| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/1027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/993 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/993
2020 12 08 2020/ШЦТ/993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Г.Баярмаа,
шүүгдэгч Х.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Х.Ө-д холбогдох эрүүгийн 2009000001361 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Х.Ө- нь:
- 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн караокед иргэн О.Х-той маргалдан түүнийг зодож, баруун хөмсөгний шарх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед ажлын газрын Ч эгч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 буудлын хажууд Оргилуун төвийн бааранд дуудаж уулзсан. Уг бааранд ороход манай эгч ганцаараа сууж байсан. "... бид хоёрыг танихгүй бүдүүн эмэгтэй үснээс зулгаагаад байсан. Тэгээд хөөё гэж дуудахаар нь эргээд хартал нүдний шилтэй бүдүүн эгч миний зүүн талын хацар руу алгадсан. Ингээд би унахдаа шатны ирмэг дээр унасан. Үүний улмаас баруун талын чамархайд 4 оёдол тавиулсан. Зүүн хацар хавдаж хөхөрсөн. Толгой өвдөж дотор муухайрч байна гэжээ. / хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас /
Гэрч Ж.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... ** караокед манай эгч Ч-н төрсөн өдөр болоод намайг дуудахаар нь Х-н хамт очсон. Караокед ороод бид 3 тус бүр хүний 1 шил пиво уугаад тэд нар бүжиглэсэн. Тэгэхэд цаад талын ширээн дээр сууж байсан хоёр хүүхэн бүжиглэж байхдаа тэд нарыг үсдээд байсан. Х “Болиоч ээ: Та ямар сонин юм бэ” гээд эргээд харахад нүдний шилтэй хүүхэн Хонгорзулыг түлхээд шатны ирмэг дээр нүүрээр нь унагаачихсан гэжээ. / хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас /
Гэрч О.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Х.Ө- манайд ирээд хамт караоке орохоор явсан. Бид хоёр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 буудлын Оргилуун төвийн караоке орсон. Манай найз 1 шил пиво, 100 гр архи уусан. 30 минутын дараа хажуу талын ширээн дээр 2 залуу, 2 хүүхэн нэлээн согтолттой байсан. Тэр 2 охин бид хоёрыг хэл амаар доромжлоод маргалдсан. Х.Ө-ыг О.Х мөрлөхөөр нь би салгаад согтуу хүмүүстэй маргалдаад яахав гээд ширээнд суусан. Тэгээд удалгүй Х.Ө- бүжиглээд зогсож байхад нөгөө охинтой хамт явж байсан хөгшин эмэгтэй нь Х.Ө-ыг үсдэж унагаад нуруу руу нь өшиглөсөн гэжээ. / хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас /
Яллагдагч Х.Ө- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 буудлын Оргилуун төвийн караокед найз Б-н хамт орж 2 шил пиво, 100 гр архи хувааж уусан. Урд талын ширээнд сууж байсан 2 залуу хамт суух уу гэхээр нь тэгье гээд нөгөө хоёр залуу манай ширээн дээр хамт суусан. Бид хоёрыг дуулж байхад хажуу талын ширээнд суусан 2 охин бид хоёрыг янхан гээд доромжлоод байсан. Би очоод “Чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гээд бид хоёр муудалцсан. Би тэр охиныг баруун гараараа зүүн хацар руу нь алгадахад шатны ирмэг хэсгийг хацар хэсгээрээ мөргөсөн. Маргалдаж байхад нөгөө бүсгүйтэй хамт явж байсан охин нь миний араас үсдээд газар унагаагаад нуруу руу нь өшиглөсөн гэжээ. / хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10814 дугаартай дүгнэлтэд:
1. О.Х-н биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас /
Шүүгдэгч Х.Ө-ыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 50 дугаар хуудас / зэрэг болно.
Шүүгдэгч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид сорвины тос авч өгөөд уучлалт гуйсан. Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч 020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн караокед иргэн О.Х-той маргалдан түүнийг зодож, баруун хөмсөгний шарх, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхээс шүүгдэгч Х.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Ө- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Хонгорзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 59 / гэсэн тул Х.Ө- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Ө-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Х.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Ө- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Х.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ