Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

            Хохирогч Б.Оюунтуяа

Гэрч Ү.Оюундарь

Шүүгдэгч ............., түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Шүүгдэгч .......... түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ................ нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022616 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 11-нд Дархан Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 9-14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ...............

 

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, Дүнжингарав гудамж 51-2125 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Хотгойд овогт .........................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б, Б.Рнар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин "танилцсангүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн Б.Сувд, Б.Оюунтуяа нарыг зодож Б.Сувдын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогдоцгоожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Билгүүн шүүх хуралдаанд “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Холбоодын цом гээд улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн спортын төв ордонд болсон юмаа. Тэр тэмцээнд манай бөг нэгдүгээр байранд орж аваргын алтан медаль авсан. Миний хувьд тэр багт анх удаа тоглосон болохоор багын эзэд нь надтай уулзъя гээд бид нар уулзаж Метро моллын урд нэг газар багын гишүүдтэйгээ орсон. Анх удаа шинэ багт тоглосон болохоор бүгдийнх нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч миний таньдгаас Энхмөнх /99376305/, Оргио хоёр л байсан. Тэгээд багын эзэд гэж нэг хүн л байсан. Экон гээд ХХК-ний л эзэн юм шиг байна лээ. Тухайн үед нэрээ хэлээд байсан боловч мартчихаж. Тэгээд бид нар тэндээс гарч МУИС-ийн 5 дугаар байрны урд талын Цэ нэртэй пааб руу орцгоосон. Тэнд ороод бид нар архи уусан бөгөөд миний хувьд тэнд байхад нэлээн согтсон байсан. Тэр үед манай хажуугийн ширээн дээр зүс үл таних 2 эмэгтэй хүн байсан ба очоод танилцъя гэж хэлчхээд тэр хоёрт өгөх гэж байсан хундагатай архи тэр хоёр руу цацаад улмаар над руу тэр хоёр уурлах үед манай хэд ширээн дээр очоод суулгах үед тэр хоёр эмэгтэйгийн нэг нь уурлаад над руу архи цацахаар нь би уурандаа босоод тэр хоёрыг алгадсан гэж манай найзууд хэлсэн. Тэрнээс биш өөрөө яг үнэнийг хэлэхэд юу ч санахгүй байна. Тэр үед манай найзууд болон тэр паабын ажилчид намайг гэр рүү хүргэж өгсөн байсан. Миний санаж байгаагаар ямартай ч нэгнийг нь нэг алгадсан санагдаад байгаа юм. Маргааш нь манай хэд спортын төв ордон дээр таарахад чи архи ууж чадахгүй эмэгтэй хүн алгадаад гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-25-27/,

 

Шүүгдэгч Б.Ринчинноров шүүх хуралдаанд “…Тэр өдөр бид нар холбоодын цомын тэмцээнд ороод багаар түрүүлсэн. Бид нарыг багын эзэн “Салам” гэх пабад ороод бидний дайлсан. Манай хүүхэд халуунтай байсан учраас би эм памберс хоёр аваачиж өгсөн. Тэгээд би буцаж ирэхэд манай багийнхан “Цэ” пабад орсон байсан. Намайг очиход нилээд согтоцгоосон байсан. Би ороод хоол захиалаад идэх гэж байхад маргаан болсон. Би Гантулга гэх залуутай юм ярьж байхад миний хойд талд пивоны шил хагарсан. Намайг харахад Билгүүн, Оюунсувд гэх охинтой зууралдсан байж байсан. Би очоод салгасан. Хохирогчоос уучлалт хүсч байна. Магадгүй салгахдаа хүчтэй түлхсэн байж магадгүй. Түүнээс биш би гар хүрээгүй. Намайг цагаан эрээн цамцтай гэсэн байсан. Би тухайн өдөр хар малгайтай цамцтай хар куртиктэй явж байсан. Би тухайн өдөр хувцсаа солиогүй. Би маргааныг таслан зогсоосон. Оюунсувд болон нөгөө нэг хохирогч байсан. Надаас гадна Б.Билгүүний хажууд 2 залуу байсан…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би багийнхтайгаа Сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн юм. Манай багийнхан баяраа Цэ пабд тэмдэглэсэн юм. Уг пабд манай багийнхан ойролцоогоор 10-уулаа байсан. Би тэд нараас бүр сүүлд орж ирсэн. Намайг ирэхэд ер нь тэд нар өндөрлөх тал руугаа орсон байсан. Намайг орсноос хойш лав архи уугаагүй байх. Би ороод хоол идсэн. Би уг паабад очихоосоо өмнө нь болон уг паабаас гарахдаа хүртэл эрүүл байсан. Тэгээд Цэ паабад суугаад юм яриад байж байгаад нэг хартал Билгүүн нэг танихгүй 2 эмэгтэйтэй муудалцаад зогсож байсан. Тэгээд харахад Билгүүний нүүр ус цацсан юм шиг норчихсон байсан. Юунаас болж маргалдаад байсныг нь би санахгүй байна. Тэгэхээр нь би шууд босч очиход нэг эмэгтэй нь Билгүүнийг зуурчихсан, толгой руу нь нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд тар нар одоо ямар хаашаа юм бэ, больцгоо гээд Билгүүнийг шууд түрээд аваад гарсан. Тэгээд цаашаагаа бид нар өөр нэг газар ороод харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/

 

Хохирогч Б.Сувдын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Оюунтуяатай хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын их сургуулийн замын эсрэг талд байрлах “Цэ” нэртэй паабад орж үйлчлүүлэхээр орж үйлчлүүлсэн. Тэгээд бид хоёр сууж байхад хажуугийн ширээнд сууж байсан 10 гаруй залуучууд нэг нэгээрээ бид хоёр дээр ирж танилцъя, ууж идье дайлъя гээд байсан юм. Тэгэхээр нь бид хоёр уучлаарай танихгүй гэж удаа дараа хэлсэн. Тэгтэл сүүлд бид хоёр дээр ирж танилцъя гэсэн хундагатай архи барьчихсан хүн ирээд танилцъя л даа ямар их зантай хоёр гичий янхан бэ гэл үү янхан бэ гэсэн. Тэгэхээр нь бид хоёр өөдөөс нь танилцахгүй, чи чинь яасан аймаар залуу вэ гэтэл өөдөөс хундагатай архиа цацаад хундагаа миний толгой руу шидэхээр нь босоод яаж байгаа юм бэ гэж хэлтэл найзууд нь найзыгаа өмөөрч байгаа маягтай тал талаас барьж идчих гээд байсан. Тэр дунд эхлээд архи цацдаг залуу намайг голчилж зодож байсан. Тэгтэл тэнд байсан зөөгч бармен болон хэсэг найзууд нь салгаж аваад бүгдээрээ гараад зугтаасан. Тэгээд удалгүй байж байтал хоёр цагдаа орж ирсэн.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Хохирогч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд “…2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз Сувдтай уулзаад МУИС 5-ын тэнд байдаг Цэ паабаар үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байхад бидний эсрэг талд 10 гаруй залуучууд байсан. Бид хоёр дээр ээлжээрээ ирээд танилцъя, манай ширээнд суучих уух юмаар дайлъя гэж байсан. Тэгэхээр нь уучлаарай танихгүй хүмүүстэй танилцахгүй бид хоёр одоо ингээд гарах гэж байна цаашаа суудалдаа суу гэж хэлсэн. Удалгүй байж байхад Билгүүн танилцъя түүнээс хойш гуйлаа ямар их зантай юм бэ гэж хэлсэн. Бид хоёр татгалзсан хариу хэлсэн чинь над руу хундагатай архиа над руу шидсэн. Тэр архи нь миний нүд рүү орсон. Тэгээд хэсэг байж байгаад нүдээ нээсэн чинь Билгүүн Сувдыг үсдээд доошоо дарсан зодож байсан. Намайг очиход цагаан эрээн цамцтай шар царайтай залуу намайг түлхээд холдуулсан. Тухайн үед маргаан болчоод суудал суудалдаа сууж байсан. Билгүүн гадагшаа гараад буцаж орж ирээд Сувдын гэдэс рүү өшиглөсөн. Намайг алгадаад тек мөргөөд унасан. Гомдолтой байсан учраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар уучлалт гуйсан. 500.000 төгрөг өгсөн. Одоо бол гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй уучилсан…” гэв, 

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Билгүүн гэх залуу хундагатай архи барьчихсан ирээд танилцъя л даа, түрүүнээс хойш гуйлаа шүү дээ яасан их зантай охидууд вэ гэхээр нь бид хоёр үгүй цаашаа суудалдаа суу гэж хэлэхэд хундагатай архиа бид хоёр руу цацчихаад цаашаа буцаад суусан. Тэгээд архи нь миний нүд рүү ороод хорсоод байсан чинь Сувд тэд нар дээр очоод яаж байгаа юм гээд байх шиг байсан. Тухайн үед би нүдээ нээж чадахгүй байсан ба нэг хартал Сувдыг Билгүүн гэх залуу үсдэж өшиглөөд хараагаад зодоод байсан. Мөн хажууд нь хоёр гурван залуу байсан. Тэгэхээр нь би найзыгаа салгаж авах гээд очтол Билгүүн гэх залуу намайг жийж унагаасан тэгтэл Билгүүний найз нь гэх өндөр цагаан эрээн ноосон цамцтай, шардуу царайтай залуу намайг 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр гадаа гараад утсаар цагдаа дуудчихаад буцаад ороод ирсэн чинь Билгүүн гэх залуу намайг алгадсан чинь би тек мөргөөд уначихсан. Тэгээд Сувд очсон чинь Сувдыг гэдэс рүү нь жийгээд өшиглөсөн...би очоод салгах гэтэл Билгүүнтэй хамт явж байсан цагаан эрээн ноосон цамцтай залуу миний гуя руу жийгээд, шууд миний дух хэсэг рүү нэг удаа цохисон.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

Гэрч Т.Соёлмаагийн “...миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн үед би өөрийн ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ын “Цэ” паабад ажиллаж байх үед гаднаас 31 дүгээр ширээн дээр сууж байсан 2 эмэгтэй хүн рүү 27, 28,29 дүгээр ширээн дээр сууж байсан залуучуудаас 2 хүн нь очиж танилцъя гэсэн тэгтэл тэр хоёр эмэгтэй танилцахгүй гэж байсан. Тэгтэл л тэр хоёр залуу 1 дүгээр ширээний дэргэд очиж юм ярьж байгаад нэг нь гартаа барьж байсан зүйлээ нөгөө хоёр эмэгтэй хүн рүү цацчихсан. Тэгтэл тэр хоёр эмэгтэй хүн уурлаад пивоны шилийг нөгөө 27, 28, 29 дүгээр ширээн дээр сууж байсан залуус руу шидэхэд нэг залууг нь оночихсон яг хэнийг нь ямар хувцас өмссөн байсныг нь мэдэхгүй байна. Тэгтэл тэр залуучуудаас нэг өндөр биетэй залуу нь тэр хоёр эмэгтэй хүний нэг эмэгтэйг алгадаад хэрэлдэж эхэлсэн юм. Тэгээд л найзууд нь салгаад бүгд буцаад сууж эхэлсэн. Тэгтэл тэр хоёр эмэгтэй хүний нэг нь пивоны шилээ тэдгээр залуус руу шидэхэд тэдгээр залуус уурлаад дахин нэг залуу яг хэн ямар хувцас өмссөн гэдгийг нь санахгүй байна босч ирээд тэр пивоны шил шидсэн эмэгтэй хүний гэдэс рүү нь өшиглөчихсөн. Тэгээд л маргалдаж хэрэлдэж байгаад л салцгаасан. Би тухайн үед зөөгч ажил хийж байсан учир нээх сайн анзаарч хараагүй бөгөөд тэд маргалдаж байсан эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг одоо харвал танихгүй ямар хувцас өмссөн байсныг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан тэр хоёр эмэгтэй пивоны шил шидэж байсан тэр залуусаас нэг нь босоод алгадаж байсан нэг нь өшиглөж байсан гэдгийг л би мэдэж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч Ү.Оюундарийн “...Тэр өдөр 10 гаран нилээн өндөр биетэй залуучууд манай паабад орж ирээд яг тэкний хажуу талд 3 ширээ нийлүүлээд суусан. Харин нөгөө маргалдсан 2 охин нь эсрэг талд нь нэг ширээнд сууж байсан. Тэгтэл тэр залуучуудын нэг нь нөгөө 2 охины сууж байсан ширээнд очиж суугаад танилцах гээд байсан. Тэр үед би пааб дотроо ажлаа хийгээд явж байсан. Тэгтэл гэнэт маргалдаж эхэлсэн. Очиход нэг охин нь “наадах чинь миний нүүр лүү архи цацчихлаа гэчихсэн байж байсан. Энэ үед 2 охин нь ширээн дээрээ сууж байсан ба ширээнийх нь ойролцоо 2 залуу зогсож байсан. Тэгээд хэсэг хоорондоо хэрэлдэж байгаад нөгөө 2 залуу нь ширээн дээрээ очиж суусан. Тэгтэл нэг охин нь ширээнээсээ босоод пивоны шил аваад нөгөө залуучуудын сууж байсан буйдан руу шидсэн. Гэхдээ тэр шил нь хагараагүй, хэн нэгнийг оноогүй. Тэр нэг шар үстэй охин нь шил шидчихээд нөгөө маргалдаж байсан нэг залуу дээр очоод нэг удаа алгадсан. Тэгтэл тэр залуу босч хэсэг маргалдаж байснаа “за уучлаарай” гээд уучлалт гуйх гэж байснаа тэр охиныг шууд нэг удаа алгадсан. Тэгээд бөөн юм болоод байж байтал шар үстэй охиныг алгадсан залуугаас өөр нэг өндөр шар залуу пивоны шил шидсэн шар үстэй охинтой явж байсан бор охиныг үсдээд цохичихсон. Тэгтэл нөгөө шар үстэй охин цагдаа дуудлаа гээд орилоод байсан. Тэгээд нөгөө залуучууд бөөндөө гарцгаасан. Гарах үедээ анх маргаан эхлүүлсэн шар үстэй охиныг алгадсан залуу тэр шар үстэй охиныг дахиад нэг удаа жийчихсэн. Яг хэвлий хэсэг рүү нь нэг удаа жийсэн. Тэгээд нөгөө залуучууд явсан. Тэр охидуудыг харахад 2-уулаа зодуулчихсан нүдэнд нь нулимс цийлгэнчихсэн байсан...тэр 2 охиныг 2 залуу зодсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/,

 

Гэрч Б.Энхманлайгийн “...2016 оны 10-р сарын 06-ны өдөр манайх багаараа “Холбооны цом”-ын тэмцээнд түрүүлээд багийн эзэнтэйгээ хамт “Салм” паабад хоол идчихээд, тамирчид нь салаад “Цэ” паабад 19 цагийн үед орцгоосон. Ороод архи, пиво захиалаад сууцгаасан. Тухайн үед ширээнд Ринчинноров, Билгүүн, Оргилболд, Гантулга, Батмагнай, Энхмөнх бид нар байсан. Бид нар уг паабаас 23 цагийн үед гарцгаасан. Гарахын өмнөхөн би Оргилболд, Гантулга, Батмагнай нартай гадаа гараад тамхи татсан. Тамхи татчихаад буцаад пааб руу ороход Ринчинноров, Билгүүн нар 2 танихгүй охинтой маргалдчихсан, голд нь паабын зөөгч нар салгаад зогсож байсан. Би тэгэхээр нь очоод “юу болсон юм бэ” гэж хэлэхэд нөгөө 2 охин Билгүүн, Ринчинноров нартай 2 талаасаа орилолдоод байсан. Тэгэхээр нь би тэр 2 охиноос “за ёстой уучлаарай, муухай юм боллоо” гээд Билгүүн, Ринчинноров нарыг аваад бүх хувцсаа аваад гарсан...,...өөр хүн бол маргалдаагүй ээ. Ринчинноров, Билгүүн 2 л тэр 2 охинтой маргалдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86, 87/,

 

Гэрч О.Батмагнайгийн “...тамхи татчихаад эргээд ороход яг текний хажууд буюу манай ширээний буланд Билгүүн Ринчинноров 2, нэг шар үстэй охинтой маргалдаад байсан. Билгүүн нөгөө охиныг заамдчихсан, нөгөө охин нь Билгүүнийг үсдчихсэн зогсож байсан.Ринчинноров харин Билгүүн болон тэр шар үстэй охиныг 2 тийш нь түлхэж холдуулж байсан. Би очоод салгах гэхэд Билгүүний гарт байсан архи нь над руу асгарчихсан. Тэгэхээр нь би шууд 00-н өрөө ороод нүүрээ угаачхаад буцаад гарахаар ирэхэд нөгөө 2 охин ширээндээ суучихсан Билгүүн Ринчинноров нар бас ширээндээ суучихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90, 91/,

 

Гэрч Ч.Энхмөнхийн “...миний харснаар Билгүүн тэр охины нэгийг нь алгадаад, хөл рүү нь жийсэн. Тэгэхээр нь би салгасан юм …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 18/,

 

Гэрч З.Энх-Учралын “...тэгтэл Билгүүн нэг охиныг нь алгадчихсан юм. Тэгэхээр нь би очоод салгаад аваад гарсан юм...би нэлээн муудсан байсан. Болсон явдлаас зарим нь орж гаргаад байна. Би өөр зүйл санахгүй байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56, 57/,

 

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹17273 тоот актын “…Б.Сувдыг биед тархи доргилт, дээд, доод мөчний эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо… Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31, 100/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-71/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-72-75/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93, 94/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-42/, зураг таньж олуулах тэмдэглэл /хх-43-44/, гэрэл зургууд /хх-45/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-95-98/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Б, Б.Рнар нь нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин "танилцсангүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн Б.Сувд, Б.Оюунтуяа нарыг зодож Б.Сувдын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Сувд, Б.Оюунтуяа, гэрч Т.Соёлмаа, Ү.Оюундарь, Б.Энхманлай, Б.Батмагнай нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн тэмдэглэл,  шүүгдэгч Г.Б, Б.Рнарын сэжигтэн, яллагдагч болон шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б, Б.Рнарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа Б.Оюунтуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, хэргийн зүйчлэл тохирсон байх тул энэ зүйл хэсгээр Г.Б, Б.Рнарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

Хохирогч Б.Сувд, Б.Оюунтуяа нар мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт 500.000 төгрөгийг өгсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Б, Б.Рнарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Б, Б.Рнарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Б.Рнар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Гангын Билгүүн, Батсанаагийн Ринчинноров нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Б, Б.Рнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Б, Б.Рнарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5.Ялтан Г.Б, Б.Рнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.Рнарт тус бүрт оногдуулсан 3 /гурав/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б, Б.Рнарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР