Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0247

 

Р.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.Бын нэхэмжлэлтэй, Сийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд Сийн Засаг даргын Тамгын газрын Санхүүтөрийн сангийн хэлтэст харьяалагдан ажиллаж байсан.

Тус хэлтсийн дарга Ц.А******* нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2014 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг үйлдэж, тус хуудсаар гэрээг дүгнэж "В" буюу сайн гэсэн үнэлгээг өгсөн. Уг илтгэх хуудастай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр танилцан гарынүсгээ зурсан.

Гэтэл Сийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б******* нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус илтгэх хуудсанд өөрийн зүгээс "F" буюу хангалтгүй гэсэн үнэлгээг өгч улмаар тус үнэлгээг үндэслэн ажлаас халах тушаал гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хэлтсийн дарга буюу менежерийн өгсөн үнэлгээний оноог тус бүрт нь бууруулан тавьсан. Үнэлгээний оноог бууруулан тавихдаа ямар үндэслэлээр бууруулсан нь тодорхойгүй, үндэслэлээ тавиагүй ба үнэлгээг бууруулахдаа холбогдох тайлбарыг надаас аваагүй, тайлбар өгөх боломжийг олгоогүй.

Ийнхүү үнэлгээний оноог бууруулсан тухайгаа надад мэдэгдээгүй ба менежерээс үнэлгээний дүнг надад танилцуулснаас хойш буюу 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үнэлгээг тавьсан байсан.Менежерийн үнэлгээг зөвшөөрөхгүй талаар үндэслэлээ "мэргэжлийн ур чадвар муу, хариуцлагагүй, албанхэрэг хөтлөлт муу, удаан" гэж бичсэн.

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид зааснаар ажилтныг мэргэжлийн ур чадвар муу, хариуцлагагүй,албан хэрэг хөтлөлт муу, удаан" гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байхад хуулиас давсан үндэслэл гаргаж ажлаас халсанд гомдолтой байна. Төрийн албанд ажиллаж байгаа ажилтныг гагцхүү Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд тус тус заасан үндэслэлийн дагуу захиргааны санаачилгаар ажлаас халах ёстой. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлүүдэд тус тус зааснаас бусад үндэслэлээр ажлаас халах ёсгүй.

Гэтэл төрийн албанаас халах тухай тушаалыг үндэслэхдээ Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг буюу ";Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэх үндэслэлийг заажээ. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "'Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт "Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн../ гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарлажээ. Миний тухайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр аливаа байдлаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.

Мөн Сийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б******* нь менежерийн өгсөн В үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ /гэрээний биелэлт дүгнэх илтгэх хуудсын 5 дугаар хуудсанд бичсэнээр/ "мэргэжлийн ур чадвар муу, хариуцлагагүй, албан хэрэг хөтлөлт муу, удаан" гэж тайлбарласан нь хувийн субьектив хандлагаар хандаж бичсэн гэж үзэж байна.

Хэрэв үнэхээр эрхэлж байгаа ажил албан тушаалдаа мэргэжлийн ур чадвар муу тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас халж байгаа бол урьдаар энэ талаар дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гаргах ёстой байсан.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаартай тогтоолын 15.2-т зааснаар ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэдгийг тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсныдүгнэлт гарсан байхыг ойлгодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах тохиолдолд энэ тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан.Гэвч хуульд заасан энэхүү үүргийг ажил олгогч хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацааны өмнө надад албан ёсоор мэдэгдээгүй нь хууль бусаар ажлаас халсны бас нэгэн нотолгоо юм. Иймээс Сийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/214 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасантайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Рэнцэндоржийн Б нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Засаг даргын Тамгын даргын 2014 оны Б/214 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажил үүргийн доголдлыг удаа дараа гаргаж байсан. Орон нутгийн төсвөөр хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж байсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох бичиг баримтыг дутуу эсвэл техникийн алдаатай бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулж ажил үүрэгтээ хангалтгүй хандан ажилласан.

Мөн нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ байрны дотоод засал чимэглэл хийх ажлыг гүйцэтгэсэн О******* ХХК-д ажлын гүйцэтгэлийг шалгаж санхүүжилт олгох тухай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/1 дугаартай Ажил гүйцэтгэх комиссын хурлын тэмдэглэлийг комиссын хурлын дарга Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил хариуцсан орлогч Л.Н******* даргад танилцуулалгүй, Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Б.Б******* /ээлжийн амралттай байсан/, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Ц.Б*******, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.С*******, Ашиглалтын өмнөх албаны дарга Б.Ц******* нарыг тус өдрийн хуралд оролцсоноор хурлын тэмдэглэл хөтөлж дээрх компанид ажлын гүйцэтгэлийн 27.63 хувийн санхүүжилтийг олгох шийдвэрийг гаргасан.

Уг хурлын тэмдэглэлийг 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх комиссын хурлаар хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон. Р.Б ажиллах хугацаандаа цаг ашиглалтын байдал муу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа ажлын 177 өдөр ажиллах байснаас 39 өдөр бүтэн таслалтын ирцтэй байсан нь алба хаагч нарын цагийн бүртгэлийн тайлан мэдээний баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн дээрх алдаа, зөрчлийг тухай бүрд нь удирдах болон холбогдох албан тушаалтнууд нь засаж сайжруулах, анхааруулах зэрэг бүхий л арга хэмжээг авч ажиллаж байсан боловч Р.Б нь алдаа зөрчлөө сайжруулаагүй төдийгүй 2014 оны хагас жилийн үр дүнгийн гэрээгээр F буюу хангалтгүй гэсэн үнэлгээг авсан нь төрийн албанаас халах үндэслэл болсон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрээрТөрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтланСийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/214 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Р.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г******* давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Сийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/214 дугаартай "Р.Быг төрийн албанаас халах тухай" тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахад оршиж байсан.

Тус тушаалын 1-д зааснаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэнР.Б удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, 2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтээр "F" үнэлэгдсэн тул гэж төрийн албанаас Р.Быг халах үндэслэлийг тусгасан.

Гэвч анхан шатны шүүхээс "Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй байна" гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээр дурьдсанаар тушаалын үндэслэл нь Р.Б нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул "F" үнэлэгдсэн гэж ойлгогдож байгаа. Гэвч нэхэмжлэгчээс хэлтсийн дарга /менежер/ Ц.А******* нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2014 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг үйлдэж тус хуудсаар гэрээг дүгнэж "В" буюу сайн гэсэн үнэлгээг өгснийг Тамгыйн газрын даргаас "F" үнэлгээ болгон бууруулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ талаар үндэслэлийг анхан шатны шүүхэд хангалттай тайлбарласан боловч хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

Тодруулбал: Менежерийн дараагийн шатны дарга буюу Тамгын газрын дарга Б.Б*******аас менежерийн үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ "мэргэжлийн ур чадвар муу, хариуцлагагүй, албан хэрэг хөтлөлт муу, удаан" гэж тодорхойлсныг зөвшөөрөөгүй ба үндэслэлгүй тодорхойлолт болсон гэж үзсэн.

Хэрэв ажилтан эрхэлж байгаа ажил албан тушаалдаа мэргэжлийн ур чадвар муу тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас халж байгаа бол урьдаар энэ талаар дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гаргах ёстой байсан. Гэвч Р.Быг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ талаар дүгнэлт байдаг эсэх, байдаг бол нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан ба хариуцагч талаас ийнхүү гаргасан дүгнэлт байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт дурдсан ажил гүйцэтгэх комиссын хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж байгаа тохиолдолд энэ үндэслэлийг ажлаас халах тушаалд заах байтал үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтээр "F" үнэлэгдсэн тул үндэслэлийг зааж өгсөн нь эргэлзээ төрүүлж байна.

Тамгын газрын даргаас хэлтсийн дарга буюу менежерийн өгсөн үнэлгээний оноог тус бүрт нь бууруулан тавихдаа ямар үндэслэлээр бууруулсан нь тодорхойгүй, үндэслэлээ тавиагүй ба энэ талаар хариуцагч талаас үндэслэлтэй тайлбар хийж баримтаар няцаагаагүй. Үнэлгээний оноог бууруулсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй ба түүнээс зохих тайлбарыг хийх боломжийг олгоогүй. Өөрөөр хэлбэл менежерээс үнэлгээний "В" дүнг Р.Бд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр танилцаж гарын үсгээ зурж тус өдрийн огноог бичсэнээр тогтоогддог. Харин Тамгын газрын даргаас үнэлгээг 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бууруулан тавьсан байдаг ба энэ талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй болох нь үнэлгээний тайлангаас тодорхой харагддаг.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт "Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "...хангалтгүй биелүүлсэн..." гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгасан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарлажээ.

Ажилтныг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг урьдчилан тогтоосон байх ёстой. Сийн Засаг даргын Тамгын газрын дэргэд ажилтны ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчил, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж эрх бүхий албан тушаалтанд дүгнэлт гаргаж өгөх үүрэг бүхий Орон тооны бус Ёс зүйн хороо ажиллаж байхаар тус газрын дотоод журмын 1.7-д заажээ. Хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус Ёс зүйн хорооноос Р.Бын ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотой ёс зүйн зөрчлийг шийдвэрлэж байсан эсэх, түүнтэй холбоотой санал дүгнэлт гаргаж байсан эсэх талаар баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас тийм санал дүгнэлт байхгүй, гараагүй тухай хүлээн зөвшөөрч байсан.

Гэвч гэрч Ц.А*******ын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэхэд учир дутагдалтай болохыг тайлбарласан боловч шүүхээс хүлээн аваагүй. Учир нь гэрч Ц.А******* нь хариуцагч байгууллагад ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч ажилладаг буюу хариуцагч байгууллагын харьяалалд ажилладаг, тус байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шууд гүйцэтгэдэг этгээд байх ба хариуцагчийн дарамтанд хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан бодит үнэн байдалд нийцэхгүй худал мэдүүлэг өгөх өндөр магадлал бүхий этгээд байсан.

Нөгөө талаар гэрч нь ажлын цагаар шүүхэд гэрчийн мэдүүлгийг ирж өгсөн байдаг тул гэрчээр мэдүүлэг өгөхийн тулд хэнээс чөлөө авах ёстой байдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тодруулахад Тамгын газрын дарга Б.Б*******аас чөлөө авч ирж мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байсан. Энэ нь гэрч нь аливаа байдлаар хэрэгт хөндлөнгийн сонирхолгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үйл баримт бөгөөд харин ажлаас халах тушаал нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байдаг.

Ажил тасалсан гэх үйл баримт нь 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын хооронд хугацаанд хамаарах үйл баримт байдаг. Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл хүлээлгэх зохицуулалттай байдаг боловч шүүхээс хуулийн зохицуулалтыг анхааран үзсэнгүй.

Шүүх гэрээний биелэлтийг тооцон дүгнэх /1 жилийн/ хугацаа болоогүй байхад хариуцагчаас хагас жилээр дүгнэж дүгнэлтийг ажлаас халах тушаалд үндэслэсэн нь буруу болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч ажлаас халах тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэж зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Хариуцагчаас өөрийн тайлбарыг нотолж байгаа бичгийн баримтуудад өөрийн хуулбар үнэн гэсэн тэмдгийг дарсан байсан тул нэхэмжлэгч талаас хуулийн шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлэхгүй байх талаар тайлбарыг нотлох баримт шинжлэн судлахад гаргаж байсан боловч шүүхээс үл хэрэгсэж шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр нотлох баримтуудын хэмжээнд үнэлэн дурдсанд гомдолтой байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/214 дүгээр тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Быг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, 2014 оны эхний хагас жилийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтээр F үнэлэгдсэн тул 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс төрийн албанаас халжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол ажлаас халахаар заасан байна.

Нэхэмжлэгч Р.Б нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх комиссын хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ байрны дотоод засал чимэглэл хийх ажлыг гүйцэтгэсэн О******* ХХК-д ажлын гүйцэтгэлийг шалгаж санхүүжилт олгох тухай асуудлыг дур мэдэн шийдвэрлэж дээрх компанид ажлын гүйцэтгэлийн 27.63 хувийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн болох нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх комиссын хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн үйлдэл байна.

Мөн Сийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 1.8-д шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр ажлыг 3 хоног таслан ажлын байрыг орхиж явсан нь шууд ажлаас халах үндэслэл болох бөгөөд заавал дараалсан хоног биш байж болно, 2.1-д ажлын 2 өдөр хүртэлх чөлөөг хэлтсийн дарга, хоёроос дээш өдрийн чөлөөг Тамгын газрын даргын зөвшөөрлөөр тус тус олгох ба чөлөөний хуудсан дээр гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Р.Б 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын 39 өдөр бүтэн тасалсан болох нь албан хаагч нарын цагийн бүртгэлийн тайлан мэдээний баримт, цалингийн карт, гэрч Ц.А*******ын мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг ажил тасалсан энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдож байх учир түүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5.3-д Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллага (нэгж)-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам, харин энэхүү журмын 2 дугаар хавсралтын "Илтгэх хуудас"-аар бүтэн жилээр тус тус гаргаж, менежерт тайлагнана 6.3-т гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ гэж заажээ.

Үүнээс үзэхэд гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэх ёстой байхад хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж F үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй боловч нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн талаар хагас жил тутамд тайлагнах үүрэгтэй байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажил үүргээ удаа дараа хангалттай биелүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон учир маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН