Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00910

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00910

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, “Төв Чандмань” ДЭХГ-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, 17-8 тоотод оршин суух Цагаан бөөгийнх овогт Сүхийн Дэмбэрэлдулам /ЙН70082518/-д холбогдох,

гэрээний төлбөр 640 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн С.Дэмбэрэлдулам нь дулаан, эрчим хүч, цэвэр усан хангамж, ариутгах татуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхгүй удаа дараа шаардуулж, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулаад байна. Иймд н.Дэмбэрэлдулам нь 2016 оны 02 сарын 01-нээс 2017 оны 05 сарын төлбөр болох 585 636 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу  54 464 төгрөгийн алданги тооцож, тэмдэгтийн хураамж 19 853 төгрөг нийт  659 953 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “-Хариуцагч С.Дэмбэрэлдулам миний бие ДЭХГазраас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 640 101 төгрөгийг С.Дэмбэрэлдулам надаас нэхэмжилсэн юм. Тиймээс энэ нэхэмжилж байгаа мөнгийг 2017 оны 9 сарын 25-наас 2 хувааж 2017 оны 10 сарын 01-нээс дотор төлөхөөр нэхэмжлэгч талтай тохиролцон эвлэрсэн.

Иргэн С.Дэмбэрэлдуламтай тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 9 сарын 25-наас 2017 оны 10 сарын 01-ний дотор 640 101 төгрөг төлөхөөр тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ, хариуцагч С.Дэмбэрэлдулам нар нь 640 101 төгрөгийг 2017 оны 9 сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 50 хувь 9 926.5 төгрөгийг хариуцагч С.Дэмбэрэлдуламаас гаргуулж нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Дэмбэрэлдуламд холбогдох иргэний хэргийн зохигчид 640 101 төгрөгийг 2017 оны 9 сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 50 хувь 9 926.5 төгрөгийг хариуцагч С.Дэмбэрэлдуламаас гаргуулж нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ