| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00831/и |
| Дугаар | 151/ШШ2017/00974 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2017/00974
| 2017 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2017/00974 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг, 4-15 тоотод оршин суух Баянууд овогт Баянсангийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, 2017 оны 06 дугаар сарын цалин 577826 төгрөг, мөн 2016 онд цалин үндэслэлгүйгээр бууруулж дутуу олгосон 307524 төгрөг, түүний алдангий хөдөлмөрийн хуульд заасны дагуу 0,3 хувиар бодож 350270 төгрөг нийт 1235620 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1.Төв аймгийн Борнуур сумын засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б/05 тоот Б.Өлзийсайханыг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хуульд заасан шаардлага хангаагүй миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж энэ захирамжийг хүчингүй болгуулах, 2.Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эргүүлэн тогтоолгох, 3.Ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны 6-р сард бүтэн ажилласан цалин 577826 төгрөг, 2016 онд үндэслэлгүйгээр цалин бууруулж дутуу олгосон цалин 307524 төгрөг, түүний алданги хөдөлмөрийн хуульд заасны дагуу 0,3 хувиар бодож 350270 төгрөг нийт 1235620 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2015 оны 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газарт Санхүүгийн алба гэж шинээр байгуулагдсан. Санхүүгийн алба байгуулагдахад 2 нягтлан бодогчтой байгуулсан. 2015 оны 3-р сарын 5-ны өдрийн Б/01 тоот Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэг, соёлын төвийн боловсрол хариуцсан нягтлан бодогчоор томилогдсон. 2017 оны 7-р сарын 04-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа хуулийн дагуу ажиллаж бүхий л ажиллаа дүгнэж шалгуулж байсан. Нягтлан бодогчийн үйл ажиллагаа дараалласан хяналттай байдаг. Ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийлээ гэхэд түүний дараагаар нь удирдаж байгаа байгууллагуудын менежерүүд баталгаажуулж гарын үсэг тамга дардаг. Түүнийг төрийн сан хянаж гүйлгээ хийдэг. Төрийн сангийн хянаж хийсэн гүйлгээг санхүүгийн албанаас баталгаажуулдаг. Тэгээд анх санхүүгийн албанд ороход миний цалинг ТҮ-8-р тогтоож өгсөн. Цалинг олгох явцдаа намайг ТҮ-7-р цалинжуулсан. Дээрээс нь 7 хувиар багасгаж цалинжуулсан. Санхүүгийн алба 2 нягтлантай байгуулагдсан. Нөгөө нягтлан энэ тушаалаар цалинжиж байгаа мөртлөө энэнээс өндрөөр цалингаа авдаг. Баримт нь хүртэл байгаа. Түүнийг санхүүгийн алба, төрийн сан хянаж байгаа. Тамгын газрын дарга мөн хянаж байгаа. Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэгч нь санхүү албаны дарга. Түүний хэрэгжилтэнд хяналт тавьж байгаа хүн нь Борнуур сумын Засаг даргын тамгын газрын дарга. Тэгэхээр энэ санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад халагдсандаа маш их гомдолтой байна. 2017 оны 5-р сарын 24-нд ажлаас халах тушаал гарсан боловч 2017 оны 7-р сарын 4-нд ажил хүлээлцсэн. Санхүү албаны дарга Энхжаргал намайг өрөөндөө дуудаад ийм захирамж гарсан. Тэгэхдээ он сарыг солино. Чи ажлаа хийж бай. Засаг дарга надаар дамжуулж өөрт чинь ингэж хэлсэн гэж хэлээд ажлыг маань хийлгэж байгаад 7-р сарын 4-ний өдөр халсан. Засаг дарга өөрөө мөн надад хэлсэн. Энэ хүний ажлыг хүлээлцүүл. Тэгэхдээ миний гаргасан захирамжийн он сарыг нь өөрчлөөд энэ хүний ажлыг нь хүлээлцүүл гэж хэлсэн. Яг ажлаа хүлээлцээд захирамжаа авах өгөх дээрээ тулахад тэгж болохгүй гэж байна. Хуулийн хүнээс зөвлөгөө авсан чинь гаргасан захирамжийн он сарыг засаж болохгүй гэж хэлсэн. Тийм учраас ажлаа хүлээлгэж өг гэсэн. Өмнө нь би Засаг даргатайгаа уулзаж амьдрал маань хэцүү би өрх толгойлсон эмэгтэй хүн. Нөхөр маань нас бараад удаагүй байна. Банкинд маш их өр зээлтэй. Хүүхэд маань оюутан намайг ажиллуулах боломж байхгүй юм уу. Та шинэ Засаг дарга болсон юм чинь цаашид хамтраад ажиллъя гэж хүсэлт хэлэхэд. Засаг дарга надад та учрыг нь олохгүй, энд улс төрийн шалтгаан байна. Тийм учраас та дараагийн ажлаа бодсон нь дээр гэж хэлсэн. Тэгэхдээ би улс төрийн золиос болмооргүй байна. Намайг 6-р сард бүтэн ажиллачихаад байхад миний цалинг өгөөгүй. Гаргаж өгсөн баримт дээрээ намайг 6-р сарын 29-нд ажиллаагүй гэсэн байгаа. Би 6-р сарын 29-нд Борнуур сумын Засаг даргаас чөлөө авсан. Яагаад чөлөө авсан гэхээр миний ээж хорт хавдраа авахуулсан учир надад чөлөө өгнө үү гэхэд тэг тэг гэсэн. Би 6-р сард бүтэн ажиллаад байгууллагынхаа бүх гүйлгээ цалин мөнгийг олгоод явж байхад миний цалинг өгөөгүй. Би Засаг дарга дээр ороод энэ сарынхаа зээлийг юугаар төлөх вэ, яагаад миний цалинг өгөхгүй байгаа вэ гэхэд чиний цалин ээлжийн амралттай давхацсан учраас дараа сард асуудалгүй цалинг нь өгнө гэж Засаг дарга өөрөө хэлсэн. Санхүү албаны дарга албан ёсоор хэлсэн. Тамгын газрын дарга албан ёсоор хэлсэн. Тэгсэн боловч 7-р сард өөрсдөө цалингаа бодож аваад миний цалинг өгөөгүй. Миний цалинг өгнө гэсэн яасан бэ гэхэд санхүү албаны дарга шүүх дээр очоод аваарай гэж хэлсэн. Засаг дарга өгөхөө боль гэж шийдсэн юм аа. Шүүхээр ороод авдаг юм байгаа биз гэсэн гэж хэлсэн гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл хохироод явж байна. Яагаад гэвэл сар болгон төлдөг цалингийн зээлээ төлж чадахгүй. Оюутан байсан хүүгээ сургах байсан. Охин маань хүнд өвчтэй. Тархины хагалгаанд орсон. Амьдрал үнэхээр хэцүү байна. Гомдолтой байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтантайгаа гэрээ байгуулах ёстой болов уу гэж бодож байна. Гэвч албан тушаал аливаа зүйлээрээ сүрдүүлдэг юм уу мэдэхгүй. Надтай гэрээ байгуулаагүй. Өмнө ажиллаж байсан дарга маань ажлаа хийгээд явж бай гэж хэлдэг байсан. Хуулинд 6 сараас дээш хугацаагаар ажилласан бол жинхэнэ ажилтан гэж тооцдог.” гэв.
Хариуцагч Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Нэхэмжлэгчийн тавьсан шаардлагыг хүлээж авах боломжгүй. 2005 оны санхүүгийн алба байгуулагдахад Оюун тэтгэвэрт орж Өлзийсайханыг томилсон байдаг ингэхдээ түр ажиллуулахаар авсан байсан. Сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилон ажиллуулж байсан. Тамгын газрын тушаалаар сонгон шалгаруулалт зарласан. Ш.Тунгалаг, Өлзийсайхан, Энхтунгалаг, нар ороод Б.Өлзийсайханыг авч 2 жил ажиллуулсан. Чи түр тушаалтай учир нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлана гэж өөрт нь хэлсэн. Дахин сонгон шалгаруулалт зарласан. Энэ хүн тэнцээгүй орхиод явсан байна лээ. Ажилгүй байх хугацааны цалинг олгуулах гэж байна. 5-р сарын цалинг бүтнээр мөн ээлжийн амралтын мөнгийг тооцон олгосон байгаа. Ээлжийн амралттай байх хугацаанд санхүүгийн аудутын шалгалт ирсэн. Хүүхэд нь хагалгаанд орлоо гээд явсан. Шалгалт дууссаны дараа ээлж хүлээлцүүлье гэж хойшлуулсан байгаа. 2017 оны 6 сарын 9-ний А/17 тоот захирамжаар ажлын хэсэг томилсон. Сургуулийн захирал Солонгос Улсад 10 хоног явсан, Баярмаа эмнэлэгт хэвтсэн тул ажил хүлээлцэхийг 10 хоног хойшлуулсан. 2016 онд цалин хүрэлцээгүй батлагдаж ирсэн. Үүний дагуу 7% бууруулж олгосон. Ганцхан энэ хүний цалинг бууруулаагүй. Б.Өлзийсайхан түр тушаалтай байсан. Бүтэн 2 жил та өөрийгээ бэлдсэн сонгон шалгаруулалтанд ор гэхэд хүлээн зөвшөөрөөд өөрөө оролцсон. Хуулийн заалт бариагүй гэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг барьсан. Сонгон шалгаруулалтын хувьд ёс зүйгүй явагдсан гэж хэлж болохгүй. Өмнөх сонгон шалгаруулалтаар мөн энэ 2 орж байсан. Хүнд ажил өгөх гэж юм уу улс төрийн асуудлаас болж Б.Өлзийсайханыг ажлаас халаагүй. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн богино хугацаанд гаргасан. Тухайн өдрөө материалаа боловсруулаарай гэж чиг үүрэг өгсөн. 1 цагийн өмнө боловсруулсан. Сумын засаг даргын захирамжийн хавсралтан дээр ТҮ-8 хэдий ч цалингийн хэмжээг тодорхой оруулж ирсэн байгаа. Энэ цалинг санхүүгийн алба олгосон. Огт алдаа гаргаж байгаагүй гэдэг дээр нь санхүүгийн албаны материалуудыг хийсэн. Сургуулийн болон цэцэрлэгийн багш нар олон гомдол гаргасан. Захирал дээр мөн арга хэмжээ авна. Сахилгын шийтгэл оногдуулсан мөртлөө 11 багшид үр дүнгийн гэрээ олгосон байсан. Түр тушаалтай байгаа учир сонгон шалгаруулалт явуулсан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь Төв аймгийн Борнуур сумын засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, 2017 оны 6-р сард бүтэн ажилласан цалин 577826 төгрөг, 2016 онд үндэслэлгүйгээр цалин бууруулж дутуу олгосон цалин 307524 төгрөг, түүний алданги хөдөлмөрийн хуульд заасны дагуу 0,3 хувиар бодож 350270 төгрөг нийт 1235620 төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь “...намайг улс төрийн гэх шалтгаанаар ямарч үндэслэлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр миний эрх зүйн харилцааг дуусгавар болгосон, захирамжинд хөдөлмөрийн хуульд заасан ...40.1 дүгээр зүйлийн ямарч заалтыг баримтлалгүйгээр хуульд зааснаас огт өөр үндэслэлгүй заалт баримтлан захирамж гаргасан..., Анх санхүүгийн алба байгуулахад үндсэн цалин төсөвт ТҮ-8-ын 633221 төгрөгөөр батлагдсан байхад түүнийг зориуд бууруулан 577826 төгрөгөөр тогтоосон, энэ дүнгээрээ цалинг олгож байгаад 2016 онд Засгийн газрын тогтоосон цалингийн шатлалыг дур мэдэн дахин өөрчилж ямарч тушаал шийдвэргүй, ямарч ангилал, шатлал зэрэглэлд байхгүй 552199 төгрөгөөр цалинжуулсан. 2017 оны 6 сард бүтэн ажилласан боловч цалин олгоогүй. Энэ цалингаа нэхэмжилж байна, мөн дур мэдэн цалинг хууль зүйн үндэслэлгүй бууруулсан гэж үзэж түүний зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж,
Хариуцагч нь “Б.Өлзийсайхан нь 2015 оны 3 дугаар сарын 5-нд Б/01 тоот захирамжаар санхүүгийн алба байгуулагдахад сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор түр томилогдож байсан. Хөдөлмөрийн гэрээгүйгээр 2 жил ажиллуулсан байсан, ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулалтад 2 дахь удаагаа тэнцээгүй учраас нягтлан бодогч Энхтунгалагыг ажилд томилсон, ...Өлзийсайханы ажлаас чөлөөлөх захирамж 2017 оны 05 сарын 24-ний өдөр гарсан, 5 сарын цалинг бүтнээр олгож энэ цалинтай нь хамт ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон байгаа. 6 сард 2014, 2015 оны санхүүгийн баримтын шалгалтанд баримтаа шалгуулж ажилласан нь тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн үүрэгт ажил. 2016 онд ЗДТГазрын цалингийн фонд хүрэлцэхгүй байсан учраас ЗДТГазрын бүх ажилчдын үндсэн цалинг 7 хувиар бууруулж олгосон. ...Ганцхан Өлзийсайханы цалингийн асуудал хөндөгдөөгүй. ...” гэж тус тус маргажээ.
Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай захирамж, түүний халвсралтад дурдсанаар Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор түр гэсэн тодотголтойгоор томилогдож мөн сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрхээ хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамж гарган Б.Өлзийсайханыг Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөхдөө Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/127 тоот захирамжаар байгуулагдсан санхүүгийн албаны Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийг нээлттэй сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгожээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн Б.Өлзийсайханыг ажлаас чөлөөлсөн захирамжид дурдсан зэргээс үзэхэд түүнийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн байна.
Хариуцагч нь Б.Өлзийсайханыг ажилдаа тэнцэхгүй сонгон шалгаруултанд тэнцээгүй гэж тайлбарлаж байх ба хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд байх Үндэсний Аудитийн газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2016.03.31-ны өдрийн 1/144 дугаартай Аудитын гэрчилгээнд нэхэмжлэгч Б.Өлзийсайханы хариуцсан Борнуур сумын сургуулийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан хязгаарлалттай санал дүгнэлттэй, 23-25-р хуудсанд байх Үндэсний Аудитийн газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2017.03.25-ны өдрийн 1/209, 1/254, 1/185 дугаартай Аудитын гэрчилгээ /3 ширхэг/-нд Борнуур сумын сургууль цэцэрлэг, соёлын төвийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлттэй дүгнэгдэж байсан байна.
Мөн түүнийг түр хугацаагаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Б.Өлзийсайханы 2015 оны 3 дугаар сарын 5-нд дээрхи ажилд томилогдсон үеэс 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил олгогч болон ажилтан нарын хэн нь ч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар санаачлага гаргаагүй байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно. Иймд Б.Өлзийсайханы гүйцэтгэж байсан гэх Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн орон тоог түр ажлын байр гэж үзэх үндэслэлгүй юм.
Хариуцагч нь Б.Өлзийсайханыг хөдөлмөрийн гэрээгүйгээр 2 жил ажилласан гэж байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Б.Өлзийсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн, тэр үеэс хөдөлмөрийн харилцаа эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл буюу Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн хэсгийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.” гэж заасан байгаагаас үзэхэд ажилтны буруу биш харин ажил олгогч буюу Борнуур сумын Засаг дарга, мөн сумын ЗДТГазар энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэсэн хэсгийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадварын ...хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохыг зохицуулсан бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн ... 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэйг хуульчилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтыг “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтныг ажилдаа тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох эрх бүхий байгууллага, комиссын шийдвэр гарсан байхыг ойлгоно. Б.Өлзийсайханыыг эрхэлж буй ажил мэргэжилдээ тэнцэхгүй талаар ямар нэгэн байгууллага, комиссын шийдвэр гараагүй байх ба хариуцагч нь Б.Өлзийсайханыг сонгон шалгаруулалтанд тэнцээгүй учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ тухайгаа баримтаар нотлоогүй, шүүхэд энэ талаар бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно. Тухайлбал Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/127 тоот захирамжаар байгуулагдсан санхүүгийн албаны Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийг нээлттэй сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн атлаа энэхүү баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлахад Б.Өлзийсайханыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн баримт байхгүй, хариуцагч энэ талаар мэдэгдээгүй гэдгээ тайлбарлаж байна.
Иймд Б.Өлзийсайханыг Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг зөрчсөн хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул Б.Өлзийсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус зааснаар Б.Өлзийсайхан нь шаардах эрхтэй байх бөгөөд түүнийг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ түүний ажилгүй байсан хугацааг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс /ажил хүлээлцсэн сүүлчийн өдөр/ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тооцож 577826 /сарын цалин/ х 3 сар = 1733478 төгрөг, 1733478:3=577826 /3 сарын дундаж/, 577826 : 21,5 хоног = 26506 төгрөг/нэг өдрийн цалин/, 26506 х 47 хоног /ажилгүй байсан хугацаа/ = 1245782 төгрөг /нийт олговор/ гэж тооцов.
Нэхэмжлэгчийн түүнийг ажлаас чөлөөлсөн тухай Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч энэхүү захирамжаас үүссэн үр дагавар нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлагагүйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: 2017 оны 6-р сарын цалин гаргуулах тухай шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн боловч 2017 оны 6-р сарыг дуустал хугацаанд Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Борнуур сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 2 дахь заалтад “Ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохыг ня-бо /Б.Өлзийсайханд/-д даалгасугай” гэж дурдсан /хх-н 99/, мөн Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1 дүгээр хавсралт Маягт №ТТ-1 буюу Төлбөрийн хүсэлт № 68, 69, 71, 180, 181, 182, 183, 189, 191, 192, 193, 194, 195, 196, 197, 198, 199, 200, 201, 202, 203, 205, 206, 207, 208, 209, 238, 239, 240, 241, 242, 243, 254, 263, 255, 259, 279, 266, 265, 264, 256, 261, 260, 258, 278 дугаар бүхий 2017 оны 6-р сард үйлдэгдсэн дарга Л.Туяа, нягтлан бодогч Б.Өлзийсайхан нарын гарын үсэг бүхий нийт 45 ширхэг санхүүгийн баримт /хх-н 68-69, 74-98/, Б.Өлзийсайханы гарын үсэг бүхий Соёлын төвийн ажилтануудын 2017 оны 6-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-н 98/, Б.Өлзийсайханы ажлыг хүлээлцүүлэх талаар гаргасан Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/170 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /хх-н 8/-ийн дагуу Б.Өлзийсайханы ажлыг 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 15:00 цагт хүлээлцсэн тухай ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх-н 9-11/ зэрэг бичгийн баримтуудаар болон хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаярын “...6 дугаар сард Төв аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитийн албанаас ээлжит 2 жил тутам хийгддэг 2014, 2015 оны санхүүгийн баримтын шалгалт хийгдэж баримтаа шалгуулах гэж ажилласан Б.Өлзийсайхан нь тухайн үед ажиллаж байсан учраас баримтуудаа шалгуулах үүрэгтэй. ...” гэснээр тус тус нотлогдож байна.
Иймд Б.Өлзийсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шаардах эрхтэй ба түүний 2017 оны 6-р сард ажилласан ажилласан хугацааны цалин 577826 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Гурав: Үндэслэлгүйгээр цалин бууруулж олгож байсан хугацааны дутуу олгогдсон цалин 307524 төгрөг, түүний алданги хөдөлмөрийн хуульд заасны дагуу 0,3 хувиар бодож 350270 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Б.Өлзийсайханыг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хавсралтад зааснаар ТҮ-8 зэрэглэлээр /хх-н 42/ 577826 төгрөгөөр цалинжуулж байсан /энэ талаар талууд маргаагүй/ байх ба 2016 оны 1-р сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 552199 төгрөгөөр цалинжуулж байжээ. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Өлзийсайханы 0224583 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 12-13/, Б.Өлзийсайханы 2015 оны цалингийн картанд үндсэн цалин 577826 төгрөг, 2016 оны цалингийн картанд үндсэн цалин 552199 төгрөг, 2017 оны цалингийн картанд үндсэн цалин 577826 төгрөг гэж бичсэн бичилтүүд /хх-н 15-17/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч нь тухайн 2016 оны төсөв хүрэлцээгүй байсан тул бүх ажилтан албан хаагчдын цалинг 7 хувиар хасаж олгож байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй болно.
Иймд Б.Өлзийсайханы цалинг үндэслэлгүйгээр бууруулж 552199 төгрөгөөр цалинжуулж байсан байх тул түүний 2016 оны цалингийн зөрүү 307524 төгрөг /хх-н 30/, түүний алдангийг хуульд зааснаар тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу дутуу олгогдсон цалингийн алдангид 350270 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь Иргэний хуулийн 232 дугар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаас алдангийн хэмжээ нь давсан байна. Иймд Иргэний хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дутуу олгосон цалингийн зөрүүний алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 307524 төгрөгийн 50 хувь буюу 153762 төгрөгөөр тооцож гаргуулж олгохоор шийдвэрлэж илүү нэхэмжилсэн 196508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх оролцогчдын зүгээс гаргаж ирүүлсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас хэргийн 26-28-р хуудсанд байх Төв аймгийн Засаг даргын батламжилсан Батламж 3 ширхэг, хэргийн 45-р хуудсанд байх Борнуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж, хэргийн 46-54-р хуудсанд байх Төв аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 33-09-48, 33-09-49 дугаартай акт 2 ширхэг хавсралтын хамт, хэргийн 49-54-р хуудсанд байх Борнуур сумын цэцэрлэгийн ажилтануудын цалингийн тооцооны хүснэгт 6 хуудас, хэргийн 70-73-р хуудсанд байх Ерөнхий боловсролын сургуулийн ажилтануудын цалингийн хүснэгт нь он сар өдөргүй эдгээр бичгийн баримтууд нь нэхэмжлэгч Б.Өлзийсайханыг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэнтэй холбогдолгүй баримтууд тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 51508 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийсайханыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 1 245 782 /Нэг сая хоёр зуун дөчин таван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг, 2017 оны 6-р сарын олгогдоогүй цалин 577826 /Таван зуун далан долоон мянга найман зуун хорин зургаан/ төгрөг, 2016 онд дутуу олгосон цалингийн зөрүү 307524 /Гурван зуун долоон мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг, түүний алданги 153762 /Нэг зуун тавин гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг нийт 2284897 /Хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгох нөхөн олговор болон цалин, цалингийн зөрүүнээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51508 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ