Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг *******-*******ын 3 дугаар гудамжны ******* тоотод  оршин суух, ******* овогт *******гийн О /регистрийн дугаар: *******/

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар баг *******-*******ын 3 дугаар гудамжны ******* тоотод оршин суух,  ******* овогт *******гийн Б /регистрийн дугаар: *******/

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Бтэй 2007 онд танилцаж 2012 оноос хамт амьдарч, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин Б. төрсөн. Одоо Б. 4 настай. Б.Б нь сүүлийн жилүүдэд архи ууж, ааш зан нь эвдэрч, хардаж сэрдэж байнга хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулан, Б.Бээс нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Б.Б бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0204498 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.д тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2007 онд танилцсан тэгээд 2012 оноос 2016 он хүртэл хамт амьдарч эхэлсэн. Хамтдаа амьдрахад маргаантай байсан тэгээд салсан. Ажлаа амраад ирэхээрээ хүүхэдтэйгээ уулздаг. Эд хөрөнгийн маргаан байхгүй.  гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Оийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний харилцаа муудаж хамт амьдрах боломжгүй болсон. Тусдаа амьдрах болоод нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б. одоо 4 настай. Даланзадгад сумын 1-р цэцэрлэгт явлаг. Би өөрөө 2017 оны 08 дугаар сараас эхлэн Ханбогд сумын ХХК-д байрлан ажиллах болсон. Охин Б.ыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Охиныхоо хэрэгцээнд сар бүрийн цалингаасаа мөнгө өгч, хэрэгцээт эд зүйлийг нь өгч ирсэн. Охин Б.ын нэр дээр хүүхдийн хадгаламж нээж сар бүр нэмэгдүүлж байсан. Одоогоор нэг сая орчим болж байгаа байх. Хадгламжаас гадна хэрэгцээний зардлыг нь өгдөг. Хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг Д.Отэй тохиролцож болно гэж бодож байна. Охинтойгоо уулзаж байхыг хүсч байна. Би NBIK ХХК-д ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл амралттай байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ханбогд суманд ажиллана. Ажилд ороод удаагүй тул чөлөө олгох асуудал хүндрэлтэй тул энэ байдлыг маань харгалзан шүүх хуралдааныг товлож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлийг хувиараа төлөх саналтай байна. Эргэж эвлэрэх шаардлагагүй. Энэ хүн өөр хүнтэй амьдрал зохиосон. Гэр бүлийн хүрээнд маргаантай байдаг байсан. Тэгээд салсан хүүхэдтэйгээ уулздаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Зан аашны тал дээр маргалдаад хоорондоо таарч тохирохгүй болсон. 7 нас хүрэхэд нь хүүхдээ өөр дээрээ авна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.Оийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0000855942 дугаартай Б.ын төрсний гэрчилгээний хуулбар, 0204498 дугаартай Б.Б, Д.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн элүүл мэндийн төвийн Б.ыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагч Б.Бийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.О нь Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Д.О, Б.Б нар нь 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин Б. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.  

Нэхэмжлэгч Д.О нь энгийн нүдээр харахад жирэмсэн байдалтай байсан мөн “” гэх тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн ... тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.” гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байна. Хуулийн дээрх заалт нь гэрлэлт цуцлах үед өөрийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, эрүүл мэндийн болон санхүү, ахуй амьдралын хувьд зайлшгүй эхнэр буюу нөхрийн тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэрлэгчдийн хийгээд хүүхдийн эрх эрх ашгийг хамгаалсан зохицуулалт тул ямарч тохиолдолд гэрлэлтийг цуцалж болохгүй юм.

Иймд Д.Оийн нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Хуульд заасан гэрлэлт цуцлахыг хориглосон шалтгаан арилсны дараа гэрлэлт цуцлуулах талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад дээрх шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР