| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2017/02458/И |
| Дугаар | 2135 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2135
ГБХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ГБХХК-ийн, хариуцагч Х.Нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 088 118.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч ГБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ГБХХК-тай ЗГ1205048951 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй. Иймд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2 845 705.94 төгрөг, зээлийн хүү 1 103 035.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 377.48 төгрөг, нийт 4 088 118.60 төгрөгийг Х.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би зээл авснаас хойш зээлийг хэвийн төлж байгаад хүнд өвдсөний улмаас зээлээ төлөх боломжгүй болсон. Мөн би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн насанд хүрсэн учир ажлаасаа гарч тэтгэвэрт гарсан. Одоогийн байдлаар ажилгүй, бие хүнд өвдсөн учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг буруу зөрүү гэж маргах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Нээс 4 088 118.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГБХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 80 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГБХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би ажил хийж байхдаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байсан ба эрүүл мэндийн байдал эрс муудаж, олон сараар эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэсэн. Ингээд аргагүйн эрхэнд өөрийнхөө хүсэлтээр хувь тэнцүүлэн бодож, тэтгэвэртээ гарсан. Өмнө нь ГБХХК-иас 10 гаруй удаа зээл авч, буцаан төлж байсан. Иймд үндсэн зээлийг төлнө,лийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй чадваргүй байх тул энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Х.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 088 118.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Х.Нд 5 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зохигчид дээрх үйл баримтын талаар, мөн хариуцагч Х.Н, зээлийн төлсөн дүн болон үлдэгдлийн талаар маргаагүй, харин хариуцагч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэхийг хүсч, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх”-ээр, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус заажээ.
Хэргийн 5-8 дугаар талд авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд гэрээний 2.1.1, 3.1.1 дэх заалтаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, уг маргаанд хамааралтай хуулийг оновчтой хэрэглэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 80 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЦЭНД