Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар  2020/ШЦТ/950

 

 

 

 

­

 

 

2020       11           06                                      2020/ШЦТ/950

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: М.Отгонбаатар;

хохирогч: Р.О, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа;  

шүүгдэгч: Б.Х, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Улаанбаатар дэвшил” группт үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Х

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ..... буюу И.Ганбаатарын гэрээс түүнийг архи авахаар гарсан хойгуур Р.О-лийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.О мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагт ажилдаа явах гээд гарсан. Манай нөхөр гэртээ үлдсэн. Би явахдаа цаг, бөгжөө мартсан байсан. Буцаж орж авах гэж байгаад ажлаасаа хоцрох гээд яараад авахгүй явсан. Тэгээд орой ажлаасаа тараад ирэхэд нөхөр архи уучихсан унтаад сэрэхгүй байсан. Би бөгжөө үзэхэд байхгүй байсан. Тэгээд 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Цагдаа ирж манай гэрт үзлэг хийсэн. Би тухайн бөгжийг 1996 онд Оросын Холбооны Улсаас авч байсан. 585 сорьцтой, 4,8 грамм рубин шигтгээтэй монетон бөгж байсан. ...Би өөрөө орцны камерыг шүүх гээд ортол Б.Х байж байсан. Би Б.Хаас “тухайн камерыг яаж шүүх талаар” асуухад “кодтой” гэж хэлж байсан. Тэгээд үзэхэд кодгүй байсан. Камерын бичлэгийг цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн. Миний бөгжийг хулгайн сэдэлтээр гэрт  нэвтэрч санаатайгаар авсан гэдэг нь тодорхой байдаг. Шинээр бөгж авхуулмаар байна. Хулгай, ломбардад тавьсан бөгжийг авахгүй...” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/, хохирогч Р.О /хх-ийн 8/, гэрч И.Ганбаатар /хх-ийн 12-13, 15, 18/, гэрч Д.Мөнхгэрэл /хх-ийн 14/, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36/, Б.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Б.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-40, 42-45, 58-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 9-ний өдөр .... И.Ганбаатартай хамт архи ууж түүнийг архи авахаар гарсан хойгуур эхнэр Р.О-лийнх нь монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Р.О-лийн /хх-ийн 7-8, 9-10/: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед гэртээ ирэхэд ...нөхөр И.Ганбаатар согтуу ганцаараа байсан. ...гэрт өөр хүмүүс орж ирсэн байдалтай шороо, тоостой байсан болохоор нь унтлагын өрөөндөө ороод тольтой шургуулгад хийсэн бөгжөө үзэхэд байхгүй байсан ...миний бөгж 965 сорьцтой, 4,8 грамм Орос Улсаас худалдаж авсан монетон бөгж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч И.Ганбаатарын /хх-ийн 15, 18/: “...тухайн өдөр гэрээсээ гараад нэг давхар луу буугаад дэлгүүр орж архи авсан. Жижүүрийн өрөөнд нэг хүүхэнтэй гурвуулаа нэг шил архи хувааж уугаад ахиж дэлгүүр орж нэг шил архи авч хувааж уусан. ... нөгөө хүүхнийг дагуулаад гэртээ орсон. ...Намайг дэлгүүрээс архи авах хооронд тэр хүүхэн манай эхнэрийн бөгжийг авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр, 

 

   гэрч Д.Мөнхгэрэлийн /хх-ийн 14/: “...эхнэр Б.Х 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “нэг монетон бөгж олсон” гээд хүрээд ирсэн. Бид хоёр ломбардад тус бөгжийг тавихаар болоод миний цахим үнэмлэхийг аваад гэрээс гарсан. 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо ломбардад ороход “авахгүй” гэсэн. ...өөр нэг ломбардаар ороход “дээд тал нь 140.000 төгрөг хүрэх юм байна” гэж хэлэхээр нь бөгжийг тавьсан. ...монетон улаан өнгийн шигтээтэй бөгж байсан...” гэх мэдүүлгээр,

                  

              иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын /хх-ийн 17/: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй нөхрийн хамт орж ирсэн. ...нөхөр нь болох Мөнхгэрэл нь иргэний үнэмлэхээ үзүүлж 4,4 граммын монетон бөгж 140.000 төгрөгөөр барьцаалж мөнгө авсан. Тухайн үед өөрсдийнхөө эд зүйлийг тавьж байна гэж бодсон. Дараа нь цагдаагаас яриад тухайн бөгжийг манайхаас хурааж авсан. ...140.000 төгрөгөөр барьцаалж авсан болохоор 140.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Хын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11, 27-28/: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед өөрийн байрны 1 давхарт зогсож байгаад харуулын өрөө рүү орсон чинь зүс таних ах, харуул Дашка ахтай хамт архи уугаад сууж байсан. ...намайг “нэг татчих” гээд архи өгөхөөр нь хамт ууж суусан. ... хамт ууж байсан ах лифтний үүдэн дээр зогсчоод намайг дуудаад “юм асууя” гэсэн. ...тэгээд  лифтэнд суугаад 10 давхарт гараад шууд гэрийнхээ хаалгыг онгойлгоод бид хоёр тэдний гэрт орсон. ...би “гарлаа” гэхэд “байж бай” гээд явуулахгүй байхаар нь “за, би тэгвэл архи ууя” гээд хэлчихсэн. ...намайг гэртээ үлдээгээд гараад явчихсан. Би гарсан хойгуур нь “эхнэрийнх нь өрөө рүү ороод нүүрээ будаад сууж байя” гэж бодоод шургуулгыг нь онгойлгоход нүүрний будаг бараг байхгүй байсан. ...цаганд хэлхээтэй нэг ширхэг монетон улаан шигтгээтэй бөгж байсан. Тэрийг аваад халаасандаа хийгээд полкон дээр гараад тамхи татаад сууж байтал гаднаас нөгөө ах нэг шил 0,33 литрийн архи бариад ороод ирсэн. Бид хоёр уучхаад би шилээ бариад тэднийхээс гараад гэр лүүгээ явсан. Бөгжийг нь ломбардад тавихаар болоод бичиг баримтгүй байсан тул өөрийн нөхрөө дуудаад Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь иргэний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан, хулгайлсан эд зүйлээ ломбардад тавьсан болохыг шүүгдэгч, гэрч, иргэний нэхэмжлэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Х нь иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Р.О-лийн хулгайд алдсан монетон бөгжийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 36/ байх тул хохирогчид монетон бөгжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Ийм учраас шүүгдэгч нь хохирогч Р.Од төлөх төлбөргүй болно.

 

Харин гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 140.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатад олгохоор тогтов.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Б.Х нь шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй,  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Хыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан монетон бөгжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Хыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.      

           

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Од төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 140.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.М-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монетон бөгжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ