Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0423

 

 

2015 оны 9 сарын 02 өдөр  Дугаар 221/МА2015/0423

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д, Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ын нэхэмжлэлтэй, ТЕГ-ын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин Төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж хуульчилсныг зөрчөөгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг удирдлага болгож, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Түүнчлэн тушаалд тэмдэглэгдсэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15-д тахарын албан хаагч, ажилтаны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 заалтуудыг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож, нотлогдоогүй, тушаалд дурдагдсан зөрчил, миний үйлдэл эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоогүй, дурдагдсан зөрчлөөс учирсан гэм хор, хор уршиг бий болоогүй, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад Тахарын албаны дарга Д.М-ын нууц гэх нотлогдоогүй мэдээллийг үндэслэн шалгалт хийсэн нэрийдлээр ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байх тул ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгөхийг хүсч, нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ТЕГ-ын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Б  нь Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96/90 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.15, Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4.1.7, 4.1.8-д заасныг зөрчсөн. Тус дүрмийн 5.2-д заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсний дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 9 дүгээр тойргийн тахарын албаны алба хаагчдаар өвөлжөөний мод зөөлгөхдөө жолоодох эрхээ хасуулсан жолоочийн машинаар зөөсөн гэснийг албаны шалгалтын явцад илрүүлсэн... Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Тахарын албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 19 дүгээр зүйлийн 19.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ТЕГ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр Б.Б , Г.М, Д.М нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Р нар давж заалдах гомдолдоо: ...Тушаалд дурдсан зөрчил нь хууль тогтоомжийн дагуу бүрэн шалгагдаж тогтоогдоогүй. Бүрэн нотлохгүйгээр зөвхөн туслах тахар Г.М, Э.Б, Б.Ч, тойргийн тахар Д.М нарын 7-8 хүн, маш хүн, заасан тооноос илүү хүн уулзуулсан гэх гүтгэсэн тайлбар тодорхойлолтыг нотлох баримт болгон шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 11 хүнийг шүүгдэгч нартай уулзуулсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

 

Учир нь, би шүүгчийн зөвшөөрөлгүй хүмүүсийг шүүгдэгч нартай уулзах зөвшөөрөл өгдөггүй, тийм эрх хэмжээ, зохицуулалт надад байхгүй юм. Есдүгээр тойргийн тахар шүүх хурлын хамгаалалтын төлөвлөгөө, зураглал, томилгоо хийгдэж, тойргийн тахар жагсааж үүрэг тавих журамтай. А.Ш нарт холбогдох хурал 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн бөгөөд энэ журам хэрэгжээгүйг би тойргийн тахарт танилцуулсан. Энэ өдөр би хотод эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа очиход шүүх хурал эхэлчихсэн хэн хэн гэдэг тахар хаана, ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхой бус, туслах тахарууд ямар үүрэгтэйгээ мэдэхгүй байж байсан юм. Засгийн Газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэх оногдуулах, төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж зохицуулжээ. Гэтэл миний бие Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 15 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 40 дүгээр зүйлд заагдсан хориглох зохицуулалтуудыг огт зөрчөөгүй, энэ үндэслэлээр шалгаж тогтоосон асуудал байхгүй. Мөн ТЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 12.2-т Сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулна. Дор дурдсан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцно. 12.2.1-д ажлын байранд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн буюу хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, 12.2.2-т байгууллагын нэр хүнд үйл ажиллагааны талаар нийгэмд ташаа мэдээлэл хүргэсэн, 12.2.3-д Сахилгын зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан гэж заасан байна.

 

Миний бие дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргаагүй байтал ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журамд ч нийцэхгүй байгааг шүүхэд тайлбарласан. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1-д шүүгч, баривчлах хорих ял шийтгүүлсэн ялтанд шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө, Цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанд шүүх хуралдаан дуусмагц гэр бүлийн гишүүд, садан төрлийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно гэж хуульчилсан байхад Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.15-д Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна гэж заасан нь энэхүү хуулийн зохицуулалтыг хэт хязгаарласан нь хуульд нийцэхгүй /хууль тоо, хугацаа заагаагүй/ зөрчилдөж байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

 

Журамд заасан тооноос илүү хүн уулзсанаар /тушаалд дурдсан 11 хүн/ шүүх, шүүгчийн аюулгүй байдалд ямар нэгэн хор хохирол, ноцтой байдал бий болоогүй ямар нэгэн санал гомдол одоо хүртэл гаргаагүй байна. Шүүхэд хандаж тушаалд дурдагдсан 11 хүн хэн хэн байсан. Хэн гэгч шүүгдэгчтэй уулзсан болохыг өөрсдөөс нь болон шүүгдэгч нараас асууж шалгаж тогтоосон зүйл байгаа юм уу. Шалгуулж тогтоолгох хүсэлт тавьж тайлбарласаар байтал шүүх хүлээн авч хангахгүйгээр зөвхөн зохион байгуулалттайгаар миний эсрэг хуульд заагдсан арга хэлбэрээр авагдаагүй нэг төрлийн нотлох баримт болох 3 туслах тахарын тайлбарыг /гэрчийн мэдүүлгийн/ үнэн гэж дүгнээд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Эдгээр тахаруудаас хуульд зааснаар гэрчийн мэдүүлэг авч надтай нүүрэлдүүлэх, зөвшөөрөлгүй уулзсан гэх 11 хүн хэн хэн байсан, хэн гэгч шүүгдэгчтэй хэн гэдэг хүний зөвшөөрлөөр уулзсан болохыг уулзсан хүн, шүүгдэгч нараас асууж шалган нотлож, тогтоогоогүй байж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, тайлбар, гэрч мэдүүлэг өгөхөөр заасан. Гэтэл шалгалт хийж байх үедээ гэрч болох тахаруудад хууль сануулахгүйгээр авсан тайлбарууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй юм гэдэгт шүүх анхаарч үзсэнгүй. 9 дүгээр тойргийн тахар Д.Мөнхзулыг ажлаа мэдэхгүй, шүүх хурлын харуул хамгаалалтын төлөвлөгөө, зохион байгуулалтын төлөвлөгөө хийхгүйгээр шүүх хурал эхлүүлсэн байна гэж өөрийнх нь дутагдлыг үнэн зөв хэлсний төлөө өөрийн гэх Э.Болдсайхан, Б.Чин-Очир нар мэдээлсэн гэх Д.Мөнхзулын нууц гэх мэдээллээр ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна.

 

Аливаа асуудал бодит үнэн шударга ёс, хууль тогтоомжид нийцсэн байх нь зүй зохистой билээ. Ажил, албан тушаалын эрх мэдлээ урвуулан дарамтлаж, Д.Ч, Э.Бн, Ч.Б, Х.Б нараар хувьдаа ажил хийлгэсэн, хашааны мод ачуулсан гэсэн нь үндэслэлгүй, тэднийг ээлжийн болон 7 хоногийн амралттай өдөр нь би гуйж тэд нар сайн дураараа зөвшөөрч надад тусалсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрхэм шүүгч нараас ийнхүү гомдлыг минь хүлээн авч хэргийн материалтай сайтар танилцаж нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б  нь "ТЕГ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр "Б.Б , Г.М, Д.М нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Б нь 9 дүгээр тойргийн Тахарын албаны дэд бөгөөд Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн даргаар ажиллаж байгаад ТЕГ-ын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэлээр ажлаасаа халагдсан байна.

 

Маргаан бүхий 499 дүгээр тушаалын нэхэмжлэгчид хамаарах 1 дүгээр хэсэгт "...Б.Б  шүүгчийн зөвшөөрөлгүйгээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 11 хүнийг шүүгдэгч нартай уулзуулсан, хуяглан хүргэх харуул, туслах тахар Б.Ч ажлын 5 өдөр, журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б, Ч.Б нарыг амралтын өдрөөр хувийн ажилдаа ажиллуулсан..." гэсэн байх бөгөөд дээрх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх ТЕГ-ын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсээс хийсэн албан шалгалтаар "...2014 оны 9 дүгээр сард амралтын өдрүүдэд хуяг жолооч, туслах тахар П.Б, журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б, харуул хуяг, туслах тахар Ч.Б нараар Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд байсан өвөлжөөг ачуулж, Сэлэнгэ аймгийн Баруун хараа чиглэлд төмөр замын 196 дугаар зөрлөгийн ойролцоо буулгасан, 2014 оны 7 дугаар сард ...өөрийн хувийн хүнсний дэлгүүрийн дотор заслын ажилд журмын дагуу 2 ялтныг хөлсөөр ажиллуулсан ба тэднийг хуяглан хүргэх харуул хуяг, туслах тахар Б.Ч-оор харгалзуулж ажиллуулсан.." нь гэрчийн мэдүүлэг хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөг нараас албан тушаалын байдлаар биш хувийн журмаар гуйж ажиллуулсан гэх боловч дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь өөрийн хувийн хүнсний дэлгүүрт ажилласан 2 ялтныг туслах тахар Б.Ч-оор харгалзуулж ажиллуулсан ажлын 5 хоногийн цалинг албан үүргээ гүйцэтгэснээр олгожээ. Мөн өвөлжөө ачуулахдаа жолооны эрхээ хасуулсан этгээдээр авто машиныг жолоодуулсан байх бөгөөд эрхээ хасуулсан талаар тухайн этгээдийг мэдэгдэх үед уг зөрчлийг зогсоохын оронд үргэлжлүүлэн авто машинаа барихыг шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалган тогтоож, нэхэмжлэгчид өөрт нь танилцуулж эрхийг нь хангасан, зөрчлийг шалгах явцдаа процессын алдаа дутагдал гаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх ТЕГ-ын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсээс баталсан удирдамжийн дагуу албан шалгалтыг газар дээр нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хийж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А.Ш нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурлын үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан 9 дүгээр тойргийн тахарын албаны дарга, тойргийн тахар Д.М, тойргийн шадар тахар Б.Б , журам сахиулах хуяг, туслах тахар Г.М, Г.Г, Э.Б, хуяглан хүргэх хуяг, туслах тахар Б.Б , Б.Б, Б.Ч, харуул хуяг, туслах тахар Д.А, Ш.Ш, Ч.Б, хуяг жолооч, туслах тахар Д.Б, иргэн Х.Б нараас тайлбар авч, шүүгчийн уулзалтын бичгүүд, шүүхэд нэвтрэгсдийн бүртгэл зэрэг шаардлагатай материалыг судалж, дүгнэлт, танилцуулгыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргаж холбогдох удирдах албан тушаалтнуудад танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дүгээр зүйлд "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж заасны дагуу албан шалгалтыг зохих журмын дагуу явуулжээ гэж дүгнэхээр байна гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.

 

Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96, 90 дугаар тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15, ТЕГ-ын даргын 2014 оны 208 дугаар тушаалаар батлагдсан Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн3 3 дугаар зүйлийн 3.1.14. 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр гарсан байх бөгөөд тухайн гаргасан зөрчилд холбогдох хууль, тогтоомжийг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

              

 

                ШҮҮГЧ                                                                                    Д.БААТАРХҮҮ

 

                ШҮҮГЧ                                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР