| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00655/и |
| Дугаар | 151/ШШ2017/00965 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2017/00965
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2017/00965 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн Мех сууцны 1-н 3 тоотод оршин суугч А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Эрдэнэбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жавзанпагма, Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-А.Эрдэнэбатыг үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын албан тушаалыг хэвийн гүйцэтгэж явахад Төв аймгийн Засаг дарга 2017 оны 5 сарын 9 өдрийн Б/27 дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.1, 131.1.2, хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2017 оны 5 сарын 8 өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын 2017 оны 5 сарын 9 өдрийн Б/27 дугаар захирамжийг доорх үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 1. Төв аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3.6, 2.3.8, 2.3.9 дэх заалтуудыг захирал А.Эрдэнэбат зөрчөөгүй. Нотлох баримтыг үндэслэн шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбарлах болно. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-д “үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэсэн заалтаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 3. Ажил хүлээлцэх хугацаа тогтоогоогүй. 4. 2015-2016 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчөөгүй. 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнгийн урамшуулал 45%, 2016-2017 оны хичээлийн жилийн үр дүнгийн урамшуулал 39%-иар тус тус олгогдсон байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 5 сарын 9 өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгож Батсүмбэр суын сургуулийн захирлаар А.Эрдэнэбатыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 638 000 төгрөг, 3 сарын дундаж цалин 1 914 000 төгрөг гаргуулах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.6, 2.3.8, 2.3.9 дэх заалтуудыг сургуулийн захирал А.Эрдэнэбат нь зөрчөөгүй. 2.3.6-д багш ажилчдыг хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах хяналт тавих, шалгах, шаардах, үр дүнг тооцох, хариуцлага тооцох урамшуулах зэргээр бүх талын арга хэмжээг авах эрхтэй. Энэ заалтыг зөрчөөгүй байгаа. 2015-2016 онд үр дүнгийн урамшууллыг тодорхой хэмжээгээр авч байсан. 2.3.8-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургуулийн орчинд аюулгүй ажиллах амьдрах зэрэг бүхий л нөхцөлийг бүрдүүлэх холбогдох хууль тогтоомжийг сургуулийн багш, сурагчдын дунд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих гэж байгаа. Эдгээр ажлыг Эрдэнэбат нь зохион байгуулж байсан. Тухайн үед 1 хүүхэд нас барж, 2 хүүхэд хоолны хордлого авсан гэдгийг үндэслэлд дурдсан байдаг. Гэвч улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Батсүмбэр сумын ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс биш нас барсан хүүхэд хоолны хордлогоос болж нас барсан гэж Улсын мэргэжлийн хяналтын газар болон Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гараагүй. Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлд хариуцлага гэж байгаа. Хариуцлагын талаарх заалтуудаас нэг ч заалтыг дурдаж арга хэмжээ аваагүй. Ажлаас халах хэмжээнд арга хэмжээ авах байсан бол хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт гэж байгаад дурдсан байгаа.
Энэ дотор хөдөлмөрийн гэрээний хариуцлагын заалтыг бариагүй байгаа. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар халсан байгаа. Энэ хөдөлмөрийн хуулийн 131.1, 131.2-т ажлаас халах зохицуулалт байхгүй байгаа. Энэ захирамжийн нэгдүгээр хэсэгт Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ариун цэвэр, хоолны илчлэг эрүүл ахуйн шаардлагад удаа дараа өгсөн үүрэг хариуцлага, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж арга хэмжээ аваагүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй субъект байна гэж үзээд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Тийм учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзээд 2017 оны 6-р сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ захирамжийг 2017 оны 6-р сарын 18-ны өдөр хүлээж аваад Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Хууль зөрчиж гаргасан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 5-р сарын 9-ний өдрийн Б/27 тоот захирамжийг хүчингүй болгож Батсүмбэр сумын сургуулийн захирлаар А.Эрдэнэбатыг эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин 1 914 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Аймгийн Засаг дарга Сарангэрэлийн баталсан хяналт шалгалтын удирдамжтайгаар 4-р сарын 25-ны өдөр Батсүмбэр суманд 8-9 цагийг зарцуулж 4 агентлаг нийлсэн хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийсэн. Энэ үед 3.2.6-д заасныг зөрчөөгүй гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн эмчтэй эмчийн өрөөнд орж нийгмийн ажилтныг байлцуулан Жавзанпагма бид 2 тухайн нөхцөл байдлаас тодруулж эмчийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээг үзье гэхэд байхгүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сургуулийн захирал Эрдэнэбат болон бичиг хэргийн ажилтан нар хайгаад олохгүй байна гэж бүтэн 8-9 цаг байх үед гаргаж ирж үзүүлээгүй. Тийм учраас хяналт шалгалт хийсэн удирдамжийн дүгнэлтийн 6 дээр дурдсан байгаа. Сургуулийн эмчийн ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан боловсруулан баталж сумын эрүүл мэндийн төвийн эмчтэй хамтран ажиллах шаардлагатай гэж шаардлага тавьсан. Энэ талаар баримт бий. Гар утсан дээрээ хийсэн бичлэг нотлох баримт болдог бол Батжаргал эмчтэй ярилцсан ярилцлага гар утсан дээр байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3.8-д заасныг зөрчөөгүй гэж байгаа боловч зөрчсөн талаар нотлох баримт байгаа. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулга мөн 2017 оны 4-р сарын 28-ны хяналт шалгалтын танилцуулга дотор 8 дүгнэлт байгаа. Энэ 8 дүгнэлтэд захирал яаж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хичнээн хууль журмыг зөрчөөд ийм байдал үүссэн бэ гэдэг талаар маш тодорхой хэлж өгсөн байгаа. Сургуулийн эмч Батсоёлоос тодруулахад анхан шатны тусламжийг маш буруу хийж хугацаа алдсан. Сумын эрүүл мэндийн төвтэй огт холбогдоогүй. Эмч өөрөө дагуулж очиж үзүүлээгүй. Сургуулийн захирал хяналт огт тавиагүй. Ийм байдлаас болоод эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Хүний амийг мөнгөөр үнэлэх хэцүү. Энэ нь ноцтой зөрчил болон ноцтой ажлын алдаа мөн. Эрдэнэбат захирал өөрөө би ажилдаа хайхрамжгүй хандсан би буруугаа хүлээж байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь мэргэжлийн хяналтын газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд байгаа. 2017 оны 5-р сарын 1-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлд байгаа. Энэ тэмдэглэл дээр Эрдэнэбат захирлаас асуухад хүлээн зөвшөөрч хариулсан байдаг. Энэ бүгдээс үзэхэд хяналт шалгалт тавих ажиллагаа үнэхээр сул явж байснаас үүдээд энэ нөхцөл байдал үүсч хүүхэд хоолны хордлого авсан. Зөвхөн 3 хүүхдээр хязгаарлагдахгүй. Монгол улсын хэмжээнд яригдсан ийм том асуудал болсон. Энэ бол ундны уснаас болсон зүйл гэж үзээгүй. Нийтдээ 28 хүнийг өвчлүүлсэн байдаг. Иколин 0157H7 шигэла HB гэсэн 2 хордлогын өвчин үүссэн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тодорхой байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жавзанпагма шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгчийн тайлбартай танилцлаа. 1-рт захирал Эрдэнэбат нь Төв аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.6, 2.3.8, 2.3.9-д заасан заалтуудыг зөрчөөгүй гэсэн байна. 2.3.6-д багш ажилчдыг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хяналт тавих, үүрэг чиглэл өгөх, шалгах үр дүнг тооцох, дүгнэх хариуцлага тооцох, урамшуулах зэрэг арга хэмжээ авна гэсэн байгаа. Гэтэл Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2017 оны 2-р сард эмчийн орон тоо батлуулсан боловч эмчтэй ажлын байрны тодорхойлолт гаргаж батлаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Эмчээс ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ гэж асуухад би өөрөө хуваарь гаргаад ажил хийж байна гэсэн тайлбар өгсөн. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.1.2, 21.1.3, 21.1.4 хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир эдгээр заалтууд байхгүй байгаа. Мөн 24 дүгээр зүйл 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж сургуулийн эмчээс 2.3.6-д заасан үүргээ яаж шаардсан байх вэ. Мөн дотуур байрны багш ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаагүй. Энэ нь удаа дараа хийсэн шалгалтаар тухайн үед гарч байсан зөрчлүүд хэвээрээ байснаар нотлогдож байгаа. Энэ зөрчлүүд дахин давтан гарсаар байгаад бохирдол нь хүүхдийн амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. багш ажилчидтай өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг авч чадаагүй. Хариуцлага тооцоогүй байсан учраас хөдөлмөрийн гэрээний 2.3.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэ зүйлүүд маань Батсүмбэр суманд ажилласан тухай ажлын хэсгийн танилцуулаганд дурдагдсан байгаа. Хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2.3.8-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах, гэмт хэрэг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сургуулийн орчинд аюулгүй ажиллах амьдрах, сурах, төрийн үйлчилгээ авах зэрэг бүх нөхцөлийг бүрдүүлэх. Мөн холбогдох бүх хууль тогтоол, шийдвэр, заавар журмыг сургуулийн багш, ажилчид, суралцагчид, үйлчлүүлэгч иргэдийн дунд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах хяналт тавих. Гэтэл тус сумын сургуулийн дотуур байранд амьдардаг 3 хүүхэд хоолны хордлогоор өвчилж нэг хүүхэд нас барсан. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Гэрэлмаа, Хонгорзул мөн Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Мягмарсүрэн нар ажилллаж тус сумын үдийн цайны гал тогоо болон дотуур байрны үйл ажиллагааг үзсэн байгаа. Үдийн цайны гал тогоо нь сумынхаа Засаг даргын буудлынхаа нэг өрөөнд байрладаг. Үйл ажиллагааны урсгал нь буруу уур шүүгч байхгүй. Уур савсаж байхад хажууд нь 1 метр хүрэхгүй зайд 380 вольтын хүчдэлтэй шон байсан. Үүнээс үзэхэд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал хангагдаагүй. Ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал хангагдаагүй. Чийгтэй орчинд цахилгааны шийд ойрхон байрласнаас болоод ямар нэгэн асуудал гарсан бол хүний амь нас хохирох ч юм уу эсхүл эрүүл мэндээрээ хохирох байсан. Үүнийг засаж сайжруулахгүй удаа дараагийн шалгалтаар хэвээрээ байсан. Эрэгтэй сурагчдын дотуур байрны дотор нь муудаж хана шал нь цөмөрсөн, угаалга цэвэрлэгээ хийгдээгүй. Гадуур хог хаягдал нь түр хадгалах цэггүй. Энгийн нүхэн бие засах газар нь стандарт шаардлага хангаагүй. Хүүхдийн гар угаах усны хүрэлцээ хангамж дутмаг. Ус зөөх хадгалах сав нь зориулалтын бус байсан. Хүүхэд багш ажилчдын цочмог халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийн судалгаа гаргаж тодорхой ажил зохион байгуулаагүй байсан. Энэ нь 4-р сарын 12-ноос хойш 3 удаагийн шалгалтаар засаж сайжруулах талаар үүрэг чиглэл өгсөн боловч хэрэгжүүлээгүй. 4-р сарын 25-нд бид нарын очиход энэ ажил маань үргэлжилсэн хэвээрээ байсан. Эдгээр зөрчлүүдийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4-р сарын 24-ний 06/064363 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага өгсөн. Мөн манай ажлын хэсгийн аймгийн Засаг дарга баталсан удирдамжийн дагуу хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтэс, нийгмийн бодлогын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газар, боловсрол соёлын газрын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 4-р сарын 25-нд ажиллаад дээрх зөрчил арилаагүй. Дахиад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4-р сарын 28-ний өдрийн зөрчил арилгуулах тухай 19/03/15/125 тоот албан шаардлагаар нотлогдож байна. Эдгээр нь хөдөлмөрийн гэрээний 2.3.8 дахь заалтыг зөрчсөн бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1-д захирал нь хууль, журам болон ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эсхүл хангалтгүй биелүүлсэн ажлын хариуцлага алдсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 41.1.5, 132, 133, 135-р зүйлд тус тус заасны дагуу сахилгын хариуцлага хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээний 3.2-д хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил, 3.2.9-д хэрэгжүүлбэл зохих ноцтой хор уршиг учирсныг хэрэгжүүлж мөрдөөгүй. Удирдан зохион байгуулаагүйгээс шалтгаалан хүний амь нас хохирох, хүнд гэмтэлд учрах зэрэг ноцтой хор уршиг учрах гэж заасан байсан. Үүний дагуу 2.3.8-д зааснаар халах үндсэн нөхцөл болсон гэж үзсэн.
2.3.9-д сургуулийн санхүүгийн материалын болон хүний нөөцийг оновчтой зохион байгуулах удирдах хяналт тавих чиг үүргийг зөрчөөгүй гэсэн боловч тус сумын дотуур байрны хүүхдийн хоолны зардал 2017 оны 1-р улирлын байдлаар 50 2 000 000 төгрөгөөр батлагдсан боловч гүйцэтгэл нь 20 000 000 төгрөг байсан. Хоолны зардлыг тогтоосон журмын дагуу мөнгийг зарцуулаагүй. Мөн дотуур байрны хоолны тэжээлийн илчлэг муу учир хүүхдүүд өлсөх, гадуур хооллох, чанаргүй хоол хүнс авч идэж хордлого авах нөхцөлийг бүрдүүлж байсан. Энэ маань өөрөө төсвийн тухай хуулийн 6.4.1 буюу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй хэрэгжүүлж байхаар төлөвлөж зарцуулах заалтаа зөрчсөн. Мөн тус зардалд эм эмнэлгийн зардалд 180 000 төгрөг зарцуулах эрх байгаа боловч 70 7000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл дотуур байрны сурагчдаас засвар тохижилтод зарцуулна гэдэг нэрээр сар бүр 500 төгрөг хураан авч үүнийгээ эм эмнэлгийн хэрэгсэл авахад ашигласан байсан. Гэтэл энэ нь боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д заасан суралцагчаас хууль тогтоомжид зааснаар гадуур төлбөр хураамж авахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. Иймд хөдөлмөрийн гэрээний 2.3.9-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Засаг даргын захирамжид 131.1.2 буюу үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20% бууруулах гэсэн заалтаар халсан байна гэсэн. Энэ маань бичиг хэрэг дээр техникийн алдаа гарсан байсан. 131.1.3 байсныг 131.1.2 гэж тоог нь сольж бичсэнээр ийм асуудал үүссэн байсан. Мөн хөдөлмөрийн гэрээгээр үр дүнгийн урамшуулал авч байсан гэж тайлбар хэлсэн байсан. 2017 оны 1-р улирлын байдлаар сургуулийн захирлуудын ажлыг дүгнэх хугацаа болоогүй байсан. Мөн сумын Засаг дарга болон боловсрол соёл урлагийн газартай тайлан өгч үнэлж, дүгнүүлэх ёстой байсан. Тайлан гаргах болон дүгнэх хугацаа болоогүй учир хөдөлмөрийн гэрээгээ хангалттай биелүүлж, үр дүнгийн урамшуулал авч байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Өмнө нь авч байсан урамшуулал нь 2016 оны үйл ажиллагаатай холбоотой авч байсан урамшуулал байна. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр Аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Батсүмбэр сумын Засаг даргад 3 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь “...Хууль зөрчиж гаргасан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 5-р сарын 9-ний өдрийн Б/27 тоот захирамжийг хүчингүй болгож Батсүмбэр сумын сургуулийн захирлаар А.Эрдэнэбатыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 914 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр Аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Батсүмбэр сумын Засаг даргад 3 сарын үндсэн цалинг 20%-иар бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь Төв аймгийн Засаг даргын 2014 оны 08 сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар томилогдон /хх-н 5/ ажиллаж байгаад Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дүгээр сарын 09-ны өдрийн б/27 дугаартай захирамжаар захирлын ажлаас чөлөөлөгджээ. /хх-н 9-10/
Нэхэмжлэгч А.Эрдэнэбатыг Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн б/27 дугаартай захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.1, 131.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгожээ.
Хариуцагч тал А.Эрдэнэбатыг “... Дотуур байрны багш ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаагүй, багш ажилчидтай өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг авч чадаагүй, ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал хангагдаагүй. Чийгтэй орчинд цахилгааны шийд ойрхон байрласан, эрэгтэй сурагчдын дотуур байрны дотор нь муудаж хана шал нь цөмөрсөн, угаалга цэвэрлэгээ хийгдээгүй, гадуур хог хаягдал нь түр хадгалах цэггүй, энгийн нүхэн бие засах газар нь стандарт шаардлага хангаагүй, хүүхдийн гар угаах усны хүрэлцээ хангамж дутмаг, ус зөөх хадгалах сав нь зориулалтын бус байсан, хүүхэд багш ажилчдын цочмог халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийн судалгаа гаргаж тодорхой ажил зохион байгуулаагүй, Хөдөлмөрийн гэрээний 3.1-д захирал нь хууль, журам болон ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дотуур байрны сурагчдаас засвар тохижилтод зарцуулна гэдэг нэрээр сар бүр 500 төгрөг хураан авч үүнийгээ эм эмнэлгийн хэрэгсэл авахад ашигласан байсан...” зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж баримтууд гарган тайлбарлаж байна. /хх-н 64-69, 81-88, 91-119/
Гэвч Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дүгээр сарын 09-ны өдрийн б/27 дугаартай захирамжид дурдсан А.Эрдэнэбатыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь уг захирамжийн захирамжлах хэсэгт заасан хуулийн заалттай нийцэхгүй байна. Учир нь А.Эрдэнэбатын гаргасан гэх дээрхи зөрчлийг ажлаас халах хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзсэн гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ноцтой зөрчлүүдийн алийг нь гаргасан гэж үзсэн нь захирамжид тодорхойгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа боловч энэ тухай захирамжид огт дурдагдаагүй, харин захирамжийн захирамжлах хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 буюу “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэсэн заалтыг баримтлан түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг нь нь хоорондоо зөрчилдөж байна.
Ажилтныг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, халсан тухай тушаал нь тодорхой үр дагавар үүсгэдэг эрх зүйн акт болохынхоо хувьд тушаал, захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, ажлаас /халагдсан/ чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстойг хууль шаарддаг.
Үүнээс үзэхэд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн б/27 дугаартай захирамж нь хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж болжээ.
Иймд нэхэмжлэгч А.Эрдэнэбатыг Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
А.Эрдэнэбатын ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 914 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч түүний ажлаас чөлөөлөгдсөн хугацаа буюу 2017 оны 05 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 09 дугаар сарын 08-ний өдөр хүртэл /шүүхийн шийдвэр гарсан өдөр/ ажлын 82 хоногийн нөхөн олговор 2 001 784 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбатыг ажлаас чөлөөлсөн тухай Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дүгээр сарын 09-ны өдрийн б/27 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн ба энэ нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 68 726 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэбатыг Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговорт 2 001 784 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 979 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ