| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00900/и |
| Дугаар | 151/ШШ2017/00887 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2017/00887
| 2017 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2017/00887 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 151/2016/00900/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, Б4-2 тоотод оршин суух Боржигин овогт Хэнмэдэхийн Урангэрэл /НЮ76101269/-ийн нэхэмжлэлтэй,
охин У.Номингэрэл, У.Номинцэцэг нарын насыг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Урангэрэл, гэрч Р.Лхагвасүрэн, Д.Хэнмэдэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Урангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Би өөрийн төрүүлсэн 2008 онд төрсөн У.Номингэрэл, 2012 онд төрсөн У.Номинцэцэг нарыг иргэний бичиг баримтаа бүрдүүлж иргэний цахим үнэмлэхээ авч чадаагүй байсан учир хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг авч чадахгүй явсаар 2013 онд иргэний цахим үнэмлэхээ авсан юм. Иймд миний 2008 оны 09 сарын 3-ны өдрийн 16 цаг 20 минутанд 2.6 кг жинтэй 47 см урттай төрүүлсэн охин У.Номингэрэлийг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик мэдээллийн албаны тодорхойлолт мөн 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрүүлсэн У.Номинцэцэгийг Нийслэлийн хүрээ амаржих газрын төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ болон дээрх 2 хүүхдийн биеийн байдал сайн эрүүл бойжиж байгаа тухай 5-р багийн тодорхойлолт зэргийг үндэслэн У.Номингэрэл, У.Номинцэцэг нарын төрсөн он сар өдрийг тогтоолгохыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргав.” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Урангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Би анхны хүүхдээ төрүүлж байхдаа иргэний үнэмлэхгүй байсан. Тэгээд 2013 онд иргэний үнэмлэхээ авсан боловч гээгдүүлсэн тул сая шинээр авсан. Тухайн үед бичиг баримтгүй байсан учир хүүхдүүддээ төрсний гэрчилгээг нь аваагүй байгаа. Том охин Номингэрэл Эх нялхсын эмнэлэгт 2008 оны 9-р сарын 3-нд төрсөн. Дунд охин Номинцэцэг 2012 оны 1-р сарын 26-нд 2-р төрхөд төрсөн. Манай 2 хүүхэд ямар ч бичиг баримтгүй. Иймд 2 хүүхэддээ бичиг баримтыг нь авч өгч 9-р сарын 1-нд сургуульд оруулах гэж байгаа тул охин У.Номингэрэл 2008 оны 9 дүгээр сарын 3-нд охин У.Номинцэцэгийг 2012 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн болохыг тогтоож, насыг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэхэмжлэгч Х.Урангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 2/, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 242/002118, мөн 242/002119 дугаартай Боржигин овогт Хэнмэдэхийн Урангэрэлийн төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 7-8/, 2016 оны 5 сарын 19-ний өдрийн багийн эмч Ц.Нямцэрэнгийн гаргасан Урангэрэл овогтой Номингэрэл, Урангэрэл овогтой Номинцэцэг нар нь эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх тодорхойлолт /хх-н 9/, ЭХЭМҮТөвийн Статистик мэдээллийн албаны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-н 10/, Нийслэлийн хүрээ амаржих газрын 2016 оны 04 сарын 18-ны өдрийн төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ /хх-н 11/, гэрч Р.Лхагвасүрэн, Д.Хэнмэдэх нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Урангэрэл нь тус шүүхэд өөрийн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр, У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн болохыг буюу насыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Боржигин овогт Хэнмэдэхийн Урангэрэлийн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн одоо 8 нас 11 сар 25 хоногтой, У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн одоо 6 нас 7 сар 2 хоногтой болох нь:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Статистик мэдээллийн албаны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн “Хэнмэдэх овогтой Уранчимэг, төрөлтийн түүхийн №2301, нярайн түүхийн №949 ЭХЭМҮТ-ийн т/д тасагт 2008 оны 09 сарын 03-ны өдрийн 16 цаг 20 минутанд 2,600 кг жинтэй 47 см урттай охин төрүүлсэн нь үнэн болно” гэх бичилттэй тодорхойлолт /хх-н 10/,
-Нийслэлийн хүрээ амаржих газарын 2016 оны 04 сарын 18-ны өдрийн “Хэнмэдэхийн Уранчимэг...2012 оны 01 сарын 26-ны өдөр эмнэлэгт, ихэр биш, өөрөө, амьд, эмэгтэй, 2.850 грамм, 46 см, хүүхэд төрүүлсэн” гэх төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ /хх-н 11/,
-гэрч Р.Лхагвасүрэнийн “Х.Урангэрэл нь 3 хүүхэдтэй. 2008 оны 9-р сарын 3-нд охин У.Номингэрэл нь төрсөн. 2012 оны 1-р сарын 26-нд охин Номинцэцэг нь төрсөн. Харин хаана төрснийг нь сайн мэдэхгүй байна. Х.Уранцэцэг одоо 3 хүүхэдтэй. Би Х.Уранцэцэгтай айл саахалт байсан болохоор мэддэг юм.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/
-гэрч Д.Хэнмэдэхийн “Том охин Номингэрэл нь 2008 онд төрсөн. Дунд охин Номинцэцэг нь 2012 онд Эх нялхаст төрүүлсэн. Номинцэцэгийг 2-р төрхөд төрүүлсэн. Төрсний гэрчилгээ байхгүй учир хүүхдүүд нь сургуульд ороогүй байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Боржигин овогт Хэнмэдэхийн Урангэрэлийн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн, охин У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн боловч төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тогтоох, мөн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн, одоо 8 нас 11 сар 25 хоногтой, У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, одоо 6 нас 7 сар 2 хоногтой болохыг тус тус тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13-т тус тус зааснаар Боржигин овогт Хэнмэдэхийн Урангэрэлийн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр, охин У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр тус тус төрсөн боловч төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг, мөн охин У.Номингэрэл нь 2008 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн, одоо 8 нас 11 сар 25 хоногтой, У.Номинцэцэг нь 2012 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, одоо 6 нас 7 сар 2 хоногтой болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Х.Урангэрэл нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ