| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00846/и |
| Дугаар | 151/ШШ2017/00908 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2017/00908
| 2017 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00908 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 17 гудамж 33 тоотод оршин суух Жооноо овогт Цэрэндуламын Алтантөгс /ИД83041900/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, Баянцогт багт оршин суух Төгс овогт Лхагвадоржийн Чухал /НК82021615/-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Алтантөгс, хариуцагч Л.Чухал, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Л.Чухалтай 2006 онд танилцсан. 2007 онд гэр бүл болсон. Төв аймгийн Бүрэн суманд 2 жил хамтран амьдарч байгаад 2008 оноос тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. 10 жил тусдаа амьдрахдаа ямарч холбоо барьж байгаагүй. Салах болсон шалтгаан бол маш их дарамт бадаг байснаас болж салсан, эдний гэрийнхэн намайг байнга дарамталдаг байсан. Одоо Чухал авгай авч хүүхэдтэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч Л.Чухал шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгчтэй 2006 онд гэр бүл болсон. Хүүхдээ жаахан том болтол нь хөдөө амьдаръя гэхэд өөрөө хүүхдээ аваад явсан. Би хүүхэд дээрээ нэг ч удаа очиж байгаагүй. Энэ миний буруу. Салах шалтгаан тухайн үед байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй. Би одоо эхнэртэй, 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг ” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид нь 2006 оны 04 сарын 10-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007 оны 04 сарын 18-ны өдөр бүртгүүлжээ. Тэдний дундаас 2007 оны 05 сарын 31-ний өдөр хүү Ч.Пүрэв-Очир төржээ.
Ц.Алтантөгс, Л.Чухал нар нь 2008 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэгч Ц.Алтантөгс хандсан боловч зохигчид эвлэрээгүй байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрэх боломжгүй гэдгээ талууд илэрхийлж гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүсч байх ба эхнэр Ц.Алтантөгс нь хүү Ч.Пүрэв-Очирын хамт Улаанбаатар хот, нөхөр Ц.Алтантөгс нь Төв аймгийн Бүрэн суманд дахин өөр амьдрал эхлүүлж, эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдарч байгаа нь тэдний тайлбараар болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 7 дугар сарын 27-ны өдрийн 00283 дугаартай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Иймд хүү Ч.Пүрэв-Очир нарын асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл, дассан орчин зэрэг байдлуудыг харгалзахаас гадна зохигчдын тохиролцсоны дагуу хүү Ч.Пүрэв-Очирийг эх Ц.Алтантөгсийн асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Л.Чухалаас сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Ч.Пүрэв-Очирийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Жооноо овогт Цэрэндуламын Алтантөгс, Төгс овогт Лхагвадоржийн Чухал нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн хүү Ч.Пүрэв-Очирийг эх Ц.Алтантөгсийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн хүү Ч.Пүрэв-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Чухалаас тус бүрд нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй
4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Ч.Пүрэв-Очир, эцэг Л.Чухал нарыг хооронд нь хүссэн үед нь уулзуулж байхыг эх Ц.Алтантөгст үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагч Л.Чухалаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 28 483 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ