| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00659/и |
| Дугаар | 151/ШШ2017/00973 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2017/00973
| 2017 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2017/00973 | Зуунмод |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 9-25 тоотод оршин суух Шархүү овогт Пүрэвдоржийн Бадамхатан /НК91011805/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, 5-р баг, Сэргэлэн гэх газарт оршин суух Пунцаг овогт Цэдэндамбын Мөнхчулуун /НК84121817/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Бадамхатан, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Ц.Мөнхчулуун, нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Бадамхатан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Бид 2009 онд гэр бүл болж 2010 онд охин Мөнхжин төрсөн. Ц.Мөнхчулуун намайг жирэмсэн байхаас л хаяж алга болоод архи уугаад явдаг байсан. Охиноо 5 сартай байхад шүүхээр орж хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Тэрнээс хойш тэтгэлэг төлөөгүй байж байгаад буцаж нийлээд хамт амьдарсан. Хамт амьдраад би зээл авч жолооны үнэмлэх дээр нь ангилал даруулаад ажилд явуулсан. Тухайн үед ажиллаад бид 2-т мөнгө явуулдаг байсан. 2013 оны 12 дугаар сард салсан. Салснаасаа хойш хүүхэддээ нэг ч төгрөг өгч байгаагүй. 2011 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2009 онд гэрлэлтээ батлуулаад 2010 онд охин Мөнхжин төрсөн байдаг. 2011 онд шүүхэд гэрлэлтээ цуцлуулах талаар нэхэмжлэл гаргасан. Хүүхэд 5 сартай байсан учраас гэрлэлтийг цуцлаагүй хүүхдийн тэтгэлэг тогтоосон байдаг. Түүнээс хойш хариуцагч нь нэг ч удаа өгөөгүй байгаа. Хэсэг хугацаанд хамт амьдарсан хэдий ч түүнээс хойш хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг нь байхгүй болно гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 4.155.000 төгрөгийг тухайн жил бүрийн үндэсний статистикийн хорооноос гаргадаг амжиргааны түвшингээр бодож түүнийхээ 50 хувийг нэхэмжилж байгаа юм. Тэтгэлэг төлөгч ажил хөдөлмөр эрхэлснээс үл хамааран Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хариуцагч Ц.Мөнхчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Бадамхатанд хэлж хүүхдийн тэтгэлэгээ зогсоолгоод 2012 оны 6 сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл эргэж хамт амьдарсан. Энэ хугацаанд ажил хийж нийт 6 сая төгрөг өгсөн. 2013 оны 6 дугаар сараас 2013 оны 12 сар хүртэл сар бүр 1 сая төгрөг өгч байсан. 4.155.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнийг хаалгасан байсан учраас төлөхгүй. Гэрлэлт цуцласнаас хойш хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч П.Бадамхатан нь “...Ц.Мөнхчулуун салснаасаа хойш хүүхэддээ нэг ч төгрөг өгч байгаагүй. 2011 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна...” гэж,
Шүүхэд ирүүлсэн тайлбартаа хариуцагч Ц.Мөнхчулуун нь “...4.155.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус маргажээ.
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 сарын 20-ны өдрийн 325 дугаартай шийдвэрээр 2010 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн охин М.Мөнхжинг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл нь тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Мөнхчулуунаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Зохигчдын өөрсдийнх нь тайлбараар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Төв аймгийн Шүүхийн шийдвэр албанд гаргаж байсан хүсэлт /хх-н 10/, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2011 оны 12 сарын 06-ны өдрийн 49 дугаартай тогтоол зэргээр зохигчид хоорондоо эвлэрч эргэж хамтран амьдрах болсноор Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 сарын 20-ны өдрийн 325 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Мөнхчулууны охин М.Мөнхжинд төлж байсан тэтгэлэгийг зогсоосон, 2011 оны 11 дүгээр сараас эхлэн гэрлэгчид эргэж хамтдаа амьдарсан боловч 2012 оны 12 сараас дахин салж өнөөдрийг хүртэл тус тусдаа гэр бүлтэй болон амьдарч байгаа болох нь нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 155 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч П.Бадамхатаны Хаан банкин дахь 5721368208, 5064124584, 5721544264 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулан ирүүлжээ. /хх-н 30-32/
Энэхүү баримтаас үзэхэд эхнэр П.Бадамхатаны дээрхи данс руу мөнгө шилжүүлж байсан хугацаа нь зохигчдын эвлэрч хамт амьдарч байсан хугацаа буюу 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамаарч байна. Иймд энэ нь хүүхдийн тэтгэлэгийг зогсоож хамт амьдарч байх үед гэр бүлдээ зарцуулсан цалин орлого гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч Ц.Мөнхчулуун нь 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эргэж хамт амьдарч байсан талаараа маргаагүй бөгөөд дээрхи хугацаанд гэр бүлдээ явуулж байсан мөнгө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно. /хх-т шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Хариуцагч Ц.Мөнхчулуун нь 2012 оны 12 дугаар сараас хойш 2013 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд сайн дураараа хүүхдийн тэтгэлэгийг төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 4 сарын 20-ны өдрийн 325 дугаар хүчин төгөлдөр хэвээр байх тул Ц.Мөнхчулуунаас төлөгдөөгүй /2013 оны 1 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 1 хүртэлх/ хугацааны хүүхдийн тэтгэлэгт 4 155 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бадамхатанд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар хариуцагч Ц.Мөнхчулуунаас охин М.Мөнжинд төлөгдөөгүй хугацааны тэтгэлэг болох 4 155 000 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч П.Бадамхатанд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Бадамхатан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхчулуунаас 81 430 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ