.795.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/, хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-24 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар хуудас/, шүүгдэгч В.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл “...уг автомашиныг зарж архи авч уугаад дараа нь хохирогчид автомашиныг нь авч өгнө гэж бодсон” гэх мэдүүлгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч В.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашааны гаднаас иргэн Д.Д-гийн ...улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг хулгайлж 1.795.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч В.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.795.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Д-гийн: “...Би машинаа энэ оны 1 сард Гэрэлтэй цонхны урд талын хашаанаас цагдаа нартай хамт явж Н.М- гэдэг хүнээс авсан. ...Би машин хулгайлагдах үед алга болсон 2 дорцовын ком, 2 түлхүүрийн комоо авчихвал ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-24/,

Иргэний нэхэмжлэгч Н.М-ын: “...В.Б-ы ээж гэх эмэгтэй ...миний дансны дугаарыг аваад надад өнөөдөр 17 цагийн үед 300.000 төгрөг шилжүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт хөрөнгийн үнэлгээчний ажлын хөлс 60.000 төгрөгийн баримт болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 36/, үнэлгээчин Б.Мядагмаагаас үнэлгээний ажлын хөлс 60.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 37/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч В.Б-аас 60.000 төгрөгийг гаргуулж хөрөнгийн үнэлгээчин Б.Даваасүрэнд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч В.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч В.Б-д “2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж цагдан хоригдсон хугацааг оруулан тооцож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан, дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь  зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар... тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг баримтлан шүүгдэгч В.Б-ы цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 272 /хоёр зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 448 цагийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.Мядагмаад олгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч В.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Б-ы цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, нийт 272 /хоёр зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас нь хассугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-аас 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.Мядагмаа /РЭ58020801/-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ