Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00969

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00969

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00884/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Аргалант сум, 2-р багт оршин суух Боржигон овогт Намдагийн Туяагийн хүсэлттэй, 

Талийгаач нөхөр Л.Мягмардоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгч Н.Туяагийн нөхөр Лувсан овогтой Мягмардорж нь өвчний учир 2016 оны 11 сарын 4-нд нас барсан ба Н.Туяа нь насанд хүрээгүй 3 өнчин хүүхдийнхээ хамт үлдсэн юм. Ингээд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл нөхөр Л.Мягмардоржийн ажилласан жил тогтоолгох шаардлагатай байгаа тул Н.Туяагийн нөхөр Л.Мягмардоржийн Төв аймгийн Баянхангай сумын Атар ТАА-д 1989 оны 4 сарын 8-аас 1992 оны 9 сарын 20-ны өдөр хүртэл Саалийн механикжсан фермийн үхэрчнээр  ажиллаж байсан хугацааг шүүхийн журмаар сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Туяа нь нөхөр Л.Мягмардоржийнхоо Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд 1989 оны 04 сарын 08-ны өдрөөс 1992 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

1. Л.Мягмардоржийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 06 сарын 06-ны өдрийн ажилд томилох тухай “...Л.Мягмардорж...нарыг СМФ-ийн ээлжийн үхэрчнээр...тус тус түр томилсугай...” гэх бичилттэй 99 дугаартай тушаал /хх-н 8/,

-Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 12 сарын 12-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...1990 оны ээжлийн амралт авахыг хүссэн 38 хүнд ээжлийн амралтыг олгож биеэр эдлүүлсүгэй...тушаалын хавсралтын 8-д Л.Мягмардорж...” гэх бичилттэй 300 дугаартай тушаал /хх-н 9/,

-Гэрч Н.Лхагвасүрэнгийн “...Л.Мягмардорж нь Төв аймгийн Баянхангай сумын Саалийн Механикжсан фермд 1989 оноос 1992 он хүртэл үхэрчингээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Л.Мягмардоржийн Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд 1989 оны 04 сарын 08-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин  Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 сарын 02-ны өдрөөс 1992 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлын талаар гэрч мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй, гэрчийн мэдүүлгээр Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 сарын 02-ны өдрөөс 1992 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл үхэрчинээр ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна. Дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан гэрт овогт Лувсангийн Мягмардоржийн Төв аймгийн Баянхангай сумын Атар тэжээлийн аж ахуйд 1989 оны 4 сарын 8-ны өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ