Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

                        улсын яллагч Г.Мөнгөншагай,

            шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ................ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703003930157 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 02-нд Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 8-109 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ...........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Бнь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Авто плаза”-гийн зүүн замд Э.Ундармаагийн эзэмшлийн Тоуота Приус-10 маркийн 96-67 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Элбэгзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт “…мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд дүү Ундармаагийн нэр дээр байдаг приус 10 маркийн 96-67УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дэнжийн 1000-аас Хонхор луу явах гээд явж байсан. Ард эрх буюу “Авто плаза”-гийн хойд талд явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй 3 хүн гарч явсан. Гэтэл хойд талд нь явж байсан 50 орчим настай эмэгтэй гарцаар гарахаа болиод зогсчихсон, тэгэхээр нь би тэр эгчийг зогсчихлоо доо гэж бодоод машинаа хөдөлгөхөд тэр эмэгтэй шууд машины урдуур орж ирээд мөргүүлээд газар унасан. Тэгээд би машинаасаа буугаад тэр эгчийн биеийн байдлыг асуугаад машин руугаа оруулан суулгасан. Тэр эгч -Миний бие зүгээр, “Авто плаза”-гийн замын эсрэг талд байран дунд очих ёстой тэнд хүргээд өг гэхээр нь би хүргэж өгсөн. Тэгээд тэр эгч миний утасны дугаарыг авч үлдээд, надад бас нэрийн хуудсаа өгсөн. Би тухайн үед таксинд явж байсан болохоор Хонхор луу хүргүүлэх эмэгтэй хүнийг буулгах ёстой газар нь буулгачхаад хот руу буцах гээд байж байтал нөгөө машинд мөргүүлсэн эмэгтэй залгаад манай гэрийнхэн уурлаад байна, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл, яагаад тэр хүнийгээ явуулсан юм бэ гээд байна гэсэн. Тэгэхээр нь би гэрийг нь заалгаж аваад 2 цагийн дараа гэрт нь очсон. Тэр эгчийг гэрээс нь аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд гэмтлийн эмч нар зүгээр байна, мөргөлтөөс үүссэн гэмтэл байхгүй байна гэж байсан, гэрт нь эгчийг хүргэж өгчхөөд орой нь би аав Эрдэнэ-Очирын хамт “Авто плаза”-гийн эсрэг талд байрлах байран дунд анх хүргэж өгсөн газарт нь очоод 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа нөгөө эгч над руу залгаад надад 200.000 төгрөг өг гэх үед нь боломж олдоогүй өгч чадаагүй байсан. Тэгээд маргааш нь 250.000 төгрөг өг гэхээр нь би 200.000 төгрөг өгсөн. Гэтэл 50.000 төгрөгөө гүйцээж өг тэгвэл энэ хэргийг дуусгая үгүй бол цагдаад өгье гэж миний утас руу мессэж бичиж байсан. Тэгэхээр нь би цагдаад өг дөө гэж хэлсэн. Тэрнээс хойш 10-н сард намайг замын цагдаагаас дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-57/,

 

Хохирогч Ц.Элбэгзаяагийн “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутагт ”Авто плаза”-гийн зүүн талд байрлах явган хүний гарцаар хойд зүг рүү гарч байхад миний баруун талаас нэг жижиг тэрэг ирээд дохио ч өгөлгүй зүүн ар тал руу мөргөөд унагаасан. Тухайн үед миний авч явсан зүйлс газар шидэгдээд тэрийгээ мөлхөөд авч байх хооронд машинаас эмэгтэй, эрэгтэй 2 бууж ирээд “зүгээр үү та, яаж байна” гэж хэлэхэд нь би “миний ар тал эвгүй болсон байна” гэж хэлээд намайг түшээд машиндаа оруулсан, тэгээд “одоо яах уу” гэтэл би “цагдаа сэргийлэх дуудах ёстой байх” гэж хэлээд “гэмтэл орж үзүүлэх ёстой байх” гэж хэлээд замын хойд талын байранд намайг буулгаад “цуг явж байсан хүнийг Хонхорт хүргэж өгчхөөд таныг авна” гэж хэлээд явсан. Би тухайн үед 4-5 цаг хүлээсэн. Тэгээд тэндээсээ такси бариад гэрлүүгээ очоод байж байтал өөрийнхөө утаснаас залгаад “таныг аваад гэмтэл явна та гэртээ байж байх уу” гэж хэлсэн. Удалгүй 1 цагийн дараа манай гэрт ирээд бид 2 гэмтэл орж үзүүлээд зураг авахуулсан. Тэгээд орой нь намайг айлд байхад ирж аваад гэрт хүргэж өгсөн. Машин дотор манай охин болон жолоочийн аав гэх хүн сууж явсан. Замдаа цагдаад битгий хэлээч үргэлж биеийн байдлыг чинь асууж байна, бид хэд зугтаах хүмүүс биш тантай холбоотой байна гээд тэгээд эмчилгээний зардал гэх 120.000 төгрөг эхний өдөр надад өгсөн. Тэгээд тэр жолооч “та цагдаад битгий хэлээрэй 07 дугаар сарын 01-ний өдөр миний цалин бууна тэгэхлээр би тань руу ирж мөнгө өгнө” гэсэн. Би “чамаас мөнгөний тоо хэлэхгүй, чи өөрөө мэдээрэй, би бас давхар биеийн байдлыг харна” гэсэн. ...би аав руу нь залгахад 200.000 төгрөг өгсөн. Би өөрийнхөө биеийг эмчлүүлмээр байна, зураг авахуулах хэрэгтэй байна, эмнэлэг болон бусад байдлаар өвчингүй болмоор байна...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/,

 

Гэрч С.Цэрэнхандын “…2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хүчит шонхор захын урд талаас таксинд гар өргөөд зогсож байсан тэгээд Тоёота приус маркийн автомашин зогссон. Тэгэхээр нь би суугаад Хонхор орох гээд “Авто плаза”-гийн хойд талын 100 айл явдаг замаар ороод явж байтал гарцаар 2 хүн урдуур гартал миний сууж байсан машин зогссон юм. Тэгтэл нөгөө машины жолооч нь дахиад хөдлөх гээд ухасхийтэл урдуур нь нэг эмэгтэй хүн гүйх гэж байгаад буцахаар нь тормос гишгээд зогссон. Тэгтэл нөгөө эмэгтэй машины баруун талын урд хэсгээр мөргөөд нөгөө эмэгтэй тохойлдоод унасан. Тэгээд нөгөө жолооч нь буугаад өргөж босгоод "та зүгээр үү" гэж хэлсэн. Тухайн үед эмэгтэйн тохой хэсэг нь шалбарсан ч юмуу хөхөрсөн ч билүү болсон байсан. Тэгээд нөгөө жолооч нь машиндаа суулгаад нөгөө эмэгтэйг "хаа хүрэх гэж байгаан би хүргээд өгье" гэж хэлээд төв замын хойд талд байрлах байрнууд дунд буулгаад тэгээд бид 2 утасны дугаараа өгөөд Хонхор орсон. Гарцан дээр зогсож байгаад хөдөлсөн болохоор нээх хурдтай яваагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹352 тоот актын “…Ц.Элбэгзаяагийн биед 2018 оны 03 дугаар сарын 12-ны рентген зургаар ахар сүүлний хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 232 тоот актын “1. Т.Приус-10 маркийн 95-07 УНК улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэ-очир овогтой Бүрэнтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Явган зорчигч Цэрэндорж овогтой Элбэгзаяа нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.....” гэсэн дүгнэлт /хх-50/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-2/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-22-23/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-62, 72/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /67-69/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Бнь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Авто плаза”-гийн зүүн замд Э.Ундармаагийн эзэмшлийн Тоуота Приус-10 маркийн 96-67 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Элбэгзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Элбэгзаяа, гэрч С.Цэрэнханд нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 352 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Бнь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ц.Элбэгзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Элбэгзаяад 800.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Бийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Эрдэнэ-Очирын Бүрэнтөгсийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэ-Очирын Бүрэнтөгсийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Э.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР