| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00921/и |
| Дугаар | 151/ШШ2017/00970 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2017/00970
| 2017 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/00970 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00921/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 10-392 тоотод оршин суух Харад овогт Ширбазарын Баатар /НО61052071/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие 1961 онд төрсөн, одоо 56 настай, тэтгэвэрт гарах гэтэл 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторчингаар, нэгдэл 1992 онд хувьчлагдахад Энхтал ББХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1994 оны 12 сарын 30 хүртэл тракторчингаар тус тус ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Ширбазарын Баатар нь 1961 онд төрсөн, одоо 56 настай, трактор комбайнчаар олон жил ажилласан, хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах юм байна лээ. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16 хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 1 сарын 5 хүртэл Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторчингаар, нэгдэл 1992 онд хувьчлагдахад Энхтал ББХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1994 оны 12 сарын 30 хүртэл тракторчингаар тус тус ажиллаж байсан үеийн бичиг баримт ажилд орсон гарсан тушаал дутуу учраас шүүхээр дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ш.Баатарын 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16 хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 1 сарын 5 хүртэл Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторчингаар, нэгдэл 1992 онд хувьчлагдахад Энхтал ББХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1994 оны 12 сарын 30 хүртэл тракторчингаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баатар нь Төв аймгийн Лүн сумын “Энхтуул” нэгдэлд 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16 хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 1 сарын 5 хүртэл тус тус тракторчингаар, “Гурван толгой” ХХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1993 оны 7 сарын 6 хүртэл тракторчноор, “Энхтал” ХХК-д 1993 оны 7 сарын 6-наас 1995 оны 1 сарын 1 хүртэл тракторчингаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1. Ш.Баатарын ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
-Төв аймгийн Лүн суманд тракторчингаар ажиллаж байсан Ш.Баатарын 1986 оны 1 сараас 1990 оны 12 сар хүртэлх цалингийн түүвэр /хх-н 6/
-Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ээс 1977 оны 10 сарын 10-ны өдөр Ш.Баатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 дугаар дах бичилтүүд /хх-н 7-8/,
-АДХГЗахиргааны цэргийн хэлтсээс 1980 оны 01 сарын 11-ний өдөр Ш.Баатарт олгосон 399625 дугаартай цэргийн батлахын хуулбар /хх-н 11/,
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1982 оны 7 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “1982 онд цэргийн хугацаат албанд татагдсан нэр бүхий ажилчдыг 6 сарын 16-наас ажлаас нь чөлөөлсүгэй...10-т Ширбазарын Баатар, тракторч...” гэх бичилттэй 166 дугаартай тушаал /хх-н 12/,
- Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1979 оны 8 сарын 15-ны өдрийн ажилд томилох ба тэтгэмж олгох тухай “...Ширбазарын Баатар нарыг 6 сарын 27-ноос Нарангийн 1-р бригадад тракторчингаар...тус тус томисугай...” гэх бичилттэй 225 дугаартай тушаал /хх-н 13/,
- Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1988 оны 6 сарын 17-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлж амралт олгох тухай “...2.Хавсралт №2-т дурдсан хүмүүсийн ээлжийн амралтыг зохих хугацаанаас олгосугай...хавсралт 2-н 7-д Ш.Баатар...” гэх бичилттэй 33 дугаартай тушаал /хх-н 14, 17/,
- Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 30-ны өдрийн цалингүй нэмэлт чөлөө олгох ба ээлжийн амралт олгох тухай “...3.Хавсралт №1-т дурдсан ажилчин албан хаагчдын амралтыг олгох амралтын мөнгийг бодож олгохыг ня-бо Алтанхуягт даалгасугай...хавсралт №1-н 17-д Ш.Баатар...” гэх бичилттэй 88 дугаартай тушаал /хх-н 15-16/,
- Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 12 сарын 25-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлж амралт олгох тухай “...БНМАУ-ын аж ахуй нэгжийн хуулийн дагуу шинээр аж ахуй нэгж зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан хавсралтад дурьдсан ажилчин, албан хаагч, малчдыг 1991 оны 12 сарын 31-нээс ажлаас нь чөлөөлсүгэй...хавсралтын 101-т Ш.Баатар...” гэх бичилттэй 67 дугаартай тушаал /хх-н 18-20/,
- Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Төв аймгийн Лүн суманд үйл ажиллагаа явуулж байсан Энхтал ББХК нь 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов” гэх бичилттэй тодорхойлолт /хх-н 23/,
-Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2017 оны 9 сарын 4-ний өдрийн “Тус сумын 1-р багийн харъяалалд байхдаа иргэн Ширбазар овогтой Баатар нь 1992 оны 1 сарын 5-нд “Гурван толгой” ХХК-д, мөн 1993 оны 7 сарын 8-нд “Энхтал” ББХК-д тракторчингаар ажилласан нь үнэн болно” гэх 01/292 дугаартай тодорхойлолт /хх-н 29/ зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ш.Баатарыг Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16 хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 1 сарын 5 хүртэл тракторчингаар, “Гурван толгой” ХХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1993 оны 7 сарын 8-ны өдөр хүртэл, Энхтал ББХК-д 1993 оны 7 сарын 8-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тракторчингаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харад овогт Ширбазарын Баатар Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 06 сарын 16 хүртэл, 1985 оны 7 сарын 15-наас 1992 оны 1 сарын 5 хүртэл тракторчингаар, “Гурван толгой” ХХК-д 1992 оны 01 сарын 5-наас 1993 оны 7 сарын 8-ны өдөр хүртэл, Энхтал ББХК-д 1993 оны 7 сарын 8-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тракторчингаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ