Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0248/З |
Дугаар | 505 |
Огноо | 2019-08-22 |
Маргааны төрөл | Татвар, Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 505
2019 оны 08 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2019/0505 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Н” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д,
Гомдлын шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Ц.Б, хариуцагч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Н” ХХК гомдлын шаардлагадаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нар нь Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, хяналт шалгалтын 26150400203 дугаар томилолтын дагуу “Н” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 260011957 дугаар шийтгэлийн хуудсаар 202.940.350 төгрөгийн зөрчилд нийт 29.426.351 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан. Үүнийг нэхэмжлэгч компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс татвар төлөгчийн гомдлыг 2018 оны 10 сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэснийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 202.940.350 төгрөгийн зөрчилд ногдуулсан 20.294.035 төгрөгийн нөхөн татвар, 6.088.210 төгрөгийн торгууль, 3.044.105 төгрөгийн алданги, нийт 29.426.351 төгрөгийн төлбөрөөс 20.294.035 төгрөгийн нөхөн татварыг хасч, 6.088.210 төгрөгийн торгууль, 3.044.105 төгрөгийн алданги, нийт 9.132.316 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн болно.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 202.940.350 төгрөгийн зөрчилд ногдуулсан 20.294.035 төгрөгийн нөхөн татварыг татварын ногдол нь давхардсан байх тул хасахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ нөхөн татварыг нь хассан хэрнээ түүнд хариуцлага болгон ногдуулсан торгууль, алдангийг хасаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн зүгээс улсыг хохироосон үйлдэл байхгүй, татвараа хуулийн дагуу тайлагнаж, ногдуулсан байхад давхардуулан нөхөн татвар ногдуулж, түүндээ торгууль, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Уг шийтгэлийн хуудсаар манай компанид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар 20.294.035 төгрөгийн нөхөн татвар, 6.088.210 төгрөгийн торгууль 3.044.105 төгрөгийн алданги ногдуулсан. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараах шийтгэл оногдуулна” гээд, 3.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...торгох шийтгэл”, 1.2 дахь хэсэгт “...баривчлах шийтгэл”, 1.3 дахь хэсэгт “...эрх хасах шийтгэл” гэж тус тус заасан байдаг. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 3.000.000 төгрөгийн алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар зааж, иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан байдаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “...Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 3 дахь хэсэгт “...Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно” гэж тус тус заасан байдаг. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан боловч Татварын ерөнхий хуульд зөвхөн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахаар заасан байдаг. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг нь мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Иймд татвар төлөгчийн эрх, ашгийг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэж, хуулийг буцаан хэрэглэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Мөн Татвар төлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан тайлангийн залруулгыг Баянгол дүүргийн Татварын хэлтэс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч баталгаажуулсан байдаг. Энэ тайланг хууль бус, хүлээн авахгүй талаар Баянгол дүүргийн Татварын хэлтсээс татвар төлөгчид мэдэгдээгүй. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсээс уг асуудлаар гомдол гаргаагүй байгаа. Энэ тухай Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл “Татварын ногдол давхардсан” гэсэн үндэслэлээр нөхөн татварыг хасаж тооцоод, торгууль, алдангийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцэхгүй юм. Учир нь татвар төлөгч өөрөө засвар тайлангаа тодорхойлсон. Үүнийг Баянгол дүүргийн Татварын хэлтэс хүлээгээд авчихсан учир Зөрчлийн тухай хуулийн 2.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зөрчил гэж үзэх нөхцөл шаардлагыг үгүйсгэж байна. Тэгэхээр торгууль, алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Татварын улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил, шалган шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр явуулсан байдаг ба уг ажиллагаанаас өмнө татвар төлөгч тайлангаа илгээж, буруу тайлагнасан 20.000.000 төгрөгийг төлөхөөр залруулга хийсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх нөхцөлийг үгүйсгэж байна. Уг шийтгэлийн хуудас нь засвар тайлан болон болсон процесс, бодит нөхцөл байдалд нийцээгүй, хууль буруу хэрэглэж гаргасан шийтгэлийн хуудас байна. Иймд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Баянгол дүүргийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д бид, Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичгийг үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, ******* регистрийн дугаартай, Н ХХК-ийн 2015 оны 01 сарын 01-нээс 2015 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт шалгалтын ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон болно.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичигт дурдсан М ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр хий бичүүлэн авч албан татварын хасалт хийн төсөвт төлөх татварын дүнг 20,294,035.00 төгрөгөөр бууруулсан гэх мэдээллийг хяналт шалгалтад ашигласан бөгөөд тус компанийн 2015 онд ******* регистрийн дугаартай М ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичүүлэн авч, ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын ТТ-03а тайлангийн “Дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, үйлчилгээ...’' хэсэгт тусган албан татварын хасалт хийсэн нь 2006 оны 06 сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 “Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь холбогдогч Н ХХК-ийн бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын албанд ирүүлсэн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна гэж үзэж 20,294,035.00 төгрөгийн нөхөн татвар, 6,088,210.70 төгрөгийн торгууль, 3,044,105.30 төгрөгийн алданги, нийт 29,426,351.00 төгрөгийн төлбөр ногдуулах байдлаар шийдвэрлэсэн.
Үндэслэл нь: Н ХХК-ийн гарган ирүүлсэн баримт материалд М ХХК-иас 2015 оны 11 сарын 30-ны өдөр 202,940,350.00 төгрөгийн дүнгээр бичигдсэн 00118682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2014 оны 03 сарын 10-ны өдөр Н ХХК болон М ХХК- иудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг байх боловч захирал Э.А-тай 2018 оны 04 сарын 24, 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн *** тоот өрөөнд биечлэн уулзаж ярилцлага хийхэд дээрх падааны тухай, ер нь компанийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй гэж хариулж байсан ба М компанитай байгуулсан гэрээг дүгнэх актад гарын үсэг зурсан тухай асуухад “миний гарын үсэг биш байна, миний гарын үсгийг дуурайлгасан байна” гэсэн.
Дээрх гэрээ дүгнэсэн акт нь хуурамч юм бол яагаад нотлох баримт болгон авчирсан болохыг тодруулахад тэр үеийн гэрээ хэрэгтэй боллоо гэж манай компанийн тайланг гаргадаг байсан Г компанийн захирал Ч.Маас асуухад үүнийг өгсөн учраас авчирлаа гэж хариулж байсан. Г ХХК нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичин тараагч М ХХК-иас 2015 оны 12 сарын 31-ний өдөр 0018958586 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичүүлэн авч тайланд тусган хасалт хийж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилдөө Баянгол дүүргийн Татварын хэлтэст шалгалтад хамрагдаж хариуцлага хүлээж байсан.
Татвар төлөгч Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гаргасан гомдолдоо: Нэг. Татварын улсын байцаагчид Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:
1.1 Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,
1.2 Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол... гэж заасан байхад уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзсэн гэжээ.
Тайлбар: Уг зүйлд дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол гэж заасныг баримтлан 1.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэн учраас уг зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичигт авагдсан мэдээлэл, холбогдогч Н ХХК-ийн захирал Э.А-тай хийсэн ярилцлага, түүний гаргасан тайлбар, гэрээ дүгнэсэн актыг өөрийнх нь гарын үсэгтэй байхад мэдэхгүй, хуурамч байна гэж тайлбарласан зэргээс дээрх үндэслэл хангагдсан гэж үзэж байна.
Хоёр. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн А/05 тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ыг дурдаж уг журмын 5.1 ба 5.2 дахь заалтуудыг баримтлан 2017 оны 01 сарын тайланд залруулга хийсэн гэжээ.
Тайлбар: Энд хянагдаж шийдвэрлэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой зөрчил 2015 оны 11 сард үйлдэгдсэн. Мөн журмын 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд харъяалагдах татварын албанд хийнэ” гэж заасан байна. Татварын хяналт шалгалт явагдаж байх хугацаанд буюу 2018 оны 04 сарын 30-ны өдөр тайланд засвар хийсэн байгаа нь тус компани зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болохын нэмэлт нотолгоо болж байна гэж үзэж байна.
Гурав. Татвар төлөгчийн эрх үүргийг танилцуулаагүй, тайланд залруулга хийсэн тухай тайлбар өгөхөөр очиход шийдвэр гарсан шуудангаар хүргүүлсэн гэдэг... гэжээ.
Тайлбар: Татвар төлөгчийг дуудан ирүүлж, татварын хяналт шалгалтын томилолтыг танилцуулахаас эхлэн түүний эрх үүргээс эхлэн гарган ирүүлэх баримт материал зэргийг тайлбарлан өгч тэмдэглэл хөтөлсөн байгаа. Шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн тухайд захирал Э.А нь 04 сарын 25-нд ирж тайлбар өгснөөс хойш шийдвэр гартал утсаа авахгүй, холбоо барих боломжгүй байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл холбоо харилцааны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” заасны дагуу шуудангаар хүргүүлсэн болно. Тус компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэх Ч.С 2018 оны 05 сарын 05-ны өдөр ирж уулзсан байх бөгөөд өгсөн тайлбартаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа хуулийн дагуу хүсэлтээ өгч засварлуулсан гэсэн нь хуульд нийцэхгүй байгааг энд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Татвар төлөгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 051 тоот тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 01 сарын 23-ны өдөр хуралдан дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан 29,426,351.00 төгрөгийн төлбөрөөс Н ХХК нь тайлангаа засварлахдаа нөхөн ногдуулсан гэж үзэж 20,294,035.00 төгрөгийн нөхөн төлбөрийг хасч 6,088,210.00 төгрөгийн торгууль, 3,044,105.00 төгрөгийн алданги, нийт 9,132,316.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэн 03 тоот тогтоол гаргасан. Иймд 260011957 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус бичигдсэн гэж үзэх, хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй байна гэж үзэж энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэв.
Хариуцагч О.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Н” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж шийдвэрлүүлж байсан гомдлын агуулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх гаргаж байсан гомдлын агуулга, өнөөдөр ярьж байгаа гомдлын агуулга өөр байна. Мөн татвар төлөгчийн зүгээс Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гаргасан гомдолдоо “Татварын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг хангаагүй байна” гэсэн байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд уг 2 үндэслэлийн аль нэгийг тогтоогдвол гэж заасан байгаа. Улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасныг хангагдсан гэж үзэн шийдвэр гаргасан.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмыг баримталсан гэж байна. Уг зөрчил нь 2015 оны 11 дүгээр сарын тайлангийн зөрчил байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2017 оны 01 дүгээр сарын тайланг засварласан. Энэ нь гомдол гаргагчийн тайлбартай зөрчилдөж байна.
Мөн “Татвар төлөгчийн эрх, үүргийг танилцуулаагүй. Тайлан засварласан тухай тайлбар өгөхөөр очиход шийдвэр гарсан, шуудангаар хүргүүлсэн гэж хэлсэн” гэж тайлбарлаж байгаа. Татварын улсын байцаагчийн зүгээс татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийх танилцуулгаас эхлэн, эрх, үүрэг, баримт материал зэргийг тайлбарлан өгч, тэмдэглэл хөтөлсөн байгаа. “Н” ХХК-ийн захирал н. А 2018 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдөр ирж уулзан, ярилцлага, тайлбар өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ярилцлагад тогтоогдсон зөрчил, хариуцлагын талаар яригдсан байгаа. Үүнээс хойш утсаа салгаад алга болсон. Энэ бүх ажил нь онлайнаар явагддаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шинэчилсэн тайлангаа өгөөд, зассан байгаа. Ингэхдээ 2017 оны 01 дүгээр сарын тайланг зассан байгаа. Зөрчил гарсан 2015 оны тайланг завсарлах боломжгүй байсан. 2017 оны тайлан нь зөрчилтэй тайлан биш байсан. 2017 оны тайлан нь падаанд хамаарахгүй, 2015 оны 11 дүгээр сарын тайлан нь зөрчилтэй.
Татварын маргаан таслах зөвлөл татвар төлөгчид эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх байдлаар татварын ногдол давхардсан үндэслэлээр нөхөн татварыг л хассан. 2015 оны 11 дүгээр сарын тайланд тайлагнагдсан 2 ширхэг падааны 1 нь зөрчилтэй байгаа. Зөрчилтэй падаантай тайланг 2016 оны 11 дүгээр сарын дотор засварлуулах боломжтой байсан.
Худалдан авалтын буцаалт гэж байдаг. Тэр нь өмнө нь хийгдсэн худалдан авалтыг бодит биш гэдгийг хүлээн зөвшөөрч, хасахыг хэлнэ. Ингэхээр ноогдол өсөөд ирнэ. Өөрөөр хэлбэл нөхөөд тайлагнасан гэж үзээд байгаа юм. Тэгэхээр хариуцлагын хэсэг байх ёстой гэж үзэж торгууль, алданги хэвээр байгаа.
Мөн манайд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Н” ХХК-иас н.С гэдэг хүн ирж уулзсан. Гэхдээ тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь мэдэгдэхгүй, санхүүгийн зөвлөх гэж ирж уулзсан бөгөөд татварын улсын байцаагчийн асуултад “Манайх хуулийн дагуу тайлангаа зассан” гэсэн ганц хариулт өгсөн. Улмаар “Н” ХХК-иас Татварын маргаан таслах зөвлөлд хандсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдана.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Н” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт цугларсан баримтын хүрээнд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн цагдаагийн албанаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоотоор “эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт нэр бүхий хуулийн этгээд, иргэний, тэр дунд ******* регистрийн дугаартай “Н” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, хариуг ирүүлэх”-ийг Татварын ерөнхий газарт мэдэгдэж, энэ дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоотоор “хяналт шалгалт хийхийг харьяа газар, хэлтсүүдэд мэдэгдэж”, хяналт шалгалтын ерөнхий удирдамж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 26150400203 дугаар томилолтоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар “Н” ХХК-ийн 2015 оны татварын ногдуулалт, төлөлтөд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар “Н” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ****** регистрийн дугаартай “М” ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 202.940.350.00 төгрөгийн бараа худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа үйлчилгээ...” хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч тал бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны зөв баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасан ба Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3 –т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан гаргах” үүргээ зөрчсөн гэж үзээд татварын улсын байцаагч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсаар 20.294.035.00 төгрөгийн нөхөн татвар, 6.088.210.70 төгрөгийн торгууль, 3.044.105.30 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ.
“М” ХХК-иас 0018682281 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 202.940.350.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авсан гэж тайлагнасан болох нь татварын албаны цахим татварын систем дэх “Н” ХХК-ийн худалдан авалтын бүртгэлд шивэгдсэн, мөн тус компанийн 2015 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тухайн сард нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа үйлчилгээ хэсэгт 461.940.350 төгрөгийн худалдан авалт хийснээр тусгасан, үүнээс 202.940.350.00 төгрөгийн худалдан авалтыг “М” ХХК-иас дээрх падаанаар хийсэн гэж тайлагнасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 0018682281 дугаартай падаанаар борлуулалт хийсэн гэх “М” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалт хийгээгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичилт хийж тарааснаар нэр бүхий 438 аж ахуйн нэгжид хууль бусаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан үйлдэлд эрүүгийн 201725020896 дугаартай хэрэг үүсгэн шалгасан, улмаар хий бичилттэй падаанаар төсөвт төлөх татвараа бууруулсан аж ахуйн нэгжүүдийн хувьд Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газарт дээрх 2018 оны 10и-3/827 дугаар бичгээр зөрчлийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байдаг..
Ийнхүү тус компани нь “М” ХХК-ийн 0018682281 дугаартай падаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 202.940.350.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2015 оны 11 дүгээр сарын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг нийт 20.294.035.00 төгрөгөөр бууруулсан нь тус компанийн татварын тайлан, худалдан авалтын падааны жагсаалтаар нотлогдохоос гадна татварын албаны тайлангийн мэдээллийн “НӨАТ-ын тайлангийн дэлгэрэнгүй жагсаалт”, тайлангийн мэдээллээс хөрвөж тооцоологдсон татварын албаны өрийн бүртгэлийн мэдээллээс тогтоогдож байна.
Дээрх 2015 онд хийсэн тайлангийн залруулгыг Татварын ерөнхий газрын даргын 2015 оны А/159 дугээр тушаалаар батлагдсан Тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5 дугаар зүйлийн 5.2. “Сар, улирал, жилийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ” гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор хийх байсан ч ийнхүү залруулга хийгээгүй, харин Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан Тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмаар 2017 оны 1 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг засварлах хүсэлтийг тус компани 2018 оны 04 дүгээр сарын 27-нд Баянгол дүүргийн Татварын хэлтэст “цахим”-аар гаргаж илгээснийг тус дүүргийн Татварын хэлтэс 2018 оны 04 дүгээр сарын 30-нд хүлээн авч залруулгыг хийсэн нь “Татварын цахим мэдээллийн систем” дэх мэдээллээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл “Н” ХХК нь татварын хэсэгчилсэн хяналт шалгалтаар илэрсэн “М” ХХК-ийн хий бичилттэй падаанаар 202.940.350.00 төгрөгийн зөрчлийг хүлээн зөвшөөрч зөрчлийг арилгах зорилгоор татварын хяналт шалгалт хийгдэж дуусаад шийтгэлийн хуудас үйлдсэн өдөр 2017 оны 01 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган залруулга хийлгэсэн байна.
Уг тайлангийн залруулгын дагуу ‘Татварын өрийн тооцоолол’’-ын системд 2017 онд “Н” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол 20.294.035.0 төгрөг нэмэгдэж орсон нь 2019 оны 01 дүгээр сарын байдлаарх татварын бүртгэл мэдээллийн сан дахь татварын ногдлын мэдээллээс харагдаж байх бөгөөд энэ үндэслэлээр буюу “төсөвт төлөх тухайн татварын ногдол нь давхардаж байгаа” үндэслэлээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 202.940.350.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 20.294.035.00 төгрөгийн нөхөн татварыг хасч, уг зөрчилд хариуцлага болгон ногдуулсан 6.088.210.70 төгрөгийн торгууль, 3.044.105.30 төгрөгийн алдангийг төлүүлэхээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журмын 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ журмын 5.2-т заасны дагуу татварын тайланг залруулсан нь татварын хяналт шалгалтаар татвар нөхөн ногдуулах, алданги, хүү, торгууль ногдуулахгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл татварын тайлангийн залруулгаар үүссэн татварын ногдлыг шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвартай давхардуулан төлүүлэх боломжгүйгээс шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг хассан тул энэ нь зөрчлийг илрүүлж хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хариуцлага болох алданги, торгуулийг хасах үндэслэл болохгүй.
Ийнхүү Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн хийсэн хяналт шалгалтаар “Н” ХХК нь “М” ХХК-ийн 0018682281 дугаартай падаанаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 202.940.350.00 төгрөгийн худалдан авалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж 2015 оны 11 дүгээр сарын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 20.294.035.00 төгрөгөөр бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул уг зөрчилд хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “хуульд өөрөөр заагаагүй бол” зөрчил шалган шийдвэрлэхдээ уг хуулийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлахаар, мөн 1.5 дугаар зүйлийн 8-д зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг “өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөх”-өөр заасан ба Татварын ерөнхий хууль нь татвар бий болгохоос эхлээд татвар тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг нарийвчилсан зохицуулалт агуулсан хууль тул татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулахад уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 6.6 дугаар зүйлийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260011957 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА