| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00702/и |
| Дугаар | 151/ШШ2017/00888 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2017/00888
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00888 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2-р хороо, 40-2-р байранд байрлах “Хустайн цогцолборт газар”-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Аргалант сум, 1-р баг, Хангайн 4 тоотод оршин суух Булга овогт Батсүхийн Болд-Эрдэнэд холбогдох /НЬ94122419/-д холбогдох,
Гэрээний төлбөр 4 422 000 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 03 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-...Төв аймгийн Аргалант сумын иргэн Батсүх овогтой Болд-Эрдэнэ “Хустайн цогцолборт газар” төвтэй 2014 оны 1 сарын 22-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан “Хустайн цогцолборт газар” төвийн дэргэдэх Орчны бүс хөгжүүлэх сангаас гар урлалын зориулалтаар 1 500 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч нь өөрийн 10 сарын цалин болох 3 000 000 төгрөгийг барьцаалж уг зээлийг авсан. Гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөх хугацаа 2015 оны 1 сарын 22-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний 5-т заасны дагуу зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлээс 0.2 хувийн алданги тооцож эхэлсэн. Манай байгууллага зээлдэгч Б.Болд-Эрдэнэд зээлээ төлөхийг удаа дараа сануулж албан мэдэгдэл хүргүүлсэн. Иймд хариуцагч Б.Болд-Эрдэнээс үндсэн зээл болох 1 500 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 216 000 төгрөг, 2015 оны 1 сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 сарын 16-ны өдрийг хүртэлх буюу 902 хоногийн алданги болох 2 706 000 төгрөгийн хамт нийт 4 422 000 төгрөгийг төлүүлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “-Миний бие нь Хустайн цогцолборт газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл хүүгийн төлбөр 1 716 000 төгрөгийг 2017 оны 11 сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар” нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “-Хариуцагч Б.Болд-Эрдэнийн өгсөн тайлбартай танилцлаа. Б.Болд-Эрдэнээс нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү болох 1 716 000 төгрөгийг хариуцагч тал 2017 оны 11 сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар” нь хариуцагч Б.Болд-Эрдэнээс гэрээний төлбөр 4 422 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 422 000 төгрөгөөр багасгаж хариуцагч Б.Болд-Эрдэнээс 1 716 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 1 716 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 11 сарын 01-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 702 төгрөгийн 50 хувь болох 42 851 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 42 851 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Б.Болд-Эрдэнээс 1 716 000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 42 406 төгрөгийн 50 хувь буюу 21 203 төгрөгийг гаргуулж нийт 64 054 төгрөгийг нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Хустайн цогцолборт газар”-ын нэхэмжилсэн 1 716 000 төгрөгийг хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь 2017 оны 11 сарын 01-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 702 төгрөгийн 50 хувь болох 42 851 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 42 851 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Б.Болд-Эрдэнээс 1 716 000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 42 406 төгрөгийн 50 хувь буюу 21 203 төгрөгийг гаргуулж нийт 64 054 төгрөгийг нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ