Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00902

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00902

Төв аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

1.Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Өлөнт гэх газар оршин суух Илжгэн овогт Пүрвээгийн Даваадорж /АГ83030311/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймаг Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Шар хоолой гэх газарт оршин суух Монголмууд овогт Ноосгойн Басанд /ОЖ61072918/-д холбогдох

“9 699 515 төгрөгийн үнэ бүхий хургатай хонь 26, ишигтэй ямаа 1, хуц 1, 8 тооны үхэр гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

2. Хариуцагч:Төв аймгийн Батсүмбэр сумын 1-баг, Мандал гэх газар оршин суух Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгч П.Даваадоржид холбогдох 26 хонь, 1 ямааг охин Д.Амаржаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Амаржаргалд оногдох хэсгийг гаргуулах тухай, мөн 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлснийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваадорж, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Б.Басангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Энхзул, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Нэхэмжлэгч П.Даваадорж миний бие болон миний бие ээж Ж.Мядаг бид тус шүүхэд Н.Басан, Б.Энхзул нараас 26 тооны эм хонь, 26 хурга, 1 эм ямаа, 1 ишиг, 1 хуц, мөн 9 тооны үхэр, нийт бод бог нийлсэн 64 тооны мал нэхэмжилсэн. Ээж маань одоо 80 нас хүрсэн өндөр настай хүн учир шүүхийн ажиллагаанд оролцоод явах боломжгүй болсон. Мөн миний бие одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа, тусдаа гараагүй учир бид хоёрын эд хөрөнгө нь бидний дундын эд хөрөнгө учир тус тусдаа нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзлээ. Миний бие цаашид шүүхийн ажиллагаанд ганцаараа нэхэмжлэгчээр оролцох болсон. Иймд хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 26 тооны эм хонь, 26 хурга, 1 эм ямаа, 1 ишиг, 1 хуц, мөн 9 тооны үхэр, нийт бод бог нийлсэн 64 тооны 9 450 000 төгрөгийн үнэ бүхий малыг маань гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа: “-2014 оны намар 10-р сарын 20-нд Батсүмбэр сумын Хавчиг ганга гэх өвөлжөө рүүгээ нүүхдээ Басангынд хуцанд гаргах гэж 26 эм хонь, 1 эм ямаа, 1 хуц үлдээсэн. Үлдсэн хонио авч нүүсэн. Гэтэл түүнээс хойш 2014 оны 12-р сарын 29-31-ний хооронд бид хоёр таарч тохирохгүй салсан. Энэ хэрэг 3 жил үргэлжилж байна. 2014 оны 12-р сарын 30-ны өдрөөс хойш хүүхдийн тэтгэлэг энэ тэр гэж шүүх цагдаагаар яваад 3 жил болж байна. 26 хургатай эм хонь, 1 ишигтэй ямаа нийт 54 тооны бог малыг Басангаас нэхэмжилж байна. 1 хуц нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Мөн 2015 оны 3-р сарын 26-нд манай ээжийг Батсүмбэр сумын Уйлант гэх газар байхад намайг Улаанбаатар хот руу явсан эзгүй хойгуур 15 үхрийг Басан, Энхзул 2 тууж явсан байсан. Энхзул анх манай гэрт ирэхдээ 7 үхэртэй ирсэн. 7 үхрээ авах нэрийдлээр миний 9 үхрийг туугаад явсан. Хар алаг үнээ, хар алаг бяруу, шар цоохор үнээ, бор бяруу, хар халзан үнээ, бор цоохор бяруу, хар бяруу, хар охин тугал,  ягаан бяруу зэргийг тууж явсан байсан. Хар халзан, хар алаг, шар цоохор үнээ бүгд хээлтэй явсан. Энхзулаас эдгээр 9 үхрийг нэхэмжилж байна. Бод бог нийлсэн 63 малыг нэхэмжилж байна. Миний эзэмшлийн үхрийг туугаад явсан учир нэхэмжилж байна. Малаа малаар нь нэхэмжилнэ. Энхзулаас 9 үхэр нэхэмжилж байгаа. 54 бог малыг Басангаас нэхэмжилж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-Бид хоёр хамт амьдарч байхдаа 26 хонийг 2014 оны 10-р сарын 20-нд Хавчиг гангаруу нүүхдээ аавынд үлдээсэн. Нэг ямаа нь бол хашаа давж зугтаад үлдээсэ юм. Анхан шатны хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүх хуралдаан дээр Даваадорж охиндоо үлдээсэн гэж хэлж байсан. Энэ 26 хонь, 1 ямаанаас би охиндоо сард нэг хонийг хэрэглэсэн. Тухайн үед охиндоо тэтгэлэг төлдөггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй зүйл нэхэмжлээд байна. Төллүүлнэ гэж тавиагүй. Төллүүлнэ гэж тавьсан бол гэрээ хийж авах байсан байх. 2014 оны 10-р сарын 20-нд Хавчига гангаруу нүүхэд аав надад өмч болгож 14 тооны үхэр өгсөн. Үүнд: ягаан үхэр, ягаан тугал, улаан үхэр, улаан тугалтай, шар цоохор гунж, ягаан гунжин үхэр, хар алаг үхэр, бор халзан тугалтай, хар халзан үхэр, хар тугал, цагаан нүүртэй ягаан үхэр, бор тугал, ягаан бяруу өгснийг Хавчига гангаруу нүүхдээ авч гарсан. Даваадоржийн нэхэмжлээд байгаа нь хар алаг үхэр, хар тугалтай юм болов уу. Хар тугал нь хар бяруу болоод чонод идүүлсэн. Би Мядаг гуайн гаднаас 13 үхэр тууж явсан. Ягаан үхэр, ягаан бяруу, ягаан гунж, улаан үхэр, хар бяруу, хар алаг үхэр, бор халзан бяруу, шар цоохор гунж, ягаан гунжин үхэр,  цагаан нүүртэй ягаан үхэр, бор бяруу, хар халзан шүдлэн ийм тооны үхэр тууж явсан. Хар алаг үхэр, хар халзан үхэр, шар цоохор үхэр, бор бяруу, бор халзан бяруу, хар халзан шүдлэн эд нарыг Даваадорж нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа малынхаа эм зүсийг буруу хэлээд байна. Баруун талын чихэндээ цуулбар эмтэй. Араасаа ухсан эмтэй” гэв.

Хариуцагч Б.Энхзул сөрөг нэхэмжлэлдээ: 1.П.Даваадорж нь 2014 оны 10 дугаар сарын 20-нд өвөлжөө рүүгээ нүүхдээ өөрөө сайн дураараа охиндоо 26 хонь, 1 ямаа үлдээсэн болохыг тогтоолгох.  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Иймд зохигчдын дундаас төрсөн охин Анхжаргалд эцэг Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд оногдох хэсгийг гаргуулах. /Иргнэний хуулийн 108-д заасан өмчлөх эрх бүхий этгээд нь охин Анхжаргал юм/.  2.П.Даваадорж нь 9 үхэр Энхзулаас нэхэмжилж байгаа боловч Даваадоржийн үхэр дандаа хайнаг/усан гүзээ гээд/ цэвэр монгол үхэргүй юм. Энэ үхэр нь одоо надад байхгүй учир миний миний 14 үхрээс хар халзан шүдлэн үхэр нь 2015.03.25-ны үеэр, хар алаг 6 настай үнээ 2015 оны 03 сарын 26-ны үеэр, Хар халзан зүстэй үнээ 7 настай 2015 оны 03 сарын 29-ний үеэр, бор бяруу 04 сарын 01-ний үеэр тус тус үхсэн болохыг 1 үхрийг нь 2014 оны 11 сарын 21-нд чоно идсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Энхзул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлийнхээ талаар тайларлахдаа: “-Даваадорж нь 26 хонь, 1 ямааг охиндоо үлдээсэн болохыг тогтоож өгнө үү. Мөн хар халзан эр шүдлэн, бор бяруу, хар алаг үнээ зэрэг  5 тооны үхэр үхсэн болохыг тогтоолгомоор байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй боловч 6 сар хамт амьдарсан. Иймд Даваадоржийн өмч хөрөнгөөс охиндоо оногдох хувийг нь гаргуулмаар байна. Тэгэхээр бид хоёрын дундаас төрсөн охин Анхжаргал өмчлөх эрхтэй гэж бодож байна. Даваадоржийн аавынд тоолуулсан 100 хонь, 100 ямаа, 28 үхэр нь өөрийнх нь өмч мөн учраас охин Анхжаргалд оногдох хувийг гаргуулахыг хүсч байна.” гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-26 хонийг би охиндоо өгөөгүй. Өгсөн гэсэн баримт байхгүй. Аав нь 14 үхэр өгсөн гэж худлаа ярьж байна. Манайд анх ирэхдээ улаан үнээ, хар тугал, ягаан үнээ, ягаан тугал, шар цоохор гунж, ягаан үнээ, ягаан тугал зэрэг 7 үхэртэй ирсэн. Намайг байхгүй хойгуур миний үхрийг туугаад явсан байсан. Шар цоохор үнээг Бат-Эрдэнэээс, хар халзан эр шүдлэн, Хар алаг, хар халзан үнээг тус тусд нь тугалтай нь Бөхцоожоос авсан. Хар бяруу чононд идүүлсэн нь үнэн. Шүүхээр ороод би хүүхдэдээ тэтгэлэг төлөөд явж байгаа. Хар бяруу чоно идсэн гэдгийг би мэднэ. Бусдыг нь би мэдэхгүй. 100 хонь, 100 ямаа, 28 үхрийн хувьд нүүж ирээд удаагүй өөрсдөө өвөлжөөгүй болохоор эдний аавынд тоолуулсан, Басан өөрөө манай дээр тоолуулчихгүй юу гэхээр нь тоолуулсан. Энэ мал миний өөрийн өмч биш, ээж бид хоёр өрх нэг учраас бидний дундын өмч. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: нэхэмжлэл /1-р хх-н 1/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан өргөдөл /1-р хх-н 11/, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /1-р хх-н 18/, Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 21/, Г.Ноосгойн шүүхэд гаргасан тайлбар /1-р хх-н 23/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /1-р хх-н 24/, малын А данс /1-р хх-н 27/, Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-н 40/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-н 45/, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1-р хх-н 62/, Батсүмбэр сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 63-64/, Бүжинхэн цэцэрлэгийн арга зүйчийн тодорхойлолт /1-р хх-н 66/, малын үнэлгээ /1-р хх-н 67/, Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдал /1-р хх-68-71/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /1-р хх-н 80/, итгэмжлэл /1-р хх-н 89/, Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-112/, малын А данс /1-р хх-н 113-117/, өвчнөөр хорогдсон малын акт /1-р хх-н 128-131/, Батсүмбэр сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 132/, Төв аймгийн цагдаагийн газрын 45/02-3152 тоот албан бичиг /1-х хх-н 133/, 203/МА2016/00027 тоот магадлал /1-р хх-н 134/, 3506 тоот шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-н 140-148/, гэрч Б.Бөхцоожийн мэдүүлэг /1-р хх-н 159/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-н 161/, гэрч Б.Гансүхийн мэдүүлэг /1-р хх-н 163/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-н 194/, итгэмжлэл /2-р хх-н 30/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай /2-р хх-н 31, 51/, хариу тайлбар /2-р хх-н 58/, малын А дансны хуулбар / 2-р хх-н 72/, 151/ШЗ2017/02096 тоот захирамж /2-р хх-н 89/, 151/ШЗ2017/02097 тоот захирамж /2-р хх-н 90/, Б.Энхзулын шүүхэд гаргасан хүсэлт /2-р хх-н 93/, 151/ШТ2017/00048 тоот тогтоол /2-р хх-н 99-100/, гомдол хүлээн авахаас татгалзах тухай /2-р хх-н 101-102/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хх-н 104/, 151/ШЗ2017/02694 тоот захирамж /1-р хх-н 113-114/ нотлох баримтууд эдгээр болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж зохигчдын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Мядаг нь анх шүүхэд 26 хургатай эм хонь, 1 ишигтэй эм ямаа, 1 хуц нийт 4 850 000 төгрөгийн үнэ бүхий 55 тооны бог мал нэхэмжилсэн байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүү П.Даваадоржийн итгэмжлэлээр /хх-н 32/ түүнийг төлөөлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү П.Даваадоржийн тугалтай үнээ 3, шүдлэн үхэр 1, бяруу 2, нийт 9 тооны үхрийг орон нутгийн ханшаар 4 600 000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны бог малыг Н.Басангаас гаргуулахаар нэхэмжилж, мөн өөрийгөө төлөөлөх эрхийг охин П.Оюунцэцэгт /хх-н 33/ мөн П.Даваадорж нь өөрийгөө төлөөлөх эрхийг эгч П.Оюунцэцэгт /хх-н 91, 126/ тус тус олгосон  байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Мядаг нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэгээс татгалзаж хүү П.Даваадорждоо 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл олгосноор П.Даваадорж нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н.Басангаас 26 хургатай эм хонь, 1 ишигтэй эм ямаа, 1 хуц нийт 4 850 000 төгрөгийн үнэ бүхий 55 тооны бог мал, Б.Энхзулаас 9 тооны үхэр буюу нийт 4 600 000  төгрөгийн үнэ бүхий бод мал тус тус гаргуулахаар нэхэмжилжээ. /2-р хх-н 29/

Нэхэмжлэгч П.Даваадоржийн /Ж.Мядаг/ нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.Нэхэмжлэгч П.Даваадоржийн эх Ж.Мядагийн 26 эм хонь, 1 эм ямааг Н.Басангийн малд үлдээсэн талаар зохигчид маргаагүй харин нэхэмжлэгч П.Даваадорж  “Манай ээж 26 эм хонь, 1 эм ямаа, 1 хуцыг 2014.10 сард Басангийнд үлдээсэн. Нийт 26 хонь хургатайгаа, 1 ишигтэй ямаа, 1 хуц нийт 55 бог малаа Н.Басангаас нэхэмжилж байна. Мөн миний 9 үхрийг Энхзул Басан нар өөрийн 7 үхэртэй хамт тууж явсан учир  үхрээ Б.Энхзулаас нэхэмжилж байна” гэж  хариуцагч  Б.Энхзул “...уг 26 эм хонь, 1 ямааг П.Даваадорж охин Анхжаргалдаа үлдээсэн... Одоо мал байхгүй, сар бүр нэг хонь охиндоо хэрэглэдэг байсан. ...Би Даваадоржийн үхрийг тууж авч яваагүй, өөрийнхөө үхрийг авч явсан. ... ” гэж, тус тус маргажээ.

Нэхэмжлэгч П.Даваадоржийн эх Ж.Мядаг нь 2014 оны жилийн эцсийн тооллогоор Архангай аймгийн Их Тамир сумын мал тооллогын баримтаар бод бог нийлсэн 85 мал тоолуулсан /хх-н 27/, П.Даваадорж, Ж.Мядаг нар 2015 оны жилийн эцсийн тооллогоор бод бог нийлсэн 161 тооны мал тоолуулсан /хх-н 112-113/ зэргээс дүгнэхэд Ж.Мядаг нь малтай байсан гэдэг нь нотлогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул маргаж буй 26 тооны эм хонь, 1 эм ямааг өөрийнх нь аав Н.Басангийнд үлдээсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба Ж.Мядагийн мал биш гэдгийг үгүйсгээгүй, энэ тухайгаа баримтаар нотлоогүй  болно. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй 26 эм хонь, 1 эм ямааг Н.Басангийнд үлдээсэн гэх үйл баримт нь 2014 оны 10 дугаар  сарын 20-нд болсоныг хэн аль нь мэдүүлдэг,  цаг хугацааны хувьд  2014 оны мал тооллого явагдахаас өмнө болсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч П.Даваадорж 1 хуц нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Мөн П.Даваадоржийн нэхэмжилсэн Ж.Мядагийн гэх 54 тооны бог малаас 26 хурга, 1 ишиг нийт 27 төл малыг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь тухайн үед буюу хариуцагч Н.Басангийнд уг малыг үлдээх үед дээрхи 26 эм хонь, 1 ямаа хээл аваагүй байсан, хуцанд гаргах гэж үлдээсэн гэдгийг нэхэмжлэгч П.Даваадорж тайлбарлаж байгаа хэдий ч Н.Басангийнд тавьснаас хойш дээрхи хээлтэгч мал хээл авсан эсэх нь тодорхойгүй, хээл авсан болон төллөсөн талаар зохигчдын хэн аль нь баримтаар нотлоогүй болно.

Иймд П.Даваадорж нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Н.Басанг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ  П.Даваадоржийн нэхэмжлэлийн шаардлагаас 26 тооны эм хонь, 1 эм ямааг хариуцагч Н.Басангаас гаргуулж, үлдэх 26 хурга, 1 ишиг нэхэмжилсэн шаардлагыг дээрхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч П.Даваадоржийн хариуцагч  Б.Энхзулаас нэхэмжилж байгаа 9 үхрийн талаар:

Нэхэмжлэгч П.Даваадорж нь “...Эхнэр Б.Энхзул салаад явахдаа өрийнхөө үхэртэйгээ хамт миний өмчлөлийн 9 үхрийг туугаад явсан байсан. Намайг хот руу ажилтай явсан хойгуур аавтайгаа ирээд туугаад явсан байсан. Б.Энхзулаас 9 тооны үхрээ нэхэмжилж байна. Хар алаг үнээ тугалтай, хар халзан үнээ тугалтай, шар алаг үхэр тугалтай, хар халзан шүдлэн үхэр, бор бяруу, бор цоохор бяруу. Нийт 4 600 000 төгрөгийн малаа нэхэмжилж байна.” гэж хариуцгч Б.Энхзул нь “...Би П.Даваадоржийн үхрийг тууж яваагүй, өөрийнхөө 14 үхрийг тууж явсан. Энэ үхрүүд манай ах Бат-Эрдэнэ, дүү Бөхцоож нарын манай охинд бэлэглэсэн үхрүүд байсан. ...” гэж тус тус маргажээ.

 Хариуцагч Н.Басан, Б.Энхзул нар нь 2015 оны 3-р сарын 20-дын үед 14 тооны малыг Ж.Мядагийн гаднаас тууж явсан гэдэг нь хөндлөнгийн гэрч Б.Ноосгойн “...2015 оны 3-р сарын 25-нд 2 тугалтай нийт 15 үхэр тууж авч явсан, Нэг тугалтай үхэр нь хар халзан үнээ байсан. Бусад малын зүсийг сайн санахгүй байна. ...Анх Ж.Мядаг нүүж ирэхдээ хонь,  ямаа, үхэр, адуутай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 157/, хариуцагч Б.Энхзулын “...Энэ тууж явсан үхрүүдээс 4 нь үхсэн, Малын эмчийн акт байгаа. 1 хар бяруу чонод идүүлсэн, Даваадорж өөрөө мэдэж байгаа. 9 үхэр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  2015 оны 03 сарын 25-ны өдөр 14 тооны үхэр тууж явсан. ...” гэх тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч Б.Энхзулын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох бор бяруу, хар халзан эр шүдлэн үхэр, хар халзан үнээ, хар алаг үнээ үхсэн тухай акт /хх-н 128-131/, гэрч С.Батбаатарын “Эр шүдлэн үхэр тамирдаж үхсэн. Н.Басангийн гэрээс дуудлага өгсөн. .Айл хувийнхаа мал дээр акт бичүүлдэггүй. Хүний мал байгаа юм үхсэн нь үнэн гээд тодорхойлолт бичээд өг гэхээр нь би оношилсон...Тэр үхэр
Шар хоолой гэдэг газар өвөлжөөнийхөө хажууд үхсэн байсан Пенамоны өвчин буюу уушигний хатгаагаар үхсэн. Б.Энхзул тэр дор нь бичээд өгөөч гэж гуйсан болохоор акт бичиж өгсөн. Хүний мал байгаа юм аа акт бичээд өг гэсэн. Тэр үхрийг булуулсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, 2015 оны 3-р сарын 25-нд мал тууж явсан өдрөөс хойш 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлсэн гэх цаг хугацаа, үхсэн малын зүс, нас зэрэг нь П.Даваадоржийн нэхэмжилж байгаа 9 тооны үхрийн нас, зүстэй болон П.Даваадоржийн гаднаас тууж явсан цаг хугацаатай тохирч байна.

Мөн хариуцагч, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул нь   Ж.Мядаг, П,Даваадорж нарын гэрийн гаднаас тууж явсан гэх 14 тооны үхрийг өөрийн ах Б.Бат-Эрдэнэ, дүү Б.Бөхцоож нар охин Анхжаргалд нь бэлэглэсэн мал гэж, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Бөхцоож нар дүүдээ бэлэглэсэн гэж мэдүүлдэг ба эдгээр үхрийг хэнээс хэнд өгсөн болон бэлэглэсэн талаар хариуцагч Б.Энхзул, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Бөхцоож нар зөрүүтэй мэдүүлдэг /хариуцагч Б.Энхзул аав Н.Басан, ах Бат-Эрдэнэ, дүү Бөхцоож нар өөрт нь бэлэглэсэн тухай өмнө нь тайлбарлаж байсан бол одоо ах Бат-Эрдэнэ, дүү Бөхцоож нар нь охин Анхжаргалд нь бэлэглэсэн гэх мэтээр/, мэдүүлэг нь тогтворгүй байгаа зэргээс дүгнэхэд  9 тооны үхэр хариуцагч Б.Энхзулынх гэдэг нь баримтаар нотлодохгүй байна.

Харин нэхэмжлэгч П.Даваадорж Б.Энхзулын ах Б.Бат-Эрдэнэ, дүү Б.Бөхцоож нараас үхэр худалдаж авч байсан талаар хөндлөнгийн гэрч Б.Гансүхийн “...Намайг Баясгалан гэж хүүхдээр Н.Басан дуудуулаад өвөлжөөнд энэ малыг тууж аваачаад өг, хөлсөнд нь ямаа өгье гэж хэлсэн. Тэгээд би малыг нь тууж аваачаад өгөхөд Р.Даваадорж надад нэг эр хар ямаа өгсөн...”  гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.Даваадорж  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч Б.Энхзулийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ 9 үхэр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 үхэр үхсэнийг хариуцагч тайлбарлаж, гэрч  буюу малын эмч С.Батбаатар гэрчилж баримтаар нотолж байгаа, чононд идүүлсэн 1 малын талаар зохигчид маргаагүй тул нийт 5 малыг хасаж үлдэх 4 үхрийг Б.Энхзулаас  гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь үхсэн 4 үхэр нь Б.Энхзул уг үхрүүдийг 2015 оны 3-р сарын 26-нд авч явсны дараахан буюу 2015 оны 3-р сарын 25-наас 04-р сарын 01-ний өдрийн хооронд үхсэн гэдгийг хариуцагч Б.Энхзул тайлбартаа хэлдэг ба үхсэн шалтгаан нь өлдөж болон тамирдаж үхсэн болох нь малын эмчийн актаар /1-р хх-н 128-131/ нотлогдож байгаа, 1 бяруу нь чононд идүүлсэн талаар зохигчид маргаагүй зэргээс дүгнэхэд  хариуцагч Б.Энхзулын хариулга маллагаа муугаас болж үхээгүй гэдэг нь нотлогдож байна.

Зохигчид малын үнэлгээний талаар маргаагүй тул  дээрхи үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг буюу 26 эм хонийг /26х100,013=2.600.338 төгрөг /“Харибол” ХХК-аас гаргаж ирүүлсэн /хх-н 180-186/ үнэлгээгээр, 1 ямааг /1х70.000=70.000 төгрөг Төв аймгийн Статистикийн хэлтэсээс гаргасан Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын үнэлгээгээр үнэлж нийт 2.670.338 төгрөгийн үнэ бүхий мал/, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн нэхэмжилсэн 4 үхрийг /1 үнээ х 750.000 төгрөг,  2 бяруу х 500.000 = 1.000.000 төгрөг, 1 тугал х 150.000  төгрөг нийт 1 900 000 төгрөг / “Харибол” ХХК-аас гаргаж ирүүлсэн /хх-180-187/ үнэлгээгээр тус тус үнэлж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

1-р шаардлага: Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч  Б.Энхзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 26 тооны эм хонь, 1 эм ямааг Н.Басангийн малд үлдээсэн талаар  маргаагүй бөгөөд харин  охин Д.Анхжаргалд үлдээсэн эсэх талаар маргаж байна.

Хариуцагч нь Б.Энхзул нь П.Даваадоржийг охин Анхжаргалд 26 эм хонь, 1 ямаа үлдээсэн гэж тайлбарладаг боловч 26 хонийг охин Анхжаргалд өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй бөгөөд 1 ямааг тууж явах үед буцаж зугтаад үлдсэн гэж тайлбарлаж байгаа болно. Хариуцагч Б.Энхзул нь дээрхи шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул   энэхүү шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

2-р шаардлага: П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Батсүмбэр сумын 4-р багийн засаг дарга Б.Цэцэнтунсагийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 09/77 дугаартай тодорхойлолтод  “Ж.Мядагийн хүү П.Даваадорж  нь 2014 оны малын тоогоор Н.Басангийн малд 100 хонь, 100 ямаа нэмж тоолуулсан нь үнэн болно” /хх-н  63/ гэснээр, Н.Басангийн мал тооллогын баримт /2-р хх-н 71-78/, нэхэмжлэгч П.Даваадоржийн “...хадам аав энэ жилдээ манайд тоолуулчихгүй юу гэхээр нь ирээд удаагүй болохоор олон мал тоолуулаад яахав гэж бодоод зөвшөөрөөд тоолуулсан” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэх тайлбар, мөн хариуцагч үүнийг ямар нэгэн баримтаар үгүйсгээгүй зэргээр  Ж.Мядаг, П.Даваадорж нарын мал гэдэг нь нотлогдож байгаа, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзул 100 хонь, 100 ямаа, 28 үхрийг П.Даваадоржийн өмчлөлийн эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр малаас хичнээн тооны мал нь П.Даваадоржийн хуваарьт өмч болохыг хариуцагч баримтаар нотлоогүй болно.

3-р шаардлага:  Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу зэрэг 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болох нь зохигчдын тайлбараар, болон малын эмч бөгөөд гэрч  С.Батбаатарын “...Би эднийхнийг хариуцсан малын эмч. Би энэ актыг бичих эрхтэй. Бор бяруу уушигны хатгай өвчнөөр үхсэн, хар халзан үнээ тамирдаж үхсэн, 7 настай хар халзан үнээ төрж чадахгүй үхсэн, халзан зүстэй 6 настай үнээ хээл хаяаад тамирдаж үхсэн. Цаг хугацааны хувьд эдгээр ойрхон үхсэн байж болно. Би сумын төвд амьдардаг. Дуудлага өгөөд намайг ирж аваад малаа үзүүлдэг. Хүний мал байгаа юм аа та акт бичиж өг гэхээр нь акт бичиж өгсөн. Туугдаж ирсэн муу малнууд байсан. Айл хувийнхаа мал дээр акт бичүүлдэггүй. Хүний мал байгаа юм үхсэн нь үнэн гээд тодорхойлолт бичээд өг гэхээр нь би оношилсон... 2015 оны 3 дугаар сарын 26-нд хар алаг үхэр Шар хоолой гэдэг газар өвөлжөөнийхөө хажууд үхсэн байсан. 2015 оны 3 сарын 29-нд 7 настай хар халзан үхэр тугалж чадахгүй мөн Шар хоолой гэдэг газар үхсэн байсан. Пенамоны өвчин буюу уушигний хатгаагаар нэг үхэр үхсэн. Б.Энхзул тэр дор нь акт бичээд өгөөч гэж гуйсан болохоор акт бичиж өгсөн. Хүний мал байгаа юм аа акт бичээд өг гэсэн. Үхсэн малныг жалганд нь хаяуулаад булуулдаг. Тухайн үед 2-ыг нь булуулсан шиг санагдаж байна. Бусдыг хаячихаад яваад өгсөн...” гэх тайлбар, мэдүүлэг, мал үхсэн тухай акт /хх-н 128-131/ зэргээр нотлогдож байх тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд өгсөн болохыг тогтоолгох, мөн П.Даваадоржийн өмчлөлийн хөрөнгөнөөс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардагуудыг хэрэгсэхгүй болгож 5 үхэр  /Бор бяруу уушигны хатгай өвчнөөр үхсэн, хар халзан үнээ тамирдаж үхсэн, 7 настай хар халзан үнээ төрж чадахгүй үхсэн, халзан зүстэй 6 настай үнээ хээл хаяж тамирдаж үхсэн/ үхсэнийг тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжавын хүсэлтээр Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 151/ШЗ2016/01347 дугаартай захирамжаар Б.Энхзулын нэхэмжлэлтэй, П.Даваадоржид холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчийн оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргээс 20 бог, 14 бод гаргуулах тухай шаардлагыг тусгаарласныг Ж.Мядагийн нэхэмжлэлтэй Н.Басан, Б.Энхзул нарт холбогдох хэрэгт нэгтгэж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 2015 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн 1583 дугаартай захирамжаар нэгтгэсэн боловч хариуцагч Н.Басангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Энхзул нь дээрхи захирамжаар нэгтгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэл болгон өгсөнийг шүүх хүлээж авч зохих ажиллагааг хийсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар тус шүүхийн 2015 оны 05 дүгээр сарын 23-ний өдрийн 1583 дугаартай хэрэг нэгтгэх захирамжийг мөн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШЗ/2017/02096 дугаартай захирамжаар хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Басангаас /Ж.Мядагийн үлдээсэн/ 2 670 338 төгрөгийн үнэ бүхий 26 эм хонь, 1 эм ямаа гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид, хариуцагч  Б.Энхзулаас 1 900 000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр /үнээ-1,бяруу-2, тугал-1/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид тус тус олгож, П.Даваадоржийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 үхэр, мөн /Ж.Мядагийн/ 26 хурга, 1 ишиг нэхэмжилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас /Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу/ 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болохыг  тогтоож, 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд эцэг П.Даваадорж нь үлдээсэнийг тогтоолгох гэсэн шаардлагыг, мөн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Басангаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд төлвөл зохих 57 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагч Б.Энхзулаас 45 350 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваан гаргуулж  П.Даваадоржид олгох,  мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.         

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ