| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0143/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/135 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/135
2020 12 21 2020/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.АнхИрээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ч-ийн Н-д холбогдох эрүүгийн 2019001240156 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баярс” констракшнд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, ач хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 13-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбатаар дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 10 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 538 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил, 8 сар, 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, С овогт Ч-ийн Н /РД:ЧН65022476/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баярс” констракшны эзэмшлийн 32-60 УНС улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслээр шороо буулгачихаад өргөсөн байсан ачааны хэсгийг буулгахаа мартаж Сайхандулаан сум руу тавигдсан 15 кВ дамжуулах цахилгаан шугамын 14-18 дугаартай тулгуур, дамжуулагч, утас, тусгаарлагч, хөндлөн траверсийг тухайн автомашины ачааны хэсгээр таслан болгоомжгүйгээр гэмтээж, Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Дорноговь аймаг дахь салбарт 4 741 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “…үйлдсэн гэмт хэрэг тодорхой болохоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс өөр ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 32-60 УНС улсын дугаартай Хово маркийн ачааны машинаар шороо зөөж байсан ба шороо буулгачихаад өргөсөн байсан ачааны хэсгийг буулгахаа мартаад Сайхандулаан сум руу явдаг өндөр хүчдэлийн шонгийн доогуур явах гэж байгаад шонгийн цахилгааны утсанд нь хүрээд таслаад явчихсан... Миний хувьд учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 48-49-р хуудас/
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай салбараас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 35/6/15 кВ Өвөршанд дэд станц Яч№06 Сайхандулаан 15кВ ЦДАШ-ийн тулгуур №14-18-ын хооронд “В, С” фазын дамжуулагч утас, тулгуур, траверсын үнийг тооцож хохирлын акт гэж нийт 474.146 төгрөг гаргасан ба дараагийн тулгуур солих түүнд ажиллах хүн хүч, бензин, түлш, тээвэр, механизмын үнийг одоогийн байдлаар тооцоогүй байна. Тулгуур солих зайлшгүй шаардлагатай. Бусад эвдэрсэн зүйлүүдэд сэлбэг, материал авч хийсэн боловч тухайн сэлбэг, материал нь ашиглалтын хувьд шаардлага хангахгүй, зарим нь эвдэрсэн зүйлийг түр тогтоож янзалж хийсэн учраас удаан хугацаанд ашиглагдахгүй байгаа юм. Тийм учраас нийт зардал 4.741.436 төгрөг болсон... Манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 54-р хуудас/
Гэрч О.Хөххүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Баярс” констракшний хөдөлмөр, аюулгүй байдлын инженер ажилтай. Манай компани нь Зэвсэгт хүчний 339-р ангийн гүйцэтгэгчээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт 276 айлын хотхон буюу газрын тосны ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа... Манай компанид 3 механизм буюу индүү, ковш, эксковатор байдаг. Мөн ачааны 2 машин буюу Хово маркийн тэвштэй элс, шороо, хайрга зөөдөг машин байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баярс” констракшны эзэмшлийн 32-60 УНС улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслээр шороо буулгачихаад өргөсөн байсан ачааны хэсгийг буулгахаа мартаж Сайхандулаан сум руу тавигдсан 15 кВ дамжуулах цахилгаан шугамын 14-18 дугаартай тулгуур, дамжуулагч, утас, тусгаарлагч, хөндлөн траверсийг тухайн автомашины ачааны тэвш хэсгээр таслан болгоомжгүйгээр гэмтээж, Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний Дорноговь аймаг дахь салбарт 4 741 436 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Ч.Нямдорж нь “Баярс” констракшны эзэмшлийн 32-60 УНС улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслээр шороо зөөх ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийнхээ өргөсөн тэвшийг буулгалгүйгээр хөдөлгөөнд оролцож Сайншанд-Сайхандулаан сумын хооронд тавигдсан нийтийн эзэмшлийн цахилгаан шугамын 14-18 дугаартай тулгуур, дамжуулагч, утас, тусгаарлагч, хөндлөн траверсийг болгоомжгүйгээр эвдсэн үйл явдал болсныг шүүгдэгч Ч.Нямдорж “...Би 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 32-60 УНС улсын дугаартай Хово маркийн ачааны машинаар шороо зөөж байсан ба шороо буулгачихаад өргөсөн байсан ачааны хэсгийг буулгахаа мартаад Сайхандулаан сум руу явдаг өндөр хүчдэлийн шонгийн доогуур явах гэж байгаад шонгийн цахилгааны утсанд нь хүрээд таслаад явчихсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр хүлээн зөвшөөрч маргаагүй, түүний хүлээн зөвшөөрсөн гэм буруу нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч байгууллагын төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн “...Манай салбараас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 35/6/15 кВ Өвөршанд дэд станц Яч№06 Сайхандулаан 15кВ ЦДАШ-ийн тулгуур №14-18-ын хооронд “В, С” фазын дамжуулагч утас, тулгуур, траверсын үнийг тооцож хохирлын акт гэж нийт 474.146 төгрөг гаргасан ба дараагийн тулгуур солих түүнд ажиллах хүн хүч, бензин, түлш, тээвэр, механизмын үнийг одоогийн байдлаар тооцоогүй байна.
Тулгуур солих зайлшгүй шаардлагатай. Бусад эвдэрсэн зүйлүүдэд сэлбэг, материал авч хийсэн боловч тухайн сэлбэг, материал нь ашиглалтын хувьд шаардлага хангахгүй, зарим нь эвдэрсэн зүйлийг түр тогтоож янзалж хийсэн учраас удаан хугацаанд ашиглагдахгүй байгаа юм. Тийм учраас нийт зардал 4.741.436 төгрөг болсон...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож, гэмт хэргийн улмаас “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаний Дорноговь аймаг дахь салбарт 4 741 436 төгрөгний хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлсэн “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №550 дугаартай: “...АС утас ф-70 маркийн 800 метр, нэгж үнэ 1100 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 880.000 төгрөг, травест 2 ширхэг, нэгжийн үнэ 35.000 төгрөг, 4 зах зээлийн дундаж үнэ 70.000 төгрөг, штерь 15 ширхэг, нэгжийн үнэ 9.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 135.000 төгрөг, тулгуур /12 м урт/ 3 ширхэг, нэгжийн үнэ 550.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1.650.000 төгрөг, нийт 2.735.000 төгрөг...” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст авагдсан ба энэхүү үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан тал бүрээс нь бүрэн, бодитой хийх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Тухайлбал: шинжилгээний объектод ямар зүйлийг ашиглан, юуг үндэслэн, ямар аргачлалын дагуу хийсэн, шинжилгээний явц, бодит үр дүн ямар гарсан зэргийг дүгнэлтдээ тусгаагүй , зах зээлийн дундаж үнэлгээг тооцож, 2020 оны 04 дүгээр сарын байдлаар гаргав гэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Харин хавтаст хэргийн 12 дугаарт “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 2020 оны04 дүгээр сарын 16-ны өдөр 03 дугаартай хохирлын актыг 4 741 436 төгрөг гэж гаргасан ба энэхүү актыг Баярс констракш ХХК-ийг төлөөлж Батцэнгэл гэх хүн гарын үсэг зурж хохирлын талаар маргаагүй ба хохирогч байгууллагын төлөөлөгч М.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд “...манай байгууллагын зүгээс бүх хохирол төлбөрөө бүрэн барагдуулаад авсан тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н-ийн өгсөн “...манай байгууллага хохирлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлгээр хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт: бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан тул шүүгдэгч Ч.Нямдоржийн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагын эд хөрөнгөнд учруулсан 4 741 436 төгрөгний хохирол нь бага хэмжээ гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ч.Н-ийг нийтийн эзэмшлийн цахилгааны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсучруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүний эдийн засагт дарамт учруулахгүй байх боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Ч-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн цахилгааны тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4 741 436 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгуулийн ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА