Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 93

 

М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү

нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрэдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, нэхэмжлэгч М.Дашхүүгийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0040 дүгээр магадлалтай, М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэрээр: 1. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тус тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг, нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон нийслэл, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооноос 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0040 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 975 дугаар шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0040 дугаар магадлалыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаас хүлээн аваад хуулийн хугацаанд багтаан гомдлоо гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс ... цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлсэн нь буруу байна. Учир нь Цагдаагийн байгууллага хэзээ, хэрхэн шалгаж шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул түр үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлсэн Сонгуулийн хорооны тогтоолын зорилго тодорхойгүй, ач холбогдолгүй байна... гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасныг учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2-д нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл илэрвэл гэж тодотгосон нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж зааснаас өөр ойлголт юм. Үндэслэл илэрвэл гэдэг нь зөрчил тогтоогдсон гэдгээс ондоо утгатай, илэрнэ гэдэг бол тогтоогдохоос өөр асуудал билээ.

Гэхдээ Сонгуулийн хороо дээрх заалтуудыг үндэслэн нэр дэвшигч нарын нэрийг жагсаалтаас хасаагүй. Ард түмний сонголтыг хүндэтгэн тогтоолынхоо 1 дүгээр заалтад нийт 25 нэр дэвшигчдийг сонгуульд ялсанаар тусгасан бөгөөд нэхэмжлэгч 4 нэр дэвшигчийг сонгуулийн дүнд нөлөөлөхөөр хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасан талаар цагдаагийн байгууллагаас шалгаж байсан учраас түр үнэмлэх олгох асуудлыг түр түдгэлзүүлсэн болохоос биш тэднийг нэрийн жагсаалтаас хасаагүй, мөн сонгуулийн дүнг хүчингүй болгоогүй юм.

Эдгээр нэр дэвшигчдийн Сонгуулийн хуулийг зөрчсөн, сонгогчдоо хууран мэхэлсэн, нэг бус удаагийн үйлдэлд нь сонгогч иргэдээс болон бусад намаас өргөдөл гомдол ирж байсан учраас Сонгуулийн хороо хуралдан сонгуулийг шударгаар явуулах, сонгогчдын эрхээ хамгаалах, үүргээ ухамсарлан нэхэмжлэгч  нарт түр үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлэхээр олонхын саналаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нар нь орон нутгийн хурлын сонгуульд оролцохдоо ямар нэгэн байдлаар хууль дүрэм зөрчилгүй, ард түмнээ хуурч мэхлэлгүйгээр шударгаар өрсөлдөх ёстой атал тэд сонгогчдын санал хураахаас өмнө Сонгуулийн хууль зөрчин зөвшөөрөлгүй, таних тэмдэг үнэмлэхгүй машинаар сонгуулийн сурталчилгаа хийж, хуульд зааснаас илүү тоогоор ухуулах байр ажиллаж байсан талаар гомдол ирж, цагдаагийн байгууллагад одоо хүртэл шалгагдаж байгаа. Захиргааны зөрчлийн энэ материалыг бүрдэл дутуу шалгасан үндэслэлээр шүүхээс 2 удаа буцаан шалгуулж байна. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сард дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад буцаасан.

Дараа нь санал авах өдөр сонгогчдын саналыг хууль бусаар татах зорилгоор гурил, будаа тараасан гэсэн бичлэг бүхий баримттай мэдээллээр цагдаагийн хэлтэст давхар шалгагдаж байгаа. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, гурил будаа тарааж цагдаад баригдсан бичлэг нь хүртэл олон нийтэд цацагдсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад гарсан зөрчлүүдийг “зөрчлийн 3981, 4009, 4021 дугаарт бүртгэн шалгаж байна” гэсэн хариу ирүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа.

Дүүргийн Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж, хуралдаанаараа дээрх асуудлыг авч хэлэлцсэний эцэст Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасан “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэж заасан эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагад Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа 3 дугаар тойргоос нэр дэвшсэн 4 хүнд төлөөлөгчид түр үнэмлэх олгохоо түдгэлзүүлсэн.

Гэтэл шүүхээс дүүргийн Сонгуулийн хороог хурал огт хийгээгүй мэтээр дүгнэн, нэхэмжлэгч талын хурал хийгээгүй гэсэн мэдээлэлд үндэслэлгүйгээр итгэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, нотлох баримтаар өгсөн хурлын тэмдэглэлийг үнэлээгүйг нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь цагдаад шалгагдаж байгаа 2 зөрчил нь санал хураах өдрөөс өмнө үүссэн ба тухайн үед нь ...Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвишгчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ... гэсэн үндэслэлээр шалгагдаж байсан атлаа санал өгөх өдөр дахин зөрчил гаргаж, айлуудаар гурил будаа тараасан болох нь гэрч нарын мэдүүлэг, тухайн үеийн бичлэг баримтаар нотлогдож байсан учраас цагдаагийн хэлтэс дээр 3 дахь зөрчил нь үүсч шалгагдаж эхэлсэн.

Удаа дараа сонгогчдын итгэлийг эвдсэн, сонгох эрхэнд нь нөлөөлж Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан учраас эрх бүхий байгууллагын шийдвэр гартал түдгэлзүүлэх шаардлага гарсан.

Мөн анхан шатны шүүх хариуцагчийг Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчим болон маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмуудыг баримтлаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагааг ойлгоно гэж заасныг мэдсээр байж үл ойшоон зөрчил гаргасан байсан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн... 4.4-т сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно... гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гомдол гарсан учраас Сонгуулийн хороо сонгогчдынхоо эрхийг л хамгаалахыг хүссэн.

Бид Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан ... сонгогчийн эрх, сонгуулийн хуулъ тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, гэж заасан зарчмын дагуу хуулийн байгууллагын шийдвэрийг гартал сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох асуудлыг түр түдгэлзүүлэх болсон талаараа нэхэмжлэгч нарт албан ёсоор тайлбарлаж мэдэгдсэн.

Ард түмний төлөөлөл болж ажиллах ёстой эдгээр хүмүүс өөрсдөө ёс зүйтэй байж, хуулиа дээдлэн, сонгогчдоо хүндлэх ёстой атал санаатайгаар хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл гаргачихаад түүндээ огтхон ч дүгнэлт хийхгүй, шүүх цагдаагийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, хэргээ хурдан шалгуулахгүй енөөдрийг хүрсэн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0040 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн  161 дүгээр зүйлийн 161.3, 161.4 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд тус дүүргийн сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, 3 дахь заалтаар “... хууль тогтоомж зөрчсөн талаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх үндэслэлээр эдгээр нэр бүхий иргэдэд Төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нар нь тус дүүргийн сонгуулийн 3 дугаар тойрогт сонгогчдоос хамгийн олон санал авсан, уг үйл баримттай талууд маргаагүй, нэхэмжлэгч нараас “... зөрчил шалгаж, тогтоосон зүйл байхгүй, ... төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлэх эрх Сонгуулийн хороонд хуулиар олгоогүй, ... уг шийдвэр нь ... хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн ... албан тоотыг /үндэслэж/ ... үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлсэн, ... нэр дэвшигчийн бүрэн эрхийг хөндсөн шийдвэр биш” гэж маргажээ.

            Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т “... дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэж заасан байх тул нэгэнт хамгийн олон санал авч сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид түр үнэмлэх “олгохоос татгалзах” эсхүл “олгохыг түр түдгэлзүүлэх” эрх Сонгуулийн хороонд хуулиар олгогдоогүй, энэ талаар шүүхүүд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд, хариуцагч Сонгуулийн хороо сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч нарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгоогүй, ‘түр түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь хууль бус, харицагчийн “... нэр дэвшигчдийн Сонгуулийн хуулийг зөрчсөн, сонгогчдоо хууран мэхэлсэн, нэг бус удаагийн үйлдэлд нь сонгогч иргэдээс болон бусад намаас өргөдөл гомдол ирж байсан учраас Сонгуулийн хороо хуралдан сонгуулийг шударгаар явуулах, сонгогчдын эрхээ хамгаалах, үүргээ ухамсарлан нэхэмжлэгч  нарт түр үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлэхээр олонхын саналаар шийдвэрлэсэн” гэх тайлбар нь захиргааны байгууллагаас өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх”, 159.2 “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах ... үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх” хуулийн заалтууд нь маргааны үйл баримтад хамааралгүй тул энэ үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нэр бүхий иргэд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь эрх бүхий этгээдээс тогтоогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн “... сонгогчдын итгэлийг эвдсэн, сонгох эрхэнд нь нөлөөлж Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан учраас эрх бүхий байгууллагын шийдвэр гартал түдгэлзүүлэх шаардлага гарсан”, “нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хуулийг ... үл ойшоон зөрчил гаргасан”, “...Сонгуулийн хороо сонгогчдынхоо эрхийг л хамгаалахыг хүссэн” гэх зэрэг гомдлыг мөн хангах боломжгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “... дүүргийн сонгуулийн хороо ... орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон ...  дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлэх”-ээр заасан тул нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг, тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон Налайх дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нараас анх “Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг “Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг даалгах, тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон нийслэл, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” гэж өөрчилсөн, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулж “... танилцах, ... шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргаагүй, уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.

Түүнчлэн, нэхэмжлэлийн “өөрчилсөн” шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хөндөөгүй, хэвээр хадгалсан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үр дагаварт хамаарах асуудлаар буюу “нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон нийслэл, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлсэн агуулгатай байх тул хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж ... нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн талаар хариуцагч талд танилцуулж, тайлбар аваагүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0040 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА