Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 044

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж, 
нарийн  бичгийн дарга: Т.Маншүк,  
улсын яллагч: Т.Серикжан,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Сьезд,
шүүгдэгч А.Бахытбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй
явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Базархул овогт Авзалын Бахытбект холбогдох 201504000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: ЕП80122318 регистрийн дугаартай, Базархул овогт Авзалын Бахытбек, Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Доргоговь аймагт төрсөн, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед тус аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, яс үндэс казак, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Бахытбек нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Буянт сумын нутаг дэвсгэр болох “Шар нуур”-ын зусланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Тагатыг “бусадтай хэрүүл, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан 400.000 /эмчилгээний зардал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Шүүгдэгч А.Бахытбек нь: 
2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Буянт сумын нутаг дэвсгэр болох “Шар нуур”-ын зусланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Тагатыг “бусадтай хэрүүл, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан байна. Энэ гэмт хэргийн нотлогдох байдлууд нь:
    
1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны гаргасан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай дүгнэлтэнд:  … иргэн Н.Тагатын биед гэмтэл учруулсан байна. Иргэн Н.Тагатын доод эрүүний баруун талын салааны дунд хэсгийн хугарал, дух, хамрын баруун талд, дээд уруулыг хамарсан, доод эрүүний баруун талд, зүүн талын буглаганд бор өнгийн тав тогтсон зулгаралттай доод эрүүний баруун талын тэмтрэхэд эмзэглэлтэй хаван хавдартай, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3..1-д  зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 83 дугаар хуудас/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Энхбаяр, Т.Амартүвшин, М.Золжаргал нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 828 дугаартай дүгнэлтэнд: … Баян-Өлгий аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2015 оны 312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Тагатын биед эрүүний баруун салааны дунд хэсгийн  хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 396-397 дугаар хуудас/  

3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны гаргасан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэнд: … Иргэн А.Бахытбекийн биенээс авсан гэх 141004 дугаар бүхий хуруу шилтэй цусны шинжилгээнд тэнцэнэ. Иргэн А.Бахытбекийн цусанд 0.4% промилли этилийн спирт илэрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед эрүүл байсан гэжээ. /хх-ийн 91 хуудас/
 
4. Хохирогч Н.Тагатаас эд мөрийн баримтаар хураан авсан КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн СD диск 2 ширхэг /хх-ийн 29-30, 38 хуудас/

5. Хохирогч Н.Тагатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие малын ченж хийдэг тул өдөр болгон малын зах дээр явдаг юм. Өөрийн портер машинаар 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3-р багт байралдаг малын зах дээр очсон. Зах дээр ирэхэд малын ченж Сүйеншбай, Мурат /Муршим хочтой/ миний машинд ирж суусан. Тэгээд бид нэг шил архи уухаар болж мөнгийг нь дундаасаа гаргаж миний машинаар очиж ойрхон байдаг нэг дэлгүүрээс 0,5 литрийн “Хар чингис” нэртэй архи аваад ирсэн тэр архийг нээж ууж эхэлж байх үед А.Бахытбек өөрийн портер машинаар ирж бид нарын хажууд ирж зогссон. Тэгээд бид нөгөө ууж байсан архинаас Бахытбект аягалж өгсөн ба тэр өгсөн архийг алгасалгүй ууж байсан. …Дараа нь гүү барьдаг газар очиж үлдсэн нэг шил архийг ууцгаасан. Тэгээд би нилээн муудаж согтсон байсан юунаас болж тэгснийг би мэдэхгүй нэг мэдэхэд А.Бахытбек миний дээр суучихсан намайг цохиж зодсон байсан. Би нуруугаараа дээшээ харсан хэвтэж байсан. Мөн Бахытбек миний эрүү орчмоор нэг өшиглөж авсан. Үүнээс болж миний эрүү хугарсан байсан. Гэхдээ тухайн үед эрүү хугарсан гэж мэдээгүй аймаар өвдөж удалгүй амаа нээж чадахгүй болтлоо өвдөөд байсан. Тэнд байсан Жанарбек, Хапархан хоёр “боль” гээд А.Бахытбекийг салгаж авах гэж оролдож байсан ба А.Бахытбек хүч өгөхгүй байсан. Миний хамар, амнаас цус гарч нүүр хэсэг маань тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд явсаар байгаад Бахытбекийн гэрт ирсэн. Гэртээ ирээд намайг гэртээ оруулж аваад буланд шахаж байгаад дахиж зодож эхэлсэн. Би түүнд “Бахытбек одоо боль, би чамд юу хийсэн юм бэ, чи намайг ямар болгож зодсоноо харж байгаа биз дээ” гэхэд миний үгэнд ороогүй зодоод л байсан. Түүний эхнэр ирээд болиулах гэсэн боловч эхнэртээ хүч өгөхгүй байсан. Эхнэр нь “чи энэ хүний нүүр амыг аймаар болгосон байна шүү дээ, боль, эсхүл энэ хүнийг алах уу” гэх байсан. …Тэгж байхад хэн дуудсаныг мэдэхгүй цагдаа нар ирсэн байсан. Тэгээд бид нарыг цагдаа аваад ирсэн гэх мэдүүлгээр /хх-ийн 41-43-р хуудас/

6. Гэрч Х.Хапарханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний хүү болох Хуатбекийн хашаа байшин нь А.Бахытбекийн зуны хашааны хажууд хөрш зэргэлдээ байдаг юм. Би Бахытбектэй дотно найзуудын харьцаатай хөрш хүн. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим байсан байх Бахытбекийн зуны улиралд гал түлж гал тогоо болгож ашиглаж байгаа байшинд нь олон хүн ярьж хөөрсөн чанга дуу сонсогдож байхаар нь би яваад орсон юм. …Тэгээд архи ууж сууж байхад нөгөө ирсэн хоёр залуугийн нэг нь Хайраттай үг зөрж эхэлсэн. Хайрат согтуу баахан мөнгө хэлээд бүгдийг нь худалдаж авна гэхээр нь чи ямар мөнгөтэй вэ гэсэн байх үүнээс болоод үг зөрч эхэлсэн. Хайрат босоод нөгөө залуу руу дайрах гэхэд тэр хоёрын дунд нь Бахытбек ороод Хайратыг тэвэрч аваад “Хайрат ах боль” гэсэн. Энэ үед нөгөө ирсэн хоёр залуу ирсэн зүг рүү яваад өгсөн. Тэгээд Бахытбек, Хайратыг тавих үед Хайрат “чи яагаад намайг барьж авсан бэ, тэд явчихлаа” гээд согтуудаа уурлаж Бахытбекийн аман тус газар хоёр удаа цохиж авсан. Бахытбекийн дээд уруул нь сэтэрч цус гарч эхэлсэн. Үүнээс болоод зодоон эхэлсэн. Тэгээд тэднийг арай гэж машинд суулгаад Өлгий рүү явсан. Машиныг А.Бахытбек жолоодсон би тэр хоёрын дунд нь сууж ирсэн юм. А.Бахытбекийн гэрт ирээд би тэрнийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд шууд гэртээ харьсан гэх мэдүүлгээр /хх-ийн 47-48-р хуудас/

7. Гэрч Х.Бекжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдөр 21 цаг 40 минутын үед ерөнхий жижүүр ахмад С.Хурмет надад утсаар холбогдож эрүүгийн ахлах төлөөлөгч, ахмад А.Бахытбек согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож биед нь гэмтэл учруулсан талаар танилцуулсан бөгөөд миний бие тэр даруй уг асуудлыг шалгаж тодруулсан. Улмаар эрүүгийн ахлах төлөөлөгч ахмад А.Бахытбекийн гаргасан зөрчилд албаны шалгалт хийж дүнг нь зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлсэн юм. Тухайн хэрэг гарах үед цагдаагийн байгууллагад анх А.Бахытбек гомдол гаргасан бөгөөд энэ гомдлыг шалгах явцад А.Бахытбек иргэн Н.Тагат гэгчийг зодож биед нь гэмтэл учруулсан асуудал гарч ирсэн тул тухайн өдрийн ёс журмын эргүүлийн хувьд би ирж шалгасан байсан юм... А.Бахытбек хариуцлагаас мултрах зорилгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зориуд татгалзсан. Яагаад гэвэл А.Бахытбек тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд сахилгын дүрмээр шууд албанаас халах сахилгын арга хэмжээ авагдах ёстой заалттай юм. Энэ заалтыг А.Бахытбек сайн мэдэж байгаа учраас драйгер үлээхгүй татгалзсан болно. Тэгээд драйгер үлээхээс татгалзсан тул хэрэг бүртгэгч Х.Роза, А.Бахытбекийн биеэс шинжилгээнд зориулж цусны дээж авсан юм гэх мэдүүлгээр /хх-ийн 49-р хуудас/

8. Гэрч С.Хурметийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн газрын жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагийн үед манайд эрүүгийн ахлах төлөөлөгч ажилтай А.Бахытбек "бусдад зодуулсан" гэж утсаар дуудлага өгсөн. Үүний дагуу хэрэг гарсан газарт ойрхон яваа эргүүлийн цагдаа нарыг явуулж холбогдох хүмүүсийг газарт авахуулсан ба мөн тухайн өдрийн хэрэг бүртгэгч Х.Розаг дуудаж А.Бахытбекийн гомдлыг шалгуулсан. Энэ үед холбогдогч болох Н.Тагат А.Бахытбект зодуулсан талаар эсрэг гомдол гаргахаар нь тухайн өдрийн ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хошууч Х.Бекжанд мэдэгдэж цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл тул Х.Бекжанаар шалгуулсан гэх мэдүүлгээр /хх-ийн 50-р хуудас/

9. Гэрч Х.Сүйенишбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд байсан байх цаг хугацааг сайн санахгүй байна. Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр бид нартай адил малын ченж хийдэг Хайрат хоч нэртэй /жинхэнэ нэрийг нь Тагат болохыг дараа нь мэдсэн/ залуу өөрийн портер машинтай ирээд зогссон. Бид тэрний машинд очиж суусан. Бид дундаа мөнгө гаргаж нэг шил 0,5 литрийн “Хар чингис” авахуулж нээж ууж эхлэх гэж байхад гаднаас таньдаг цагдаад ажилладаг А.Бахытбек гэдэг залуу өөрийн портер машинаар хүрч ирээд зогссон. Түүний машин дотор хэдэн бага насны хүүхдүүд хамт явж байсан. Бид ууж байсан архинаасаа А.Бахытбект аягалж өгсөн. Тэр энгийн хувцастай ээлжийн амралттай байна гээд байсан. Тэр аяглаж өгсөн архинаас бага зэрэг тааруулж ууж байсан. …Хайрат Бахытбекийн гүү барьж байгаа газрыг үзнэ, хурдан морийг үзнэ гээд ярьж хөөрч үлдсэн. Бахытбек "Шар нуур"-т ус хүргэнэ гээд нэг ах хүнээр портерийн ачаанд ёмкос тавьсан ус хийж байсан. Тэгээд бид тэд нартай уулзаагүй. Тэгээд тэр өдөр орой цагдаагаас дуудаж энэ талаар асуухад л энэ хэргийн талаар мэдсэн гэх мэдүүлгээр /хх-ийн 51-52-р хуудас/

10. Гэрч К.Муратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим шиг санагдаж байна. Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр байхад малын ченж хийдэг/жинхэнэ нэрийг нь Тагат болохыг дараа нь мэдсэн/ залуу өөрийн портер машинтай ирээд зогссон. Надтай хамт Сүйеншбай гэдэг ченж байсан Бид хоёр Хайратын машинд очиж кабинд нь орж суусан.Тэгээд сууж байгаад нэг шил архи авч уухаар шийдсэн. Бид дундаа мөнгө гаргаж нэг шил 0,5 литрийн "Хар чингис" авахуулж нээж ууж эхлэх гэж байхад гаднаас таньдаг цагдаад ажилладаг А.Бахытбек гэдэг залуу өөрийн портер машинаар хүрч ирээд зогссон. Түүний машин дотор хэдэн бага 2-3 насны хүүхдүүд хамт явж байсан. Бид ууж байсан архинаасаа А.Бахытбект аягалж өгсөн. Тэр энгийн хувцастай ээлжийн амралттай байна гээд байсан. Тэр аяглаж өгсөн архинаас бага зэрэг тааруулж ууж байсан.   …Бахытбекийн гэрт очиход Бахытбек нэг шил 0,5 литрийн архи авахуулсан ба бид нэг хундагаар тойруулж уусан. Бүгд тойрч ирсэн архинаас уугаад байсан. Тэгээд архи дуусаад Сүйенишбай бид хоёр яваад өгсөн. Бахытбекийн гэрт Хайрат үлдсэн байсан. Хайрат Бахытбекийн гүү барьж байгаа газрыг үзнэ, хурдан морийг сонирхоно гээд ярьж хөөрч үлдсэн. Бахытбек "Шар нуур"-т ус хүргэнэ гээд нэг ах хүнээр портерийн ачаанд ёмкос тавьсан ус хийж байсан. Тэгээд бид тэд нартай уулзаагүй ба тэр өдөр орой цагдаагаас дуудаж энэ талаар асуухад л энэ хэргийн талаар мэдсэн. Миний мэдэх зүйл гэвэл энэ юм гэх мэдүүлгээр /хх-ийн 53-54-р хуудас/

11. Гэрч Б.Серикгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний нөхөр Жанарбек бид хоёр А.Бахытбекийн гүүг барьдаг. Өнгөрсөн өвөл ч Өлгийд мөн адил барьсан юм. А.Бахытбекийн хөлсний ажилчид. Сар болгонд бидэнд цалин хөлс өгдөг. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэдэн цагийн сайн санахгүй байна. Би гэрт ааруул гаргаж байхад гадаа ирсэн машины чимээ гарсан. Нөхөр маань Бахытбек ирлээ гэсэн. Би гэрээс гараагүй ажлаа хийж байсан. Мөн манай гэрт ах Ермурат нар ааруул ууж байсан. Тэднийх манайхтай хөрш суудаг айл юм. Тэд ааруул уучхаад Бахытбектэй уулзаад явъя гээд гараад явсан. Гэрийн хаалгаар харахад Бахытбекийн ёмкосын хажууд ус хийж байсан харагдсан. Тэгээд байж байхад нэг мэдэхэд бүгд босож бөөгнөрч зогсож байсан. Тэд чанга ярьж хэрэлдэж байх шиг байсан ба намайг харахад бүгд бөөгнөрч зогсож байсан. Би бага хүүгээ унтуулчхаад гэрээс гараад тэднийд ойртож очсон. …Тэр хүн ах руу дайрч нэг адуу гээд ярьж байсан. Тэгээд би ах Ермуратад "Та зүгээр тоохгүй яв" гэж хэлээд Ермурат Нурболат хоёрыг хөөгөөд явуулсан. Нөгөө хүн дайрахад Бахытбек түүнийг тэвэрч авсан. "боль" гээд тайвшруулж байсан. Тэгээд Бахытбек тэр хүнийг тавьж суллах үед нөгөө хүн шууд Бахытбек аман тус газар цохиж авсан. Бахытбекийн амнаас цус их хэмжээгээр гарч ирсэн. Тэгэхэд Бахытбек тэр хүнийг түлхэж унагаасан. Тэр хүн хөл дээрээ босож чадахгүй байдалтай харагдсан. Тэгээд   Бахытбек Хапархан нөгөө залуу гурав машинд суулгаж явуулсан" гэх мэдүүлгээр /хх-ийн 55-57-р хуудас/

12. Гэрч Б.Ермуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх Буянт сумын “Шар нуур”-ын “Бэл” гэх газарт зусаж байгаа. Манай гэрийн зүүн хойд талд миний дүү Серикгүл, Хүргэн Жанарбек нар ганц гэр зусаж байгаа. Тэд А.Бахытбекийн гүүг барьж байгаа. Тэгээд бид сууж байхад гадаа машины чимээ гарч Бахытбек ус авч ирлээ гэсэн. Хайрат надад "энэ унагатай гүүг би худалдаж авна" гэж хэлсэн. Түүний гарт нь хагас шил архи байсан. Тэгээд бид ёмкосны хажууд ирж бөөгнөрч суусан. Тэгээд сууж байтал Хайрат нэлээд согтуу намайг үгээр хатгаж бид хоёр үг зөрж эхэлсэн. Тэгээд Хайрат дахиж агсарч надруу чиглүүлж “энэ шээсийг ална шүү” гээд заналхийлсэн. Би дуугаралгүй зүгээр суусан. Хайрат зүгээр байлгүй "энэ шээс яах гээд байна" гэхэд ирээд Бахытбекийн ам зуу нэг удаа цохиж авсан. Энэ үед бид тэр хоёрыг дахин  салгаж авсан.  Тэгж байхад  Бахытбекийн  ам  цус болж эхэлсэн. Бахытбек уурлаж бид салгаж байх үед Хайратын баруун эрүү орчмоор хөлөөрөө нэг өшиглөж авсан. Энэ үед Хайрат газарт унасан. Энэ үед миний дүү Серикгүл гэрээс гараад гүйж ирээд надад “ахаа, гай болно, та эндээс яв”  гэж хэлэхээр нь би тэндээс яваад өгсөн гэх мэдүүлгээр /хх-ийн 58-61-р хуудас/

13. Гэрч М.Жанарбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Архийг нэлээд дөхүүлсэн байсан. Надад аягалж өгсөн ба би уугаад буцааж өгсөн. Нөгөө гүүг нэг сая төгрөгөөр худалдаж авч чадах уу? гээд Бахытбек ярьж байсан ба Хайрат мөнгө сонин биш, авна хүнийг ч худалдаж авч болно гэх маягаар хариулж байсан. Үүнийг сонсоод манай хадам ах Хайратад “хүн худалдаж авна гэсэн чинь юу гэсэн уг вэ” гэх шиг болсон ба тэр хоёр жоохон үг зөрж маргаж эхэлсэн. Энэ үед Бахытбек Хайратад “боль боль Ермурат ах хүн шүү дээ” гэж Хайратыг болиулах гэсэн. Ингээд маргаж байх үед Серикгүл гэрээс гарч ирсэн ба Ермурат-д “та гэр лүү яв” гэсэн ба Ермурат түүнтэй хэрэлдэхгүйгээр гэрлүү яваад өгсөн. Нурболат түүнийг дагаад араас нь яваад өгсөн. А.Бахытбек “боль” гээд Ермурат, Хайрат нарын дунд нь орсон байсан ба Ермурат явж байх үед Хайрат Бахытбекийн аман тус газар нь нэг цохиж авсан. Энэ үед бид нар ч босож ирээд “больцгоо” гээд тэр хоёрыг салгаж авахын хооронд А.Бахытбек Хайратыг хэд хэдэн удаа цохиж авсан ба тэгээд бид нар салгаж авсан. Тэгээд эхнэр гарч ирж гүү саахаар болж би унаганы зэл рүү явсан. Бид гүү саах үед тэд хоорондоо зүгээр маргаад байх шиг болсон. Гүү сааж дуусаад бид бүгд гэрт орсон. Тэгээд бог мал ирсэн ба эхнэр бид хоёр бог малыг саахаар явсан. Тэгээд бид мал дээр байж байхад тэр гурав Өлгий рүү яваад өгсөн юм гэх мэдүүлгээр /хх-ийн 62-63-р хуудас/

14. Гэрч Ж.Силамханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... /Н.Тагатын өвчний түүхийг уншиж үзэв/ би 2015 оны 07 сарын 08-ны өдөр өвчтөн Н.Тагатын рентген болон компьютер томографын зургийг нь үзэж дүгнэлт бичсэн байна. Зургийн дүгнэлт бичсэн. Үүнээс үзэхэд баруун талын дээд эрүүний дунд хэсгээр хугаралттай, баруун талын дагзны хэсгээр тархины эдэд 1см*1,4см-ийн хэмжээний цус хуралтай байгаа талаар дүгнэлт бичжээ гэх мэдүүлгээр /хх-ийн 66-67-р хуудас/

15.Гэрч Х.Айнагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Тагат миний төрсөн дүү болдог. Тэр өдөр дүү маань хөдөөнөөс мал авчирна гээд би дахин дахин залгахаар утас нь холбогдохгүй байсан .Би зүгээр хөдөөнөөс ирсэн малыг зарж борлуулсан болов уу гээд утасдсан юм. Тэгээд Тагат утсаа авахгүй байхаар нь бэр эгч Бердгүлд утасдаж Тагат холбоо барьсан уу гэж асуухад Бердигүл “Тагат бусдад зодуулж эмнэлэгт хүргэгдэж ирсэн, хурдан ир” гэсэн. Тэгээд шууд эмнэлэгт яваад очсон. Энэ үед 22 цаг өнгөрч байсан. Тэгэхэд Тагат нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оронд хэвтэж байсан. Нүүр, ам нь хавдсан бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан. Мөн архи уусан согтуу байсан. Тэгээд би түүнийг “яагаад зүгээр явахгүй, архи ууж бусдад зодуулсан бэ” гэж загнасан. Тэгээд эмч нар ирж үзэж эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гээд хэвтүүлсэн. Миний мэдэх зүйл бол энэ юм. Тагат хэлэхдээ цагдаад ажилладаг Бахытбек гэдэг залуу зодсон гэсэн. Түүний өмсөж явсан хувцас нь цус болсон байсан ба би хувцсыг нь авч гэр лүү яваад өөр хувцас авч ирж өгсөн гэх мэдүүлгээр /хх-ийн 71-р хуудас/

    16. Гэрч А.Данабекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .../Өвчний түүхийг уншиж үзэж байгаад/ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тагатыг үзэж өвчний зовиур бодит үзлэг, рентгений зургаар үзэж клиникийн урьдчилсан оношийг эрүүний баруун талын булангийн зөрөөгүй хугарал гэж тавьсан байна. Энэ талаар тухайн үеийн өвчний түүхэнд бичсэн болно. Эрүүний хугаралд хагалгаа, мөн чийг хийгээгүй болон дахин надад үзүүлээгүй, үндсэн онош тавиулаагүй, эмчлэгдээгүй болно гэх мэдүүлгээр /хх-ийн 80-81 дугаар хуудас/.

    17. Шүүгдэгч А.Бахытбекийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: …2015 оны 07-р сарын 05-ны өдөр яг хэдэн  цаг гэдгийг нь мартсан байна. Гаднаас нь таньдаг малын ченж хийдэг Хайрат хочтой/ жинхэнэ нэр нь Тагат гэдгийг энэ асуудал гарсны дараа мэдсэн/ хүнтэй Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр тааралдсан. Хайрат өөрийн портер машинаар зогсож байсан Түүний машин дотор ямар ч байсан малын ченж хийдэг хоёр залуу хамт явж байсан ба машины гадна гаднаас нь таньдаг Көримбай зогсож байсан. Би өөрийн портер машинаар явж байсан ба миний машин дотор миний 3 хүүхэд явж байсан бөгөөд би тэд нарын хажууд ирээд зогссон. Тэгсэн чинь тэр машин дотор архи ууж сууж байсан ба нуусан байсан архиа гаргаж ирээд надад аягалж өгсөн. Би уугаагүй уруулаа хүргээд буцаагаад өгсөн. Аягласан архи надад хоёр удаа ирсэн ба би ам хүргээд уусан болоод өгч байсан. Уг архи дуусаад дахиад архи авахаар болоод тал мөнгийг нь би гаргаад тал мөнгийг нь Көримбай гаргасан байх. 0,5 литрийн архийг нэг нь аваад ирсэн. Энэ архийг энд олон нийтийн газар ууж болохгүй гээд тэндээс хөдөлж яваад малын захын залгаа миний зуслангийн байрны хашаанд орж манай гэрт очиж уухаар болсон. Дээрх 5 хүн бүгд манайд очсон. Тагат өөрийн портерийг жолоодож би өөрийн портерийг жолоодож манай хашаанд орсон. Тэгээд манай гэрт тэр архийг бид бүгд уусан. Гэхдээ би их уугаагүй амсаад өгөөд байсан, тэгж байгаад энэ архийг дуусгасан. Тагат надад “би чамтай хамт явж Шар нуур очиж чиний уяж байгаа морь, барьсан гүүг үзмээр байна, хамт яваад ирье” гээд байсан. Тэгээд тарахаар гадаа гарч ирээд Тагат надтай хамт Шар нуур явахаар болсон. Бид тарах гээд байхад манай хөрш болох Хапархан хүрч ирсэн байсан. Хапархан бас надтай хамт явахаар болсон. Мөн миний хадам дүү Хуанышбек бас ирсэн байсан ба бидэнтэй хамт явахаар болсон. Хөдлөөд явж байхад замд байдаг Назар дэлгүүрт Тагат “зогс, нэг шил архи авна гар хоосон очиж болохгүй байх” гээд дэлгүүр ороод 0,5 литрийн архи, ундаа авсан. Тэгээд явсаар байгаад 18 цагийн үед "Шар нуурт" байдаг манай гүү барьсан газарт очсон. Өлгийн төвөөс 15 км газарт байдаг. Би шууд очоод ус хадгалдаг ёмкосын хажууд очиж зогссон. Тэнд миний гүүг барьж байгаа Жанарбекийн гэр байдаг. Тагат миний адуун сүрэг дотор байсан нэг унагатай гүүг хараад “энэ унагыг би нэг сая төгрөгөөр худалдаж авна” гэсэн. Тэгээд гадаа гүү барьсан газарт нөгөө архийг задалж сууж байхад Жанарбекийн гэртэй ойрхон суудаг Атей, Ермурат нар хүрч ирсэн, мөн Жанарбек байсан. Тэгээд бид сууж байхад Тагат Ермураттай үг зөрж хэл ам гаргаж эхэлсэн. Тэгж байхад Жанарбекийн эхнэр Серикгүл гэрээсээ гараад бид нарт ирсэн. Энэ хэл амыг Тагат эхэлсэн юм. Сууж байхад Тагат нөгөө унагыг зааж энэ унага хурдан адуу болох шинжтэй байна. Би энэ унагыг худалдаж авна гээд халамцуу, согтуу хэлж байхад Ермурат түүнд “чи, тэгж онгирч болохгүй шүү дээ” гэж хэлээд үүнээс болоод хэл ам гарсан. Тэр босож ирэхэд би дунд нь орж “Хайрат ах та тэгж хэлж болохгүй шүү дээ тайвшар” гээд түүнийг тэвэрч авсан. Энэ үед Ермурат, Атей хоёр тэндээс холдоод гэрлүүгээ яваад өгсөн. Атей, Ермурат хоёр архинаас уугаагүй, амсаагүй. Тэгэхэд Хайрат "за" гэж хэлсэн. Тэгээд би түүнийг жаахан барьж байгаад тавих үед шууд миний ам руу хоёр удаа цохиж авсан. Түүний цохилтоос болж миний уруул сэтэрч цус гарч ирсэн. Энэ үед би хүн л юм чинь уурлаж "та яагаад зүв зүгээр байгаа хүнийг цохиж байгаа вм бэ" гэж түүнийг цохисон байдлаар түлхсэн юм. Энэ үед Хайрат газар унасан байсан. Тэгэхэд тэнд байсан Жанарбек, Хапархан, Серикгүл нар бид нарын дунд орж салгаж авсан гэх мэдүүлэг мөн гэрч Б.Нурболат, М.Кенжей, К.Худакелди, К.Ернар, Е.Бахытгүл, Р.Бердигүл нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг  шүүх үнэллээ.  

Шүүгдэгч А.Бахытбек нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тайлбараар авсан тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “… иргэн Н.Тагатын биед гэмтэл учруулсан байна. Иргэн Н.Тагатын доод эрүүний баруун талын салааны дунд хэсгийн хугарал, дух, хамрын баруун талд, дээд уруулыг хамарсан, доод эрүүний баруун талд, зүүн талын буглаганд бор өнгийн тав тогтсон зулгаралттай доод эрүүний баруун талын тэмтрэхэд эмзэглэлтэй хаван хавдартай, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3..1-д  зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх  шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт, “… Баян-Өлгий аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2015 оны 312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Тагатын биед эрүүний баруун салааны дунд хэсгийн  хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Энхбаяр, Т.Амартүвшин, М.Золжаргал нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 828 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

    Шүүгдэгч А.Бахытбек нь Н.Тагатыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын байгууллагаас А.Бахытбект холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан мөрдөн байцаах шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч А.Бахытбек нь Н.Тагатыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Бахытбект хуульд зааснаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

    Шүүгдэгч А.Бахытбект оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч А.Бахытбек бусдад төлөх төлбөргүй болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралд өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Шүүгдэгч А.Бахытбект оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан А.Бахытбек хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хэргийн хамт битүүмжилсэн шүүгдэгч А.Бахытбекийн 3500000 төгрөгийн үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Н.Тагатын эрүүний КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн диск 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалав.

Шүүгдэгч урьд яд шийтгэлгүй болох нь А.Бахытбекийн урьд ял шийтгэгдэж байсан талаар “цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

              Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.9  286.1.11, 290  дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлийн 298.1-д  тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Базархул овогт Авзалын Бахытбекийг “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Базархул овогт Авзалын Бахытбекийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Бахытбект оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Бахытбек нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.Бахытбект оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаатайгаар хянан харгалзсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар А.Бахытбект хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Бахытбек нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэдгийг танилцуулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт шүүгдэгч А.Бахытбекийн 3500000 төгрөгийн үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Талгатын эрүүний КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн диск 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай. 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бахытбект оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14  хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ