| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00870/и |
| Дугаар | 151/ШШ2017/00904 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2017/00904
| 2017 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2017/00904 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р багт оршин суух Боржигон овогт Содномбалжидийн Доржням /НЗ77111564/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12-р хороо, Хайрхан 8-р гудамжны 11а тоотод оршин суух Улаан хээрийнхэн овогт Ганболдын Бямбажав /ИЮ89100772/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Доржням, хариуцагч Г.Бямбажав, нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Доржням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь 2012 оноос хойш Г.Бямбажавтай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2014 онд хүү Мөнх-Итгэл төрсөн. Одоогоор надтай хамт амьдарч байна. 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба одоо Бямбажав нь тусдаа амьдралтай болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-т тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргадаг тул нэхэмжлэлийг минь хүлээн авна уу” гэжээ.
Нэхэмжлэгч С.Доржням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Доржням нь хариуцагч Г.Бямбажавд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч С.Доржням нь хариуцагч Г.Бямбажавд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Доржнямын татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч Г.Бямбажавд холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч С.Доржнямын татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Доржням нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ