Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2019/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр                        

  2019/ДШМ/16                                                                Зуунмод

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Г.Д-д холбогдох 1834006200456 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Анар” хүнсний дэлгүүрийн үүдэнд “гар утас авсан” гэх шалтгаанаар О.Мөнгөнтулгын бөөрөн тус газар цаас зүсэгчийн ирээр хатгаж, улмаар эрүүл мэндэд нь “зүүн бөөр хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар:  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д  холбогдох эрүүгийн 1834006200456 тоот хэргийг Аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөрийн санаачлагаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, мөн хуулийн 6.13 дугаар зүйлдүүдэд тус тус зааснаар зарласан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт яллагдагч Г.Д-ны ял шийтгүүлж байсан талаарх хувийн мэдээллийг прокурорын яллах дүгнэлтэнд "3 удаагийн ял шийтгэлтэй гэж" бичсэн мөн түүний ялыг шалгасан хуудаст "1984 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаарт тогтоолоор Эрүүгийн хуулийн 169/б, 168/б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 07 сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

1989 оны 03 сарын 20-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Зүүн хараагийн 413 дугаар хорих ангиас хугацаа дуусч суллагдсан.

1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 434 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар шийтгэгдэж, 1999 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн 435 дугаар хорих ангиас хугацаа дуусч суллагдсан" талаар тусгагдсан зэргээс дүгнэхэд ял шийтгүүлснээс хойш 21 жил өнгөрсөн болох нь тогтоогдсон ба яллагдагч өмнөх ял шийтгэлийн талаараа ямар нэгэн байдлаар маргаагүй, шийтгүүлсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг тул яллагдагчийн өмнө шийтгүүлсэн ял шийтгэлийн талаарх шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргах шаардлагагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм.

Мөн шүүхээс заавал шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзвэл хэрэгт авагдсан цагдаагийн газраас "шийтгэх тогтоолыг хуулбарлан авах тухай албан бичиг", шүүх хуралдаанд прокуророос гаргасан "шийтгэх тогтоолын хуулбарыг гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөх талаарх" тайлбар зэргийг үнэлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлох боломжтой байсан.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар дүгнэлтэдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд биеийн байцаалттай холбоотой зүйлийг тусгана л гэсэн байгаа. Ял шалгах хуудсанд Г.Д-ны ял шийтгэлийн байдлыг тодорхой тусгасан. Хувийн байдлыг тогтоогоогүй, ял эдэлсэн байдлыг яллах дүгнэлтэд тусгаагүй гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Шийтгэх тогтоолуудын хуулбарыг авахаар мөрдөгчөөс албан тоот хүргүүлсэн байгаа. Хариу нь шүүхэд хэрэг шилжүүлэх үед ирээгүй байсан. Гэм буруугийн хуралдаан дээр хуулбарыг гаргаж өгөх боломжтой байсан. Г.Д нь 20 гаруй жилийн өмнө ял шийтгүүлж байсан бөгөөд түүнд холбогдох хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд нөлөөлөхгүй юм.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.Д-д холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянаг шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 3 удаагийн ял шийтгэлтэй гэж яллах дүгнэлтэд тусгасан атлаа хэдэн онд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар ял шийтгүүлж байсан, шийтгэх тогтоолуудын хуулбарыг хэрэгт хавсаргаагүй зэрэг хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлтэд тусгаж, яллах дүгнэлтийг дахин гардуулах нь зүйтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдаанд прокурор “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Г.Д-ны ял шийтгэлийн байдал бичигдсэн байх тул заавал хэргийг прокурорт буцаах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа боловч прокурорын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 381 дүгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг дэх биеийн байцаалтад яллагдагч Г.Д ыг “3 удаагийн ял шийтгэлтэй” гэж тусгасан мөртлөө хэдэн онд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр, ямар ял шийтгэгдэж байсан нь тодорхойгүй, хувийн байдлыг тогтоогоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1834006200456 тоот хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байна.

 

Прокуророос “яллагдагч Г.Д , хохирогч О.Мөнгөнтулга нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргаагүй байх тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагч Г.Д-д холбогдох эрүүгийн 1834006200456 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тухай баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурор Х.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ