| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0175/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/182 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Гэрч Ж.М,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь тэнсэнгийн хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Л.Эын улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д хариуцуулж өгснийг завшиж 1 600 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ан итгэмжлэн хариуцуулсан Хаожи маркийн мотоцикль, 2 нүдний дуран зэргийг завшиж 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... ...” гэв.
Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг мотоцикльтой Тамхи со ХХК-ний үүдэнд тамхи авах гээд зогсож байхад цагдаа Д автомашинтай ирээд миний мотоциклийг хураан авсан. Тэгээд миний мотоциклийг хүнд унуулж явуулаад намайг автомашиндаа суулгаж аваад явсан... 2019 оны 04 дүгээр сарын дундуур Т гэх хүнээс 2 сая төгрөгөр худалдан авч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,
Гэрч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайхаар 4 дүгээр сарын 04-ний өдөр Л.Э, Мгийн хамт үйлчлүүлсэн. Тэгээд манайхаас Даюун маркийн 200 мотортой мотоцикль авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн10-11 дүгээр хуудас/,
Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол Тамхи со дэлгүүрийн үүдэнд 4-5 хүнтэй архи уугаад байж байхад нь би машиндаа суулгаад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Энэ үед хамт байж байсан Тад эд зүйлийн хариуцуулж үлдээж мотоциклийг нь аваад ирээрэй гэхэд “За тэгье” гэж хэлээд яваад өгсөн түүнээс хойш алга болсон байсан... Тухайн мотоциклийг Тад итгэмжлэн хариуцуулж үлдээгээд хойноос аваад ирэх байх гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Н.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг нь санахгүй байна. Би өөрийн ажил болох Барилга орон сууцны 3 дугаар ангийн сааданд сүүдрэвч хийж байхад Т гэх нэртэй улаан өнгийн цамцтай хар өнгийн хавар намар өмсдөг цамцтай залуу байсан. Тухайн үед тэр залуу 2-3 цаг гаран унаж явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг зарна гэж яваад байсан. Тэгээд би цайндаа орж ирчихээд тухайн Т гэх залуутай уулзаж мотоциклио хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуусан тэр залуу 300 000 төгрөгөнд зарна гэж байсан. Тэгээд би үзэж харж байгаад тухайн мотоциклийг худалдан авсан... Тухайн мотоцикль нь шинэ мотоцикль байсан улаан өнгөтэй 200 мотортой Даюун маркийн мотоцикль байсан... Би өөрийн худалдан авсан 300 000 төгрөгөөр авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-719/160 дугаартай: “... Даюун /СС200/ мотоцикль 1 600 000 төгрөг...” гэсэн дүгнэлт хх-ийн 14-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн буруугаа ойлгож байна.... 2019 оны 06 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/. Тамхи Со дэлгүүрийн үүдэнд сууж байтал манай найз М.Э улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикльтой ганцаараа яваад ирсэн. Тэгээд бид 2 уулзаад юм яриад зогсож байтал Тамхи Со дэлгүүрийн үүдэнд саарал өнгийн жижиг суудлын автомашин ирээд зогсож дотроос нь тус цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Д бууж ирээд М.Эыг явъя гэж хэлээд автомашины ард суулгаж мотоциклийн түлхүүрийг нь авч надад өгөөд “чи цагдаа руу наад мотоциклио унаад яваад ирээ” гэж хэлсэн тухайн үед би мотоциклийг нь унаад шууд ар шанд руу явж ар шандын 58 дугаар байрны хажууд мотоцикльтой 2 үл таних залуу зогсож байхаар нь би очиж тэр 2 залуугаас “мотоцикль авдаг ломбард байна уу гэж асуусан тухайн үед тэр 2 залуугийн нэг нь манай найз мөнгөтэй мотоцикль авна гэж яриад байсан” гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугаар найзыг нь хаана байгааг нь заалгаж Төмөр замын саадан дээр очиж тэр залуутай уулзсан. Тэр залууд унаж явсан Улаан ангийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг 300 000 төгрөгөөр зараад явсан. Тухайн үед мөнгөө ууж идээд л дуусгасан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Хохирогч М.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би эхнэр Дгийн хамт Улаанбаатар хот руу цэрэгт байдаг хүүхдээ эргэх гээд хөдөө гэртээ танил болох Тыг малчин Мгийн хамт үлдээгээд хот яваад 5 хоноод эргээд иртэл М Тыг өчигдөр хонь харна гээд гараад явсан эргэж ирээгүй байна гэсэн. Тэгээд би мотоцикль хоёр нүдний дурангаа олж авна гээд Сайншанд суманд ирээд ченж Эбатай уулзахад Т хар Ж хоёр 500 000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Тэгээд би мотоциклио аваад хоёр нүдний дурангаа олоогүй Тын ээжтэй нь уулзахад гэрт орж ирэхдээ дурантай орж ирсэн гэж ярьсан байсан...Тэр 15 тооны бага мал дутаад байхаар нь өргөдөлдөө бичсэн юм хэд хоногийн дараа сүргээсээ тасарсан явж байгаад олоод авсан байгаа алдагдаагүй байсан байна лээ...Одоо Таас хоёр нүдний дурангаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хот явахдаа мал маллуулж гэр сахиулж харуулахаар Т гэх залууг Алтанширээ сумын харъяат М гэх залуутай хамт үлдээчихээд яваад 5 хоночихоод ирэхэд манай гэрт М гэх залуу ганцаараа байсан. Тыг өчигдөр хонь харна гээд яваад ирээгүй 1 хоночихлоо мотоцикльтой явсан... Манай Хаожи маркийн мотоцикль, 2 нүдний Орос дуран... дутаж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-наас 11-ний хооронд яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Сайншанд суманд 24-ийн цэцэрлэгийн хажууд гэрлүүгээ явах гээд алхаж явтал Т улаан өнгийн Хаожи маркийн мотоцикльтой ирсэн... Буцаж орж ирэхдээ ганцаараа зүүж явсан дуран нь байхгүй болсон орж ирээд эндээс гаръя гээд гараад явах гэтэл гадна байсан мотоциклийн арын дугуй нь хагарсан байсан тэр чигээр хийгүй унаж яваад... А гэдэг айлд очсон тэндээ архи ууж байгаад би согтоод баруун орон дээр нь хэсэг унтсан тэр хооронд Т намайг сэрээгээд чи мотоцикль зараадах архи ууя ямар ч асуудалгүй миний мотоцикль байгаа юм хавар би айлд ямаа самнаж өгөөд авсан юм гэсэн... байн байн ирээд зараадах гээд байхаар нь гараад мотоциклийг нь очиж аваад баруун зах дээр ирээд ченж Иба гэдэг хүнд барьцаанд 250 000 төгрөгөөр тавиад буцаад очсон тэгтэл Т байхгүй байсан. Тэгээд би Шанд плазагийн буудалд байж байтал Сайхандулаан сумын А ах утсаар яриад хүрч ирээд Т мотоцикль аваад явсан байна гэхээр нь би болсон зүйлийн талаар хэлээд буцаад мотоциклийг нь авч өгсөн. Дурангийн сав зүүчихээд яваад байсан буудалд байж байгаад нэг орж ирэхдээ байхгүй болчихсон орж ирсэн...Тэд нартай архи ууж байхад Т өөрөө мотоциклио зарж архи авч ууна гээд байсан юм. Тэрийг бол Сүх, Б, С нар бол мэднэ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 102, 130 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- 719/199 дугаартай: “...Хоёр нүдний орос дуран 350 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-104-106 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-619-130 дугаартай: “...Хаожи маркийн мотоцикль 240 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-111
дүгээр хуудас/,
Гэрч Л.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын дундуур би Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Шинэзуун захын гадаа түүхий эд аваад зогсож байтал өдөр Т гэх залуу явган хүрч ирээд “Тын мотоциклийг танд 250 000 төгрөгөөр барьцаанд тавьчихъя гэж хэлэхээр нь би “Тын мотоцикль юм бол авахгүй ээ наадах чинь асуудалтай хүн” гэсэн чинь өөдөөс “Энэ асуудалгүй гэж өөрөө хэлсэн, ах нь авч өгсөн гэж байсан” гэж хэлэхээр нь итгээд 250 000 төгрөгөөр барьцаанд авчихсан юм. Энэ үйл явдлын дараа би гэртээ унтаж байтал шөнө 00 цагийн үед А над руу залгаад “Чамд миний мотоцикль байгаа гэж байна, чи хаашаа юм хулгайн эд зүйл авдаг болоо юу” гэхээр нь би гайхаад “Юу яриад байгаа юм наадах чинь хулгайн эд зүйл биш, Т авч ирж өгсөн шүү дээ" гэж хэлтэл “Наадах чинь миний мотоцикль байгаа юм аа мал харж байсан Т наадахыг чинь унаад явсан юм тэгээд зарчихаж" гэж хэлээд удалгүй Тын хамт манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд уулзаж хэсэг ярилцаад маргааш мотоциклийг нь өгөхөөр тохиролцож салцгаасан ба маргааш нь мотоциклийг нь Ад өгөөд явуулсан... Би 250 000 төгрөгөө буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т, Т 2 улаан өнгийн шинэвтэр мотоцикльтой явж байхаар нь би “Энэ хэний мотоцикль вэ” гэж асуутал Т надад “Миний мотоцикль байгаа юм, энийг 500 000 төгрөгөөр зарчихмаар байна” гэж байсан. Тэгээд ер нь манайд ирсэнээсээ хойш л тэр мотоциклийг “Зарчихмаар байна, зарчихвал шууд хот явлаа” гээд байсан. Тэгээд Шанд плаза зочид буудалд очиж ууцгаасан ба би нээх удалгүй гарч яваад харьсан.... Тухайн үед 2 нүдний дуран Тын энгэрт зүүлттэй байсныг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
Гэрч Э.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь бол сайн санахгүй байна... Миний танил С гээд ах надруу утсаар яриад Шанд плаза буудалд байна хүрээд ир гэж дуудсан юм... хүрээд очиход өрөөнд С ах болон Т, Т, Б/бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гээд залуу нар архи ууцгааж байсан... архийг ууж байхад Т хөдөө байж байгаад мотоцикльтой ирсэн гэж байсан. Тэгээд Т архи дууссан чинь мотоциклио зарж архи авч ууя авах хүн байна уу гэхээр нь чинийх мөн юм уу гэхэд минийх мөн гэж байгаа байсан юм. Тэгээд л би тэгвэл авах хүн олж өгье гээд Т болон Бгийн хамт буудлаас гарсан. Харин Т болон С ах үлдээд хоцорсон юм. Тэгээд бид гурав буудлаас гараад офицерийн баруун талд байдаг модон дэлгүүр орж тамхи авах гээд Тын мотоцикль болох улаан өнгийн шинэвтэр Хаожи маркийн мотоцикль дээр сундлаад явсан юм. Тухайн үед Шанд плаза буудлын гадаа уг мотоцикль нь зогсоол дээр нь байсан юм... Тэр үед Т ер нь энэ дурангаа зарнаа авах хүн байна уу гэхээр нь би зүс таних Мгээд ахтай утсаар яриад 2 нүдний дуран хүн зарна гэж байна та авах уу гэхэд за очиж үзье гээд удалгүй машинтайгаа хүрээд ирсэн юм. Тэр үед Т бид нараас зайтай мотоцикль дээрээ үлдсэн байсан юм. Тэгээд Ббид хоёр Махтай уулзаад Тын өгсөн дуранг үзүүлсэн юм. Тухайн дуран нь хар билүү хүрэн өнгийн ширэн гэртэй 2 нүдний хар өнгийн дуран байсан юм. Тэгээд Махад үзүүлээд 20 000 төгрөгөөр зарна гэхэд одоо бэлэн 20 000 төгрөг байхгүй байна одоо энийг авчих гээд 10 000 төгрөг өгсөн юм. Харин дараа нь 10 000 төгрөгөө авчихаарай гэсэн. Тэгээд Ббид хоёр Махын машинд суугаад дэлгүүр хүргээд өгчих архи авах гэсэн юм гээд дэлгүүр хүргүүлж архи авчихаад буцаад модон дэлгүүрийн гадаа иртэл Т мотоцикльтойгоо яваад өгсөн байсан... нөгөө дуран зарсан мөнгөөр авсан архиа аваад өөр газарт очиж бид 2 уусан... Т буудалд өглөө архи ууж байхдаа л миний мотоцикль зарж архи уумаар байна авах хүн олоод өг гээд л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр модон дэлгүүрийн гадаа нь очиход С, Бгээд залуугийн хамт явж байсан. Тэгээд намайг очиход 2 нүдний гэртэй дуран үзүүлээд 20 000 төгрөгөөр зарах гэсэн юм гэсэн. Тэгээд би уг дуранг нь авахаар болоод одоохондоо 10 000 төгрөг байна дараа нь 10 000 төгрөгийг нь өгье гээд уг дуранг нь авсан юм... Би өдөр нь таксинд явж байгаад мөнгөтэй болоод 10 000 төгрөгийг нь өгөөд явсан... одоо тэр дуран байхгүй... хөдөөний бололтой хүн таксинд суухаар нь ...30 000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь тэнсэнгийн хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн Л.Эын улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Д хариуцуулж өгснийг завшиж 1 600 000 төгрөгний хохирол учруулсан,
Мөн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ан итгэмжлэн хариуцуулсан Хаожи маркийн мотоцикль, 2 нүдний дуран зэргийг завшиж 590 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Тыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тад Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний нэхэмжлэгч Н.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...300 000 төгрөг хүлээн авсан гомдолгүй...” гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А 350 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.И 250 000 төгрөг тус тус нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Тыг бусдад төлөх төлбөртэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь нийт 13 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Эын эх Ж.Мд олгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тад Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, уг тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 350 000 төгрөг гаргуулж М.Ад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Л.Иын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд зааснаар Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа Даюун маркийн улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг хохирогч Л.Эын эх Ж.Мд буцаан олгосугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч байгууллага, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА