Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00883

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00883

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00832/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 1 дүгээр баг, Тосон багт оршин суух Боржигин овогт  Бямбажавын Баасансүрэн /НН62082067/-гийн хүсэлттэй, 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Б.Баасансүрэн нь 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэртээ орох гэтэл архиваас ажиллаж байсан үеийн баримтууд нь гарч ирэхгүй байгаа. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

1. Б.Баасансүрэнгийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс Бямбажавын Баасансүрэнд 1981 оны 04 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын 1 дэх бичилт, 1982 оны 5 сараас 1990 оны 12 сарын 30 хүртэлх хугацааны цалингийн бичилтүүд /хх-н 6-9/,

-Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1981 оны 4 сарын 1-ний өдрийн малчдад тушаал гаргах тухай “нэгдлийн гишүүдийн шинэ дэвтрийг нээж бичихэд урьд ажиллаж байсан тушаал тогтоол олдохгүй байгааг харгалзан үзэж  нэгдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа бүх малчдыг тус тус бригадад 4 сарын 1-ний өдрөөс эхлэн малчнаар томилж, хавсралтаар баталсугай...хавсралтын 57-д Г.Нарантуяа...” гэх бичилттэй 47 дугаартай тушаал /хх-н 10/,

-Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 151/ШШ2016/00607 дугаартай хэнд /нэхэмжлэгч Б.Баасансүрэнг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн даргын 1981 оны 4 сарын 1-ний өдрийн малчдад тушаал гаргах тухай “ 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосон/  шийдвэр /хх-н 11-12/,

-гэрч С.Баярцэнгэлийн “Б.Баасансүрэн Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн саалийн фермд ээжтэйгээ хамт саальчин хийдэг байсан. Би цэрэгт яваад ирэхэд Б.Баасансүрэн нь ажилладаг байсан. Би 1983 оноос одоог хүртэл тус нэгдэлд малчин хийж байна” гэх мэдүүлэг /хх-н 30/,

-гэрч С.Хандаагийн “Б.Баасансүрэн 1971 онд сургуульд ороод 3-р ангид байхдаа сургуулиасаа гараад ээж дээрээ байсан. 1981 онд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд саальчнаар орсон. Тэгээд 1990 он хүртэл ажилласан. Мөн ээж нь бас саальчин хийдэг байсан” гэх мэдүүлэг /хх-н 31/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Б.Баасансүрэнг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт  Бямбажавын Баасансүрэнг Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1981 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ