Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00898

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00898

Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайваны өргөн чөлөө 16а, Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Сүмбэр сум, 1-р баг, 1-1 тоотод оршин суух Сартуул овогт Ядамсүрэнгийн Бат-Ундралд холбогдох

Зээлийн төлбөр 15 317 714 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 11 өдөр хүлээн авч хянаад, 2017 оны 08 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Тус сангаас Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 сарын 20-ны өдрийн А/132 тоот тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч Я.Бат-Ундрал нь Хаш сувд хоршооны захирал гэх нэрээр хамрагдаж, 20 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлөөр 2011 оны 8 сарын 10-ны өдөр ММХ-02/2011/06 дугаар гэрээг байгуулан авсан байна. Я.Бат-Ундрал үндсэн зээлийн төлбөрөөс 4 001 000 төгрөг, хүү 2 199 000 төгрөг, 6 200 000 төгрөгийг төлсөн байна. Я.Бат-Ундралаас зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөө хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч Я.Бат-Ундралаас үндсэн зээлийн үлдэгдэл 10 211 714 төгрөг, алданги 5 106 000 төгрөг, нийт 15 317 714 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагчийн барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах болон ММХ-02/2011/06 дугаар бүхий барьцааны  гэрээний 4.2 болон 4.3 дахь заалтад заасны дагуу барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “-Нэг талаас Ядамсүрэн овогтой Бат-Ундрал, нөгөө талаас Мал хамгаалах сан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

  1. Мал хамгаалах сан нь тус шүүхэд Я.Бат-Ундралаас зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги 15 317 714 төгрөгийг нэхэмжилсэн болохыг тэмдэглэн,
  2. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд энэхүү иргэний хэргийг харилцан тохиролцож, нэхэмжилсэн үнийн дүнгээс 4 500 000 төгрөгийг хасаж, үлдэх 10 817 714 төгрөгийн төлбөрийг 2017 оны 10 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов.
  3. Энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь хариуцагч Я.Бат-Ундралаас нэхэмжилсэн 15 317 714 төгрөгөөс 4 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө  2017 оны 10 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг зохигчдын эвлэрэл нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Бат-Ундралд холбогдох иргэний хэргийн зохигчид 10 817 714 төгрөгийн төлбөрийг 2017 оны 10 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ