Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр                                 2019/ДШМ/15                                                             Зуунмод

 

Г.У-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Хохирогч Х.Пүрэвсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Г.У ,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 826 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Г.У-т  холбогдох 1834000900102 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч Г.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн баруун талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүдэнд нь “Хараа” нэртэй тал шил архиар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.У-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 826 дугаар шүүгчийн захирамжаар: 

            Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.У-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

 Прокурор эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Г.У-т  холбогдох эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно." гэж заасан байна. Хэргийн холбогдогч Г.У ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Хараа" нэртэй архины шил нь тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан эд зүйл биш бөгөөд архины шилийг тохиолдлын шинжтэй хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 826 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төв аймаг дахь суд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар 03-ны өдрийн 826 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Г.У  нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн архины шил нь тохиолдлын шинжтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Архины шилний хувьд тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй байдаг гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Архины шил зэвсэг мөн, биш гэдгээс болж энэ хэрэг шийдэгдэхгүй жил шахам боллоо. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна. Хуульд тайлбарласнаар шил нь хүний биед гэмтэл учруулах боломжтой тул зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд хамаарахаар байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Пүрэвсүрэн гаргасан тайлбартаа: Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.У-т холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Пүрэвсүрэнгийн “...Г.У  ахын дүү чи ингэх болоогүй, амжихгүй шүү гэж надад хэлсэн. Тэхээр нь би нүүрлүү нь салаавч гаргасан. Тэгсэн Г.У  машинаа зогсоо гэж Болд-Эрдэнэд хэлээд надад хандаж чи буугаад ир гэж хэлээд Г.У  машинаас буусан. Тэхээр нь би араас нь буутал Г.У  намайг зүүн нүдрүү тал шилтэй архиар цохисон.” /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Г.У ын: ”..чи зүгээр байгаарай Пүүжээ гуай гэж хэлээд урагшаа харж суусан. Дараа ар мөрөн дээр цохисон. Эргээд хартал амруу салаавч хийсэн. Тэхээр нь би уурлаад машинаа зогсоо гээд бид хоёр буугаад тал шилтэй архиараа толгойн зүүн талруу нь баруун гараараа цохисон...” /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Г.Болд-Эрдэнийн: “...Г.У  Х.Пүрэвсүрэнд ахынх нь үе арай өнгөрөөгүй байгаа гэсэн. Тэгтэл Х.Пүрэвсүрэн Г.У т май бандиа үзэх үү гэж хэлээд салаавч өгсөн. Тэгээд Г.У  Пүрэвсүрэн хоёр Мандал бид хоёроос түрүүлж буугаад Г.У  Пүрэвсүрэнг 0,5 граммын тал шил Хараагаар толгой руу нь цохисон байсан.” зэрэг мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн  тэмдэглэл, хэргийн 11 дүгээр хуудсан дахь гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Соёлын төвийн баруун талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Г.У  нь хохирогч Х.Пүрэвсүрэнг дотроо тал хэмжээний архитай “Хараа” архины шилээр толгой руу нь цохисон үйл баримт  тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх “шүүгдэгч Г.У  нь хохирогч Х.Пүрэвсүрэнгийн толгой руу цохисон дотроо тал хэмжээний архитай “Хараа” архины шилийг бүтцийнхээ хувьд аливаа биетийг устгах, гэмтээх чанартай зүйл гэж мэдэх боломжтой, мэдсээр байж архины шилээр цохиж байгаа үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн байж болохоор байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байж болохоор байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн байхаар хуульчилсан ба  “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл “ гэдгийг  уг хуулийн тайлбар хэсэгт “ ...иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл , тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байна.  

 

Шүүгдэгч Г.У ын  хохирогч Х.Пүрэвсүрэнгийн толгой руу  цохисон  архины  шил нь бүтцийнхээ хувьд дотроо шингэн зүйлийг хийх, агуулах шинж чанар бүхий  зориулалттай эд зүйл бөгөөд тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зэвсгийн чанартай эд зүйлийн шинжийг хангаагүй  байх тул түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгч захирамжиндаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дахин нэмж, шалгаж тодруулах шаардлагатай мөрдөн шалгах ямар ажиллагааг явуулахыг тодорхой заагаагүй нь ойлгомжгүй байна.

 

Иймээс прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд “Давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх”, 38.4 дүгээр зүйлд “Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх тухай” хуульчилсан.

 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  826 дугаартай шүүгчийн захирамжинд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр прокурор эсэргүүцэл бичсэн байх бөгөөд уг   эсэргүүцлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн оролцогч нарт танилцуулж, эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх тухай анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тоот 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байна.

 

Гэтэл  шүүх  2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан прокурор эсэргүүцлийн хуулбарыг дараагийн ажлын өдөрт буюу 12 сарын 25-ны өдөрт багтаан оролцогчдод хүргүүлж, оролцогч нар эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц 2019 оны 01 дүгээр 04-ний өдөр хавтаст хэрэгт эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсарган давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байтал  хуульд заасан хугацааг хэтрүүлж эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаад цаашид анхаарвал зохино.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 826 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.У-т холбогдох эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Цэгцгина овгийн Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Прокурор Б.Энхболдын гаргасан эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдсугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                  ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ