| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00821/и |
| Дугаар | 151/ШШ2017/00968 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2017/00968
| 2017 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00968 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00821/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 12 байр 17 тоотод оршин суух Балдангомбын Гүндэгмаа /УС63022323/-гийн хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гүндэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Б.Гүндэгмаа нь 1987 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Гэтэл Б.Гүндэгмаагийн анх ажилд орсон, чөлөөлсөн тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул хэрэгт цуглуулж өгсөн нотлох баримтыг үндэслэн Б.Гүндэгмаагийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гүндэгмаа нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1987 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Б.Гүндэгмаагийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-Төв аймгийн Лүн суманд саальчнаар ажиллаж байсан Балдангомбын Гүндэгмаагийн 1987 оны 4 сараас 1989 оны 12 сар хүртэлх цалингийн түүвэр /хх-н 4/
-1989 оны 4 сарын 4-ний өдрийн Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн зөвлөлийн бүх гишүүдийн хурлын дараалал...Өгөөмөр бор хөндийн Аргалын хэсгийн хуралд суусан хүмүүсийн нэрсийн 55-д Гүндэгмаа /хх-н 14-15/,
-гэрч Ц.Отгонбаярын “Б.Гүндэгмаа нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн Өгөөмөр бригадад 1980 оноос 1990 он хүртэл малчинаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-н 22/,
-гэрч Б.Батсайханы “Би тракторчин байхад Лүн сумын Энхтуул нэгдлийн Өгөөмөр бригадад Б.Гүндэгмаа 1981-1990 онд нэгдэл тарах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсныг би сайн мэдэх тул гэрчилж байна” гэх тодорхойлолт /хх-н 6/ зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Б.Гүндэгмааг Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1987 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Балдангомбын Гүндэгмаа Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1987 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ