| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0301/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/316 |
| Огноо | 2022-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
2022 03 25 2022/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч: Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч: Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн ........................ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сод монгол” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................... оршин суух бүртгэлтэй боловч .................... оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр .................... тоотод иргэн н.Оюунтуяагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Д.Н маргалдаж, улмаар үсдэх, цохих, юм авч шидэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархай, шанаа, баруун мөр, бугалга, цээж, гуя, шилбэ, зүүн дал, бугалга, шуу, бөөр орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн .................... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Н “...ажлын газрын хүмүүс болох Анударь, Баатархүү, Оюунтуяа нарын хамт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Оюунтуяагийн гэрт архи ууцгаасан ... Оюунтуяа унтаж байсан ... Баатархүү гараад явчихсан байсан ... тэгээд байж байхад Анударь “эгчийгээ мэдэхгүй байна” гэх мэтийн юм яриад байхаар нь .. би “чи дуугүй бай гэсэн чинь” намайг үсдэж дараад өвдөглөөд тохойдоод, нуруу, цээж рүү өшиглөөд, айлын эд зүйлийг аваад над руу шидээд байсан ... тэр үед Баатархүү гаднаас орж ирээд Анударийг салгах гэж хориод дийлэхгүй байсан ... тэгэхээр нь би гараад зугтсан чинь араас гарч ирж намайг барьж аваад үсдэж шороон дээр унагаасан. ... бид 2 эвлэрээд, улмаар Анударь, Баатархүү, Хатнаа бид дөрөв 2 хоног буудалд хоносон ... шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлүүдээс духанд үүссэн шарх гэмтлийг Баатархүү надад учруулсан ... бусад гэмтлүүдийг Анударь надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14, 15 дугаар хуудас/,
Гэрч Ц.Хатанбаатарын “...Баатархүү над руу залгаад Анударь, Нарантуяа хоёр хоорондоо зодолдоод би ирж салгалаа гэж хэлсэн ... манай ажил дээр тэд нар ирэхэд Анударь, Нарантуяа нар согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,
Гэрч А.Баатархүүгийн “...би гэртээ харьчхаад буцаад Оюунтуяагийн гэрт ирэхэд Анударь, Нарантуяа нар хоорондоо үсдэлцсэн байдалтай байсан ... би 30 минут тайвшруулаад тэр хоёр хоорондоо эвлэрсэн ... Үс нь сэгсийчихсэн хавирганы орчим өвдөөд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Оюунтуяа эгч тасраад унасан байсан бөгөөд найз Амараа гэх хүнд Нарантуяа хөхөө харуулаад байхаар нь би уурлаад тэрнээс болж маргалдсан. Би Нарантуяаг гараараа цохисон тэгээд үснээс зулгаагаад зулгаалцаад унагаасан байгаад нуруу руу нь өвдөглөсөн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу....” гэсэн мэдүүлэг /хх-н 5 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №1805 дугаартай шинжээчийн:
Хохирлын баримт /хх-н 30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-н 31 дүгээр хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 37 дугаар хуудас/, дансны хуулга /хх-н 38-39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-н 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Халиуны 9 дугаар гудамж 555 тоотод иргэн н.Оюунтуяагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Д.Н маргалдаж, улмаар үсдэх, цохих, юм авч шидэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн чамархай, шанаа, баруун мөр, бугалга, цээж, гуя, шилбэ, зүүн дал, бугалга, шуу, бөөр орчимд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.А мэдүүлэг, хохирогч Д.Н мэдүүлэг, гэрч А.Баатархүүгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1805 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Н биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс болон гэрчээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал Б.А нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Д.Н биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Д.А “...баримтаар гаргасан хохирлоо нэхэмжилнэ, надад өөр гомдол санал байхгүй...” гэж хүсэлтээ /хх-н 43/ илэрхийлсэн ба хэрэгт түүнээс гэмт хэргийн хохиролд 117.250 төгрөгийн нэхэмжлэлийн баримт байх тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс тус хохирлыг төлсөн гэх боловч энэ талаар баримтгүй болохыг тэмдэглэв.
Гэсэн хэдий ч шүүгдэгчээс хохиролд учирсан гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.А гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Анудариас 117.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Нарантуяад олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН