Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 042

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Т.Маншүк,
улсын яллагч: Т.Серикжан,
шүүгдэгч: Х.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Өөлөг овогт Хорлоогийн Батгэрэлд холбогдох эрүүгийн 201604000148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч Х.Батгэрэл: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, Өөлөг овогт Хорлоогийн Батгэрэл, БА83111418 регистрийн дугаартай, 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Х.Батгэрэлийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Батгэрэл нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр оройн 20 цагийн орчимд Алтай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Сагсай голын цагаан гүүрийн хажууд хохирогч Б.Амарбаясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “ ... Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Өөлөг овогт Хорлоогийн Батгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Х.Батгэрэл нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед Алтай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сагсай голын цагаан гүүрийн хажууд хохирогч Б.Амарбаясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчээс уг гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: хохирогч Б.Амарбаясгалангийн мэдүүлэг, гэрч Баянболдын мэдүүлэг, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 324 дугаар шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэлтийн шатанд Х.Батгэрэлийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг болон түүний өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэх, уг ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг бүртгэлтийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Х.Батгэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шийтгэх тогтоол гарвал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйл байхгүй” гэв. 
Мөн шүүх хуралдаанд: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, хохирогч Б.Амарбаясгаланг байцаасан тэмдэглэл, гэрч Х.Баянболдыг байцаасан тэмдэглэл, шинжээч З.Досаны 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлт, Х.Батгэрэлийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч Х.Батгэрэлийн гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч Х.Батгэрэл нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр оройн 20 цагийн орчимд Алтай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Сагсай голын цагаан гүүрийн хажууд хохирогч Б.Амарбаясгаланг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Б.Амарбаясгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орой 20 цагийн үед Баянболд ахтай хамт мотоциклоор сумын төвөөс гарч хөдөө явж байхад замдаа Сагсай голын гүүрийн наад талд Батгэрэл таарсан. Тэр согтуу мотоциклтэй зогсож байсан. Би Батгэрэлд голоор миний мотоциклыг гаталгаж өг, би гаталж чадахгүй юм шиг байна гэхээр нь гаталгаж өгөөгүй болохоор надтай хамт явж байсан Баянболд ах гаталгаж өгсөн. Голоор гаталсны дараа Батгэрэл нь Баянболд бид хоёрт пиво хий гэхэд Баянболд нэг ширхэг пиво хийсэн. Пиво уугаад надаас пиво нэхэхээр нь пиво байхгүй гэхэд чи муу арчаа муутай новч, нэг пиво хийж чадахгүй гээд намайг цохиж зодоод миний мотоциклын түлхүүрийг булааж авсан. Тэгээд би мотоциклын кундакторын утсыг салгаж асаагаад ирсэн. Намайг Батгэрэл зодож байх үед надад хандаж чи хавар миний ямааг самнаад өг гэхэд самнаж өгөөгүй байсан. Чамайг гуйлга гуйгаад ирэхийг чинь харна гээд зодсон. Намайг Х.Батгэрэл нь заамдаж барьж аваад зүүн талын нүдний хэсгээр 1 удаа цохисон. Хүзүүнээс цохисон ба нэг мэдэхэд би ухаан алдсан ба Баянболд ах ус цацаад ухаан оруулсан юм. Ухаан орсны дараа дахиж дайрахаар Баянболд ах Батгэрэлийг барьж авсан. Хэсэг хугацааны дараа дахиж би өөрөө ухаан алдаж унасан ба Баянболд ах дахин ус цацаад ухаан оруулсан. Х.Батгэрэл намайг зодсоны улмаас миний зүүн талын нүд хөхөрч, толгой өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, 
    - Гэрч Х.Баянболдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс сумын төвд хувийн ажлаар ирсэн ба ажлаа дуусгаад орой 20 цагийн орчимд сумаас буцаж хөдөө явж байхад Сагсай голын гүүрний наад талын жижиг голд Х.Амарбаясгалан мотоциклоос унаад зогсож байсан.      Намайг очиход бага зэрэг согтуу байсан ба надад мотоциклыг маань гүүрнээс гаталгаад өгөөч гэхээр нь мотоциклыг нь гаталгаж өгсөн. Намайг Х.Амарбаясгаланы мотоциклыг гүүрээр гаталгаж байх үед цаанаас Х.Батгэрэл  гүүрээр гаталж ирж байсан. Б.Амарбаясгаланы мотоциклыг гүүрээр гаталгаж   өгөөд буцаж ирэх үед Х.Батгэрэл, Амарбаясгалан хоёр хоорондоо маргалдаж, зодолдож байхад нь би салгаж авсан. Тэгээд Амарбаясгалан бид хоёр хөдөө   явсан бөгөөд Х.Батгэрэл хоцроод үлдсэн юм. Х.Батгэрэл нь гараар Б.Амарбаясгаланы зүүн нүдний хэсгээс нэг удаа цохисон. Цохисны улмаас Б.Амарбаясгалан ухаан алдаж газар унасан ба зүүн талын нүд нь хөхөрсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч Х.Батгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт хэвтэж байгаа 2 хүүхдэд очих гээд сумын төвд явж байсан. Явахаас өмнө ууланд Халтар гэгч хүнтэй хамт 0,5-ын нэг шил архийг уусан. Тэрний дараа мотоциклоор Сагсай голын гүүрд ирж Баянболд, Б.Амарбаясгалан нартай тааралдсан. Баянболд нэг ширхэг пиво хийсэн ба түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд ухаан орох үед Сагсай голын цаана байдаг моорогны хажууд хэвтэж байсан. Маргааш нь Б.Амарбаясгалан гэгч залууг би зодсон талаар сонссон. Би согтсон болохоор Б.Амарбаясгаланд юу хэлж, яаж зодсоноо ч санахгүй байна. Маргааш нь Амарбаясгалан надад ирж та намайг зодсон. Мөн миний мотоциклын түлхүүрийг булааж авсан гэж хэлсэн. Тухайн үед Б.Амарбаясгаланы зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 
    - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.Батгэрэлийн гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Батгэрэлд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Батгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Х.Батгэрэлд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Х.Батгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Х.Батгэрэл нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнд баривчлах ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Учир нь шүүгдэгч Х.Батгэрэлийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. 
Мөн нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасныг ял оногдуулахад анхаарч үзэв.
Шүүгдэгч Х.Батгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Батгэрэл нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 4 тооны үхэр, 6 толгой хонийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Батгэрэлд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Батгэрэл нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлөг овогт Хорлоогийн Батгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батгэрэлд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Батгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шүүгдэгч Х.Батгэрэл нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 4 тооны үхэр, 6 толгой хонийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шүүгдэгч Х.Батгэрэл нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Батгэрэлд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Батгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       А.ДАУРЕНБЕК