| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00346/и |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-10-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, ......оршин суух, эрэгтэй, М.Э нэхэмжлэлтэй,
хариуцагч- Говь-Алтай аймаг, Халиун сум, ......... оршин суух, эрэгтэй, Д.Р-т холбогдох,
хурдан удмын нэг адууны үнэнд 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэн Д.Р-т 2015 оны 6 дугаар сард хурдан удмын дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан хамар цагаан хүрэн халзан зүсмийн соёолон үрээг 3.000.000 төгрөгөөр бодож наймаа хийж худалдсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдсэн 2.000.000 төгрөгийг авч чадалгүй өдий хүрч байна. Иргэн Д.Р-аас адууны үнийн үлдэгдэл 2.000.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ талаар 2016 оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан боловч 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэл гаргасан Э нь миний төрсөн дүү байгаа юм. Э нь 2015 оны хавар Сүхбаатар аймгийн угшилтай хурдан удмын 3 адуу авчирсан, түүний нэг болох Н үсгэн тамгатай, сартай хүрэн соёолон үрээг Сүүж багийн иргэн Д.Р би 3.000.000 төгрөгөөр авъя гээд 2015 оны 6 сард авч явсан. Ингэж авахдаа 1.000.000 төгрөгийг нь өгөөд авсан. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь 2 жил авч чадалгүй яваад байгаа гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Д.Р би 2015 оны 6 дугаар сард иргэн М.Э-ээс хүрэн халзан, дугуй дотор Н үсгэн тамгатай адууг 3.000.000 төгрөгөөр бодон үнийг нь хойтон жил өгөхөөр ярилцаж тохирч авсан нь үнэн. Удалгүй улсын баяр наадамд уяж сойсон ч хойно давхисан, тэр шөнөдөө уяж хоноод тавиад маргааш нь алга болсон. Зохих хэмжээний зарлага гарган хэдэн хоног эрэл хайгуул хийсний эцэст Есөнбулаг сумын Дөтийн даваа орчмоос сургийг нь гаргаж олж авсан. 2015 оны 7 дугаар сарын 20-нд Чацран багийн наадам болж тэнд Э-той уулзаж морио ав хө, алдах ч юм байна, давхихгүй ч юм байна гэж хэлсэн. Тэгтэл Э аваагүй, хойтон үнийг нь авна гэснээрээ авна гэж хэлсэн. Тус адууг өөрийнхөө морьдтой нийлүүлж тавьсан байсан ч 2015 оны 8 дугаар сарын эхээр манай адуунд алга байсан. Дахин эрэл хайгуул хийж Баянхонгор хүртэл явж хайсны эцэст олоогүй, аймгийн “Алтай радиогоор” 14 хоног зарлуулаад сураг чимээ гараагүй. Эрдэнэ-Очирт ярьж тохирсоны дагуу 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Адуу гүйж алга болохдоо манай сумын Т.Ойнзаяагийн шарга байдсыг дагуулаад явсан байсан. 2016 оны Халиун сумын наадмаар М.Э надтай таарч мөнгөө нэхсэн би үнэн учр байдлыг хэлж одоо нэмээд 500.000 төгрөг өгөөд хоёр тийшээ болъё гэж хэлсэн ч Э намайг зодсон. Тэр үеэс хойш миний чихээр хатгаж толгой тархи өвддөг болсон. Намайг зодуулсан эсэхийг надтай хамт байсан манай голынхон мэдэж байгаа. Э-ээс авсан морь гүйж алга болсон, урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг өгсөн, хурдан удмын адуу гэх баталгаа байхгүй уясан ч хойно ирсэн. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж иргэн намайг ч хохироолгүй шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, бичмэл баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Д.Р-аас худалдсан хурдан удмын нэг адууны үнийн үлдэгдэлд 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Хариуцагч Д.Р-т 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардуулахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1262 дугаар захирамжаар хариуцагчийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд түүнд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ..... дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй /хх-20-21, 25, 33/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-35/.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Э болон хариуцагч Д.Р нарын хооронд 2015 оны 06 дугаар сард “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээг” 3.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хойтон жил нь төлөхөөр талууд амаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-1, 28-29/.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул нэхэмжлэгч М.Э-ын “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээг” 3.000.000 төгрөгөөр үнэлсэн саналыг хариуцагч Д.Р хүлээн зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгч, үлдэгдэл төлбөрийг хойтон жил нь төлөхөөр тохиролцсон үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан М.Э-ын хүсэл зоригийн илэрхийллийг Д.Р хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Д.Р-ын М.Э-оос авсан морь гүйж алга болсон, урьдчилгаанд 1.000.000 төгрөг өгсөн, хурдан удмын адуу гэх баталгаа байхгүй уясан ч хойно ирсэн гэх татгалзал үндэслэлгүй байх бөгөөд дээрх аман хэлцлийн дагуу “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээг” Д.Р хүлээн авснаар худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулсаныг нотолж байгаагийн зэрэгцээ тухайн морийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн, урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг хариуцагч Д.Р хүлээн зөвшөөрч, маргаагүй болно /хх-28-29/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Харин хариуцагч “...М.Э-оос худалдан авсан морь нь хурдан удмын адуу биш болохыг, худалдан авсан морь гүйж алга болсон бол үнийг төлөхгүй...” гэх үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй болно /хх-28-29/. Өөрөөр хэлбэл 2015 оны 06 дугаар сард худалдан авсан “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээ” гүйж алга болох, эсхүл хурдан давхиж уралдахгүй бол төлбөрийг төлөхгүй гэж тохиролцсон байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Хариуцагч Д.Р “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээг” худалдан авсан талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр заасан боловч хариуцагч худалдан авсан барааны үнийг төлөөгүй болох нь түүний бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх худалдах худалдан авах гэрээ бодит байдалд хэрэгжиж худалдагч буюу М.Э “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээг” худалдан авагчийн буюу Д.Р-ын эзэмшилд шилжүүлсэн боловч худалдан авагч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч өөрийн татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаарх баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул талуудын тайлбар, нэхэмжлэл зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн ...М.Э-оос худалдан авсан морь нь хурдан удмын адуу гэх баталгаа байхгүй, морь нь гүйж алга болсон, урьдчилгаанд 1 сая төгрөг төлсөн... гэх татгалзал үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.000.000 төгрөгийг хариуцагч Д.Р-аас шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-27/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р-аас 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Р-аас “дугуй дотор Н үсгэн тамгатай, сартай хүрэн халзан соёолон үрээ”-ний худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р-аас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ