Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч Д.Б ,

шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Х холбогдох эрүүгийн 1906 00727 0784 дугаартай хэргийг 2019 оны  4 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Х

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед Д.Б бид 2 уулзаад Япон улсын Элчин сайдын яаманд ярилцлагад хамтдаа орсон. Ярилцлаганд би тэнцээд, Д.Б тэнцээгүй. Тэгээд гарч ирээд Д.Б болон түүний дүүтэй хамт хоолонд орсон. Тухайн үед манай эмэгтэй 2 найз болох Оюука, Төгсөө хоёр залгаад Оюукагийн төрсөн өдөр болж байна гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт хоол идээд сууж байсан Д.Б бид хоёр, түүний дүүгээр нь Баянбүрдийн Нисдэг машины ойролцоо хүргүүлж, Оюука, Төгсөө нартай уулзсан. ...Тэгсэн чинь Д.Б Оюукагийн найз залууд нь хандаж “чи төлбөр тооцооноос хийлцсэнгүй” гэж уурлаж түүнтэй хамт гарсан. Харин би араас нь гартал баарны гадна Д.Б нь тэр залууг доош нь тонгойлгочихсон дээрээс нь цохиж байсан. Тэгэхээр нь би салгах гэж очоод Батчулууныг тэвэрч аваад салгаад тжэгсэн чинь Д.Б нь юманд тээглээд хойшоо уначихсан. Тэгээд босч ирээд надад уурлаж намайг нүүрэн тус газарт цохисон. Би тухайн үед Батчулуунд цохиулаад уурлаад Д.Б бид хоёр зодолдсон. Зодолдсон ч гэж харилцан хэд хэдэн удаа цохилцоод 2 тийшээ салсан. Тухайн үед бид хоёрыг зодолдож байхад Оюука, Төгсөө нар салгах гээд хажууд байсан. Оюукагийн найз гээд байсан залуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд харагдахгүй байсан. Тухайн үед миний зүүн талын нүд хөхөрсөн байсан. Миний хувьд гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний цохиж учруулсан гэмтлүүд тусгагдсан байна. Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш би Өмнөговь аймагт Таван толгойд том тэрэгний жолоочоор ажиллаж байсан. Одоо тэр ажлаасаа гараад Улаанбаатар хотод япон хэлний сургалтанд сууж байна. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Батчулуунтай эвлэрч түүний нэхэмжилсэнээр 2.500.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарыны 23-ны өдрийн 11 цагийн үед Батчулууны өөрийнх нь данс руу шилжүүлж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Б ы мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Х 3 найзын хамт Баянзүрх дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт Сансарын Баянцээлд байрлах Банана нэртэй бааранд орж үйлчлүүлж, пиво ууцгаасан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тухайн үед Х бид хоёр баарнаас гараад гадаа гудамжинд хоорондоо түлхэлцээд маргалдаж байтал Х намайг нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би өөрөө согтуу байсан болохоор үүнээс өөр зүйл тодорхой сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Х миний биед цохиж учруулсан. ...Хохирлоо барагдуулж аваад шүдээ эмчлүүлмээр байна. Одоогоор миний хохиролд эмчилгээ хийлгээгүй учир ямар нэгэн баримт байхгүй байна. Х  2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Х бид хоёр найз нөхдийн харилцаатай, энэ хэргээс болоод бид хоёр жоохон хөндий байгаа. Бид хоёр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Япон улс руу явж ажил хийх гэж байгаа. ...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед О.Х миний эрүүл мэндэд учирсан хохиролд дансаар 2.500.000 төгрөг шилжүүлэн өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12, 63 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1618 дугаар:

“1. Д.Б ы биед 2 шүдний дунд хэсэг, нэг шүдний хажуу хэсгийн хугарал, дээд уруулд шарх, зүүн хацар, зүүн чихний омогт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүдийн шүдний хугарал, уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацар, зүүн чихний омогний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

3. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 33 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч О.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б тай маргалдаж, улмаар түүнийг зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х өгсөн “...Тэгсэн чинь Д.Б Оюукагийн найз залууд нь хандаж “чи төлбөр тооцооноос хийлцсэнгүй” гэж уурлаж түүнтэй хамт гарсан. Харин би араас нь гартал баарны гадна Д.Б нь тэр залууг доош нь тонгойлгочихсон дээрээс нь цохиж байсан. Тэгэхээр нь би салгах гэж очоод Батчулууныг тэвэрч аваад салгаад тэгсэн чинь Д.Б нь юманд тээглээд хойшоо уначихсан. Тэгээд босч ирээд надад уурлаж намайг нүүрэн тус газарт цохисон. Би тухайн үед Батчулуунд цохиулаад уурлаад Д.Б бид хоёр зодолдсон. Зодолдсон ч гэж харилцан хэд хэдэн удаа цохилцоод 2 тийшээ салсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний цохиж учруулсан гэмтлүүд тусгагдсан байна. Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш би Өмнөговь аймагт Таван толгойд том тэрэгний жолоочоор ажиллаж байсан. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Батчулуунтай эвлэрч түүний нэхэмжилсэнээр 2.500.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарыны 23-ны өдрийн 11 цагийн үед Батчулууны өөрийнх нь данс руу шилжүүлж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Б ы мөрдөн байцаалтад өгсөн “...Банана нэртэй бааранд орж үйлчлүүлж, пиво ууцгаасан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тухайн үед Х бид хоёр баарнаас гараад гадаа гудамжинд хоорондоо түлхэлцээд маргалдаж байтал Х намайг нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би өөрөө согтуу байсан болохоор үүнээс өөр зүйл тодорхой сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Х миний биед цохиж учруулсан....2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед О.Х миний эрүүл мэндэд учирсан хохиролд дансаар 2.500.000 төгрөг шилжүүлэн өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-11-12, 63/

 хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1618 дугаар дүгнэлт /хх-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Х “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Б  нь мөрдөн байцаалтад гэм хорын хохиролд 2.500.000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд үзүүлэхэд төлсөн 8000 төгрөгийн баримтыг гарган өгсөн, шүүгдэгч О.Х нь хохирогчид учирсан гэм хорын хохиролд 2.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Х эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Х оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Х “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Х нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ