| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00701/и |
| Дугаар | 151/ШШ2017/00894 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2017/00894
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00894 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2-р хороо, 40-2-р байранд байрлах “Хустайн цогцолборт газар”-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймгийн Аргалант сум, 2-р баг, Хөшөөт, Цагаан хөтөлд оршин суух Боржигин овогт Батаагийн Лхагвасүрэн /УУ69101716/-д холбогдох,
гэрээний төлбөр 3 760 622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-...Төв аймгийн Аргалант сумын иргэн Батаа овогтой Лхагвасүрэн “Хустайн цогцолборт газар” төвтэй 2012 оны 8 сарын 6-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан “Хустайн цогцолборт газар” төвийн дэргэдэх Орчны бүс хөгжүүлэх сангаас үнээний фермийн төслийн зориулалтаар 10 000 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч нь 5 500 000 төгрөгийн үнэ бүхий 19*10 хэмжээтэй үхрийн ферм, 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 30 толгой хонь, 1 050 000 үнэ бүхий 35 толгой ямаа нийт 10 950 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг зээлийн барьцаа болгож уг зээлийг авсан. Гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөх хугацаа 2015 оны 8 сарын 6-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний 5-т заасны дагуу зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлээс 0.2 хувийн алданги тооцож эхэлсэн. Манай байгууллага зээлдэгч Б.Лхагвасүрэнд зээлээ төлөхийг удаа дараа сануулж албан мэдэгдэл хүргүүлсэн. Иймд хариуцагч Б.Лхагвасүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл болох 1 219 200 төгрөгийг 2015 оны 8 сарын 7-ны өдрөөс 2017 оны 6 сарын 16-ны өдрийг хүртэлх буюу 609 хоногийн алдангийн үлдэгдэл болох 2 541 422 төгрөгийн хамт нийт 3 760 622 төгрөгийг төлүүлж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар” нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “-Хариуцагч Б.Лхагвасүрэнгийн “Хустайн цогцолборт газар” төвийн дэргэдэх Орчны бүс хөгжүүлэх сангаас авсан 10 000 000 төгрөгийн хөнгөлттэй зээлийн алдангийн төлбөр болох 360 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцсон тул 2017 оны 08 сарын 30-ны 14.30 цагт зарлагдсан шүүх хуралыг нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хийж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “-Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн малчин Б.Лхагвасүрэнд холбогдох Хустайн цогцолборт газарын нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл төлбөрийг хоёр тал харилцан тохиролцсон доорхи байдлаар тогтов. Үүнд: Хустайн цогцолборт газарт Б.Лхагвасүрэн нь зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 360 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээв. “Хустайн цогцолборт газар” нь алдангиас чөлөөлөхөөр тохиров. Иймд уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”, хариуцагч Б.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа нар нь 360 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 11 450 төгрөгийн 50 хувь 5 725 төгрөгийг хариуцагч Б.Лхагвасүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийн зохигчид 360 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 11 450 төгрөгийн 50 хувь 5 725 төгрөгийг хариуцагч Б.Лхагвасүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч “Хустайн цогцолборт газар”-т олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ