| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00830/и |
| Дугаар | 151/ШШ2017/00891 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2017/00891
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00891 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Ланс 2 дугаар баг, 15-25 тоотод оршин суух Жонгоор овогт Доржийн Энхтуяа /АН76061103/-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймгийн Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбатад холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгож, ээлжийн амралтын олговорыг олгуулах, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 01 сарын 08-ны өдрийн Төв аймгийн Монгол туургатан театрын захирал Д.Баасанжаргалын Б/03 дугаар “ажилд томилох тушаалын дагуу Монгол туургатан театрын үйлчлэгчээр” ажилд орсон. Энд ажиллаж байх хугацаанд миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж, ажлын байрны тодорхойлолтонд заасан болон үүрэгдэж өгсөн ажлуудыг гүйцэтгэж байсан. Энэ байгууллагад 1 жил 7 сар ажиллах хугацаанд зохион байгуулагч Сансартуяа, нягтлан Наранцэнгэл нар байнга дарамталж хамт олны дунд буруу ойлголт өгсний улмаас би удаа дараа ёс зүйн хороогоор үндэслэлгүй шийтгүүлж, эцэстээ би ажлаас халагдлаа. ...Иймд үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ээлжийн амралтын олговорыг олгуулах, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Анх нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаг гаргаагүй. 2016 оны амралтын мөнгө гаргуулах байсан. Хариуцагчийн гаргасан эвлэрэх саналыг зөвшөөрч байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Эвлэрэх санал тавьсан. Эгүүлэн ажилд нь авъя гэхэд ажилдаа эргэж орохгүй гэсэн. Ээлжийн амралтынх нь мөнгийг нь олгуулаад мөн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг олгуулах саналтай байгаа” гэв.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “-Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Д.Энхтуяагийн 2016 оны ээлжийн амралтын мөнгө, ажлаас гэнэт халагдсаны нэг сарын тэтгэмжийг олгохыг зөвшөөрч байна. Д.Энхтуяа миний бие хариуцагч талын гаргасан 2016 оны ээлжийн амралтын мөнгө, ажлаас гэнэт халагдсаны нэг сарын тэтгэмжийн мөнгийг олгох саналыг зөвшөөрч байна. Миний бие Монгол туургатан театрын үйлчлэгчийн ажилд эргэн орох хүсэлгүй болно.”
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг нар нь 2016 оны ээлжийн амралтын мөнгө, ажлаас гэнэт халагдсаны нэг сарын тэтгэмжийн мөнгийг олгохоор харилцан тохиролцож эвлэрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбатад холбогдох иргэний хэргийн зохигчид 2016 оны ээлжийн амралтын мөнгө, ажлаас гэнэт халагдсаны нэг сарын тэтгэмжийн мөнгийг олгохоор харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 70 200 төгрөгийн 50 хувь 35 100 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ