Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Ц.Үйтүмэн,  шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ...оршин суух, эмэгтэй, М.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай, Шарга, ...оршин суух, эрэгтэй, Д.Б-д холбогдох,

гэм хорын хохиролд 2.835.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн автомашиныг Д.Б нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж туслах замаас орж ирж мөргөсөн учраас машинд хохирол учирсан. Хохирлын баримтууд бүрдүүлж өгсөн. Үүнд Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ тогтоолгосон хөлс 138.000 төгрөг, машины эвдрэлийн үнэлгээ 3.313.000 төгрөг, машиныг осол болсон газраас журмын хашаа, журмын хашаанаас гэрлүү зөөвөрлөхөд гарсан зардал 100.000 төгрөг, журмын хашааны төлбөр 21.000 төгрөг, хот явж сэлбэг авсан зардал 93.600 төгрөг, машины эвдрэлийн үнэлгээнд оролцоогүй, тос масло, батерей авсан зардалд 600.000 төгрөг нийт 4.265.600 төгрөгийн хохирол учирсан нь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож, 2.835.600 төгрөгийг нотлох баримтгүй иргэний нэхэмжлэлээр жич нэхэмжил гэсэн тул танай шүүхэд хандаж байна. Миний өгсөн бүх материалууд эх хувьтайгаа давхар хавтаст хэрэгт хийгдсэн байгаа. Тиймээс Д.Б-аас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болсон ослоос шалтгаалан автомашинд учирсан хохирол 4.265.600 төгрөгнөөс 1.430.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2.835.600 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 22-нд Говь-Алтай аймагт орж ирээд хойд толгойд хүн буулгаад урагшаа эргээд уулзварт ороход зүүн гар талаас ирж яваа машин хол харагдаж байсан тул урд хоёр дугуй цагаан шугам давчихсан байсан. Өөрөөр хэлбэл дараагийн урсгалд шилжиж орсон байсан. Гэтэл зүүн гар талаас ирж байсан машин миний араар эгнээ байраа буруу эзэлж эсрэг урсгалаас орж миний машины хажуугаас мөргөсөн. Тэгээд замын цагдаагийн газарт мэдэгдэж ослын газарт цагдаагийн ахмад Түмэнбаяр хэмжилт хийж, зураг авсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа дүгнэлт гарч хоёр жолоочийн буруутай үйлдлээс болсон гэсэн дүгнэлт гарсан. ******* ГАҮ дугаартай приус машины жолооч Б.Б-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөн. Гэтэл энэ дүгнэлтийг буруу гарсан байна гээд жолооны багш нараар дахин дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтэнд мөн Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан заалттай яг адилхан дүгнэлт гарсан. Ингээд Ашид билгүүн компаниар хохирлыг үнэлүүлж 21-19 ГАА маркийн машинд 3.313.000 төгрөг ******* ГАҮ маркийн машинд 553.000 төгрөгийн хохирол гарсан. 2016 оны 12 дугаар сарын 02-нд шүүх хурал болж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гээд 45 хоног баривчлах, 1.430.000 төгрөг төлөх анхан шатны шүүхийн шийдвэр гарч 20 хоног баривчлагдаж, 1.430.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М-д төлж, Д эмээд 20.000 төгрөг эмчилгээндээ хэрэглэ гэж өгсөн. Мөн давж заалдах шатны шүүхээс Б.Б-ын эмчилгээнд 130.000 төгрөг төлөх шийдвэр гарч үүнийг нь төлсөн. Шүүхийн шийдвэрээр гарсан эдгээр хохирлыг төлсөн байтал баримтгүй мөнгө дахин дахин нэхэмжилээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2.835.600 төгрөгний шүүхээс 952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Тухайн үед приус 20 маркийн автомашиныг жолоодож явсан Б нь гэм буруутай байсан гэж үзсэн. Д.Б нь өөрт оногдох хохирлыг төлж барагдуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Эхний шинжээчийн дүгнэлтээр хоёулаа буруутай гэж гарсан. Дараа нь цагдаагийн их сургуулийн багш нарын дүгнэлтээр Б-ын буруу гэсэн боловч үүнийг шүүх хуралдаан дээр үнэлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Б нь хариуцагч биш. Гэм хор учруулсан этгээд болох Б нь мөнгийг төлөх ёстой. Иргэний хуулийн 403 дугаар зүйлд гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол хамтран хариуцахаар заасан байгаа. М.М-гийн машиныг Б гэдэг хүн барьж явсан. Тос, масло солих нь байнга машинд хийгдэх үйлчилгээ учраас гэм хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь Д.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 2.835.600 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн нутагт хариуцагч Д.Б нь .... улсын дугаартай премомаркийн автомашиныг, нэхэмжлэгч М.М-гийн эзэмшлийн ... улсын дугаартай приүс-2 маркийн автомашиныг иргэн Б.Б нар тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын архивын хуулбар, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай магадлал, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна /хх-20-26, 3-5, 17-19, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Зохигчид зам тээврийн осол гарсан талаар маргаагүй, ослын улмаас нэхэмжлэгчийн болон хариуцагчийн автомашинд хохирол учирсан, хариуцагч шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохиролоос өөрийн автомашинд учирсан хохирлын төлбөрийг хасаж тооцоод 1.430.000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч М.М-д төлж барагдуулсан гэж тайлбарлаж маргажээ.   

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэхэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт ..., .... улсын дугаартай хоёр автомашин зам тээврийн осол гаргасан байх бөгөөд уг осолтой холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...машины эвдрэлийн хохирол 1.656.500 төгрөг, машин зөөвөрлөсний зардал 50.000 төгрөг, нийт 1.706.500 төгрөгийг ялтан Д.Б-аас, ...ялтан Б.Б-аас машины эвдрэлийн хохирол 1.656.600 төгрөг, машин зөөвөрлөсний зардал 50.000 төгрөг нийт 1.706.500 төгрөгийг... тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч М.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Гэтэл зохигчид уг шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхээр хянагдаж хүчингүй болсон талаар болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 24 дугаартай шийтгэх тогтоол дахин гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг талууд хэрэгт нотлох баримтаар гаргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай магадлалд анхан шатны шүүх ...шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ...иргэний нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж... гэж шийдвэрлэсэн талаар болон магадлалын ТОДОРХОЙЛОХ хэсэгт ...шүүх М.М-гийн иргэний нэхэмжлэлийн тухайд 2.835.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, зарим хохирол тухайлбал үнэлгээ тогтоосон ...баримтанд гарын үсэггүй, ...3.313.00 төгрөгний машины эвдрэлийн баримт эх хувь биш, ...545.000 төгрөгний баримт гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй ...зэрэг нь хохиролд тооцох боломжгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна... гэж дүгнэсэн байна /хх-3, 5/.

Дээрх ослоос шалтгаалан нэхэмжлэгч М.М-гийн машинд шинээр гарсан эвдрэл, гэмтэлтэй холбоотой гарсан зардлыг шинээр нэхэмжлээгүй, хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалтай, шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн 2.835.600 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилж нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Д.Б-ын “шийтгэх тогтоолоор гарсан зардалд 1.430.000 төгрөгийг төлсөн, 20 хоног баривчлах ял эдэлсэн, дараа нь магадлалаар гарсан 130.000 төгрөгний зардлыг хохирогч Д.Б-т тус тус төлж барагдуулсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй болно. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдсон хохирол төлбөрийг хариуцагч төлж барагдуулсан байх бөгөөд эрүүгийн журмаар хэрэгсэхгүй болгосон буюу тухайн зардал баримтаар нотлогдоогүй болон Б.Б-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож хэлэлцэхгүй орхисон 2.835.600 төгрөгний зардлыг нэхэмжлэгч иргэний журмаар дахин нэхэмжлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай магадлалд осолд холбогдсон автомашиын улсын дугаарыг ... гэж, хариуцагчийн тайлбарт ... гэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолд ... гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байгааг дурдав.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан нь гэм хор учирсан этгээд өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан тохиолдолд түүний хүлээх үүргийг тодорхойлсон агуулгатай бөгөөд энэ нь гэм хор учруулагчийг хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М-гийн эзэмшил, өмчлөлийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан этгээд болох Б.Б ч гэсэн нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөхөд оролцох үүрэгтэй. Тиймээс тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь өөрт учирсан хохирлоо гэм хор учруулагчаас шаардах боломжтой.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М эвдрэл гэмтэл хохирол учирсан гэх автомашин өөрийнх нь эзэмшил, өмчлөлийнх болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, ямар дугаартай автомашинд эвдрэл гэмтэл учирсан талаар нэхэмжлэлд дурдагдаагүй, хэргийн 42-49 дүгээр хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт гэх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолтой хэргээс хуулбарласан гэх тайлбартай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Маргааны зүйл 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан зам тээврийн ослоос шалтгаалсан автомашинд учирсан гэм хорын хохиролд 2.835.600 төгрөгийг шаардсан шаардлага бөгөөд хариуцагч Д.Б уг хохирлыг дангаар хариуцан төлөх үүрэгтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул М.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч А.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно /хх-53/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-аас гэм хорын хохиролд 2.835.600 /хоёр сая найман зуун гучин таван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулахыг хүссэн М.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ

        ШҮҮГЧИД                                            Ц.ҮЙТҮМЭН

                                                                            Н.ОЮУНБИЛЭГ