Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0030/Э |
Дугаар | 2022/ШЦТ/55 |
Огноо | 2022-01-05 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/55
2022 01 05 2022/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0030/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга И.Н,
улсын яллагч Ц.Т,
шүүгдэгч Н.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Н.Т-т холбогдох эрүүгийн “2109000001473” дугаартай хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Хайрхан багийн 14 дүгээр байрны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны баруун талын замын уулзвар дээр Б.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг шар айрагны шилээр толгой руу нь цохиж, цээжин тус газар нь шилээр хатгаж, цээжний зүүн хажуу ар хэсгийн цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, хөмсөгт шарх, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:
Хохирогч Б.М-ын “...Тухайн өдөр миний бие өөрийн найзууд болох Сүхбат, Мөнхнаран нартай хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс бааранд орсон. Бааранд байхдаа найз Анужинтай таарсан. Би Анужинтай хамт 4 шил шар айраг, манай хоёр найз тус бүр 2 шил шар айраг ууж баарнаас шөнийн 01 цагийн үед гарч ирсэн. Гарч ирэхэд хэдэн хүн баарны гадаа маргалдаж байсан бөгөөд Анужин баарнаас гараад шууд гэр рүүгээ явчихсан. Би Сүхбат, Мөнхнаран нарын хамт 3-4 хороолол руу чиглэлтэй алхаж явтал үл таних 2 залуу хажуугаар зөрж явтал миний толгой руу шилээр цохиод авсан. Би гайхаад эргээд хартал миний зүүн хавирга руу хагарсан шилний хэсгээр 2 удаа бүлж гэмтээсэн. Би эсэргүүцэж биеэ хамгаалах чадваргүй болж ухаан балартаад газарт унасан. Ингээд маргааш нь Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд сэрсэн. Өөр санаж байгаа зүйл байхгүй. Б.Т гэх залуугаас өөр хүн халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Сүхбатын ‘‘...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед найз М, Мөнхнаран, Мын найз гээд нэг охин тэгээд түүний дүү гээд нэг залуугийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс гэх бааранд орсон. Тэгээд 12 шил шар айраг захиалсан. Тэгээд Мын найз охин болон дүү гээд байсан залуутай хувааж уусан. Удалгүй баар хаах болоод гараад Дөлгөөн нуурын зүүн талын замын хажуугаар явж байхад араас танихгүй 3 залуу нэг эмэгтэйн хамт ирээд маргалдаж өдөөд байсан. Бид нарыг зодно гээд байсан. Тэгээд би салгаад М аваад явж байхад араас ногоон эрээн нимгэн куртиктэй хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, 165 см орчим өндөртэй бордуу царайтай залуу ирээд Мын толгой хэсэгт нь шар айрагны шилээр нэг удаа цохисон. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд нөгөө цохисон залуу дахиад Мөнх- Амьдралын биерүү шар айрагны шилний хагархайгаар цохьчихоод хойшоогоо зугтаасан. Тэгэхээр нь араас нь явж байгаад нэг залууг нь барьж аваад байж байхад нөгөө зугтаасан найзууд нь ирээд салгаад, аваад зугтаасан. Тэгээд Мөнхнаран бид хоёр буцаад Мдээр ирэхэд газар унасан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд нь хажуугаар тэр 3 залуутай хамт явсан эмэгтэй зогсож байсан. Уг эмэгтэй шар өнгийн дунд зэргийн урт үстэй, цагаан хүрэмтэй, түрийтэй хар гуталтай, 30 орчим насны эмэгтэй хүн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,
Гэрч М.Мөнхнарангийн “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчимд найз М, Сүхбат хоёртой Дөлгөөн нуурын зүүн талын Микс нэртэй бааранд орсон бөгөөд тухайн бааранд шар айраг уусан бөгөөд бид нар тухайн баарнаас гарахад баарны гадаа үл таних 3 залуу байсан. Тэгээд бид нартай маргаан үүсгэсэн бөгөөд бид нар Дөлгөөн нуурын зүүн хойд талын зам дагуу машинаа тавьсан байсан учраас машин руугаа алхаж явж байхад дээгүүрээ шоотой цамцтай, 160 орчим см өндөртэй, туранхай залуу бид нарт та нар намайг хэн гэдгийг мэдэх үү, би угаасаа та нарыг ална гээд манай найз М-ын толгойн тус газар архины шилээр цохиход нь би битгий хөдлөөрэй гэж хэлээд, цагдаа дуудах гэж байхад манай найз М нь цааш машин түшээд явж байхад хэвлийн тус хэсэгт нөгөө хагархай шилээрээ хатгасан байсан. Тухайн үед би цагдаа дуудчихаад араас нь хөөхөд тухайн залуучууд хойшоогоо буюу шинэ зам тал руугаа зугтаасан. Тэгээд 103 ирж гэмтэл рүү манай найзыг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Ш.Сэлэнгэмөрөнгийн “...Хамт явж байсан хоёр найз нь цаад талд нь үл таних залуучуудтай зодолдоод цус нөжтэйгөө холилдсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай нөхөр Анхаа хоёр тэнд нөгөө хоёр зодолдоод байна. Таа нэг залууг нь толгойг нь хагалаад шилээр нь зүсээд нөгөө хүн нь цус алдаад түргэн дуудсан байна гэсэн. Тэгээд манай найз Анхаа нөхөр бид хоёрыг та хоёр ямар оролцсон биш, би хүргээд өгье гээд такси бариад бид гурав явсан. Харин нөгөө хоёр найз нь нөгөө хүмүүсээ харна гээд үлдсэн. Тэгээд бид хоёр шууд гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ очоод байж байтал нөгөө хоёр найз нь манай гэрт хүрээд ирсэн... Надад харсан зүйл бол байхгүй. Харин Таа гээд найз нь шар айрагны шил хагалаад хүний толгой хагалаад тэр шилээрээ зүсээд бэртэл учруулсан гэж манай нөхөр болон найз эмэгтэй хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30- 31 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн:
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10169 дугаартай: Б.М-ын биед цээжний зүүн хажуу ар хэсгийн цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, хөмсөгт шарх, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хажуу ар хэсгийн цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хажуу ар хэсгийн цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдэн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна, хөмсөгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Н.Т нь согтуугаар 2021.10.18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Микс баарны баруун талын замын уулзвар дээр хохирогч Батбаярын М-тай хувийн таарамжгүй харьцааны улсаас хурц маргалдан улмаар түүнийг шар айрагны шилээр толгойн тус газар нь цохиж, цээжин тус газар нь шар айрагны хагарсан шилээр хатгаж цээжний зүүн хажуу ар хэсгийн цээжний хөндий рүү хатгагдаж, зүсэгдсэн, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, хөмсөгт шарх, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байх бөгөөд шүүгдэгч Н.Т нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан үүсгэж асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, догшин хэрцгий, балмад түрэмгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Т нь хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн нас, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан хэдийгээр шүүгдэгч нь нийгмийн хор аюул ихтэй хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Миний бие Н.Т-т ямар нэгэн гомдол саналгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байна.
Гэсэн хэдий ч хохирогч Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар цаашид шүүгдэгч Н.Т-аас нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар айрагны хагархай шилний хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Н.Т нь шүүхээс оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар айрагны хагархай шилний хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Н.Т-аас нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Н.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР